Г.Ганзориг: Ханш огцом савлахад валютын нөөц маш хурдтай шавхагдана | News.MN

Г.Ганзориг: Ханш огцом савлахад валютын нөөц маш хурдтай шавхагдана

Г.Ганзориг: Ханш огцом савлахад валютын нөөц маш хурдтай шавхагдана

Г.Ганзориг: Ханш огцом савлахад валютын нөөц маш хурдтай шавхагдана

Сүүлийн 30 жилийн хугацаанд бид эдийн засгийн суурь боломж, дотоод нөөц бололцоогоо муу ашиглаж, эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүй нь валютын ханш урт хугацаанд тасралтгүй өсөх шалтгаан болж байна хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснийг онцолъё. Үнэндээ үе үеийн төр засгийн “бай”-гаа оноогүй харалган, үрэлгэн бодлого эдийн засгийг туйлдуулсаар ирсний горыг өнөөдөр бид хангалттай амсч байна.

Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 10.7 хувиар агшсан нь валютын гол урсгал болох экспорт 40 гаруй хувиар буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал эхний дөрвөн сарын байдлаар 665.4 сая ам.долларын алдагдалтай гарсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэй.

“Найман шарга” валют арилжааны төвд өчигдөр (2020.06.11) ам.долларын ханш 2818-д хүрсэн байв.

Эдийн засагчдын мэдээлснээр, 2004, 2008, 2012 оны сонгуультай жилүүдэд ханш төдийлөн хөдлөөгүй бол 2016 онд бараг 300 орчим төгрөгөөр төгрөг ам.долларын эсрэг суларчээ. Энэ нь тухайн онд Монгол Улс валютын нөөцгүй, гадаад өрийн дефолт болох эрсдэлтэй, түүхий эдийн үнэ унаж, экспортын орлого буурсан, дээр нь төсөв алдагдалтай байсантай холбоотой аж.

Үндэсний валют үнэ цэнэгүй байгаа нь эдийн засаг “сульдсан”-ыг харуулж буй юм. Энэ оны хувьд валютын ханшийг тогтворжуулахын тулд Сангийн яам, Монголбанк гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, валютын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх тал дээр боломжоороо ажиллаж байгаа бөгөөд Төв банк он гарснаас хойш тэрбум гаруй долларыг валютын захад нийлүүлжээ. Валютын ханш урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн бөгөөд он гарснаас хойш гурав орчим хувиар өссөн байна.

Сонгуулийн дараа валютын ханш огцом өснө гэсэн таамгийг зарим эдийн засагчид дэвшүүлсэн. Гэвч өсөх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

ОЛОН УЛС ОРНУУДЫН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ХАНШ 10-30 ХУВИАР СУЛАРЧЭЭ

ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд 2020 онд зэс, нүүрснээс эхлэн манай улсын голлох экспортын барааны үнэ буурах дарамт бага, дэлхийн эдийн засаг 2020 онд 2019 оныг бодвол харьцангуй өндөр өсөлттэй байна гэсэн эерэг төсөөлөл гаргажээ. Ирэх оноос Монгол Улс БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгахын зэрэгцээ бондуудын өр төлбөр төлнө. Своп хэлцлийн хугацаа ирэх сард дуусах юм. Тиймээс ч Төвбанк болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд своп хэлцлийг үргэлжлүүлэх талаар эртнээс ярьж, өмнөд хөршид удаа дараа хүсэлт тавьсан ч одоогоор нааштай хариу өгөөгүй байгаа юм. Хэрэв Хятадын тал энэ чигээрээ хатуурхаж, хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулахыг эдийн засагчид анхааруулж байна.

2021-2024 онд Засгийн газрын “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондууын зөвхөн үндсэн төлбөрт 2.9 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Мөн Хөгжлийн банкны DBM 500, “Самурай” бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, 30 тэрбум иений үндсэн төлбөр хүлээгдэж буй юм.

Валютын ханш нь улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, түүнд суурилсан валютын орох, гарах урсгалаас шалтгаалж тогтож, өөрчлөгддөг. Тиймээс бид валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлэх нь чухлаас гадна төгрөгөө үнэ цэнэтэй байлгахын тулд эдийн засгийн сайн бодлоготой байх хэрэгтэйг эдийн засагчид онцолж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй эдийн засгуудын экспортын орлого унахын зэрэгцээ түүхэн дээд буюу 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30% сулраад байгаа аж.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7% суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байжээ. Төв банк эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбум долларын валютын нөөц хуримтлуулсан нь огцом “шок”-ын энэ үед тус болж байгаа аж.

Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатайг тэрбээр онцолж буй юм. Өнгөрсөн 4, 5 дугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэсэн. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж буй ажээ.


 Ам.долларын ханш цаашид өссөөр байвал эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ гэсэн асуудлаар эдийн засагч шинжээч Г.Ганзоригийн байр суурийг сонирхлоо.

-Долларын ханш өдрөөс өдөрт өсч байна. Үүний учир шалтгаан юу вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын урсгал их хэмжээний алдагдалтай гарсан. Датаг харвал 660 орчим сая ам.долларын гарах урсгалтай гарлаа. Үүнд мэдээж цар тахлын үе нөлөөлж буй. Он гарснаас хойш экспорт огцом буурсан боловч импорт харьцангуй багаар буурлаа. Өнөөдөр зэсийн үнэ л гэхэд 5700 хүрч буурсан байна. Мөн энэ онд хувийн хэвшлээс бондын төлөлтөө хийсэн. Үүний нөлөө бас орж байна. Ийнхүү төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байна.

-Иргэдийн дунд сонгуулийн дараа валютын ханш өсдөг гэсэн хүлээлт бий. Цар тахлын энэ нөхцөлд долларын ханш энэ эрчээрээ өсвөл яах вэ? Сонгуулийн дараа долларын ханш хэд хүрнэ гэсэн төсөөлөл байна вэ?

-Өнгөрсөн гурван удаагийн сонгуулийг харвал яг л тийм нөхцөл байдал үүссэн байдаг. Тэгэхээр ийм хүлээлттэй байх нь зүй. Үүний цаад шалтгаан нь сонгуулийн үеэр мөнгө тараадаг, түүнчлэн эдийн засгийн бодлого хаягддаг гэх мэтийг дурдаж болно. Энэ удаагийн сонгуулиар ч мөн адил эдийн засагтаа анхаарал хандуулахгүй байна. Тийм ч болохоор төлбөрийн тэнцлийн алдагдал өсчихлөө гэж харж байна. Харин энэхүү цар тахлын үед мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэхгүй байгаа нь ам.долларын ханшийг тэнгэрт гаргахгүй байх суурь болж байна. Гэхдээ цаашдаа юу болохыг бид хэлж мэдэхгүй шүү дээ.

-Долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж, тогтворжуулах ямар арга, боломж байна вэ?

-Олон улсад эдийн засгийн хүндрэлтэй үед үндсэн гурван арга хэмжээгээр дэмждэг. 1. Мөнгөний бодлого, 2. Сангийн бодлого, 3. Төлбөрийн тэнцлийн бодлого. Манайх шиг гадаад худалдаанаас хэт хараат улсын хувьд төлбөрийн тэнцэлдээ анхаарах нь уг нь зайлшгүй мэт. Бид дан ганц валютын нөөцдөө найдаад сууж болохгүй. Дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларын нөөцтэй хэмээн зарлаж буй ч ханш огцом савлах үед нөөц маань маш хурдтай шавхагдана. Тэгэхээр суурь шалтгаанууд дээр буюу валютын урсгал дээрээ л бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Үүн дээр мэдээж иргэдийн хүлээлт нөлөөлнө. Тэгэхээр иргэд ашиг хонжоо олох зорилгоор ам.долларын эрэлтийг нэмэгдүүлээд байвал ханш улам л хэцүү байдалд орно. Тэгэхээр иргэн хүнийхээ хувьд бид ч хариуцлагатай байх нь зүйтэй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 66.181.187.147

2016 онд ЗГ ын өр 6,0 тэр ам дол байсан өнгөрсөн 4 жил МАН өрийг 20% бжюу 7,2 тэр болгосон зарим троллууд худлаа балайрах юм,

Avatar

З 2020-06-11 66.181.176.102

Энэ их төлж дийгэхгүй аймшигтай өрийгАрдчиллынхан тодруулбал Алтанхуягийн засгийн үед л тавьж Батүүл Батбаяр мэт нь нилээдийг нь төсвийг гадуур олон дансаар үр дүн муутайхан зүйлд зарцууласан гээ биз дээ Зарим нь гэмт хэргийн шинжгэй тэгээд 4 жил шалгаад төгсгөл нь харагдадгүй

Avatar

зочин 2020-06-11 66.181.161.65

Төмөр зам барьж байна гээд л гадагшаа баахан мөнгө урсаж байгаа шд … Тэнд чинь булчин , шороо хороос бусад нь дан валютын бараа шд .

Avatar

Реформ 2020-06-11 202.131.245.6

МАН хэзээ ч Эдийн засгийн реформ хийж байгаагүй, харин АН хийж чаддаг, одоо реформ хийх цаг болсон.

Avatar

Зочин 2020-06-11 43.242.242.59

Долларын ханшийг өснө гэсэн мессежийг ард түмний тархи толгойд байнга суулгаж өгч байна. Өсгөх сонирхолтой хүмүүс их байна. Хэдэн ченж нар л ханшийг өсгөж чадаж байна даа. Дээрээс нь жаахан улс төр орчих юм. энэ засгийн үед долларийн ханш өслөө гэж ярих юм

Avatar

ЗОЧИН 2020-06-11 66.181.189.136

БААХАН БОНД БОСГООД ОЛИГТОЙ ЮМ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.НЭГ БОНДЫН ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР АВТОМАШИН ИМПОРТОЛСОН БАЙДГИЙН.ЯАГ ТЭР ҮЕД ХУРГАН БАЯЧУУД ТӨРЖ ЛАНД МАШИН ТАЛХ ШИГ ЗАРАГДАЖ БАЙСАН ДА.ОДОО АРД ТҮМЭН Л ЭНЭ АЧААГ НЬ ҮҮРЧ БАЙНА.ӨР ЗЭЭЛЭЭ ГЭЖ

Avatar

Зочин 2020-06-11 202.21.108.36

Наад доллар чинь өөрөө евро, фунт, рубль гээд олон валютын эсрэг хүчтэй унаад байна.

Avatar

Вальютын ченж нар байгаа цагт ханшаа хянан гэж байхгүй 2020-06-11 103.242.47.94

shn s***h ymaa ene ediin zasagch 8 shargaa hynaj chadahgui Mongol bankind ni baahan bank bus sanhuugiin baiguullagiin ezedtei baij lag ym yarih yma ereen yavah gd yuan avah gd ochiod kart unshihhgui ene urd haan banknii ATM bga geed ta yavaad ir gesen yavaad irsen chin 390 bsan yuan 392 bolchihson bh shig 20 minut bson bh yaj bna gj asuusan chin Mongol banknaas medee irsen geh shig bank naraasaa hurdan naasan bank getel 1 honogoor hansh uurchlugduj bdag iim baij bolohgui unendee валюьтын ченж на

Avatar

Иргэн 2020-06-11 49.0.212.182

Хүний ногоон цаасыг шүтэх нь ямар байдаг юм, үүнгүйгээр ажил, амьдрал явагдаж л байсан шиг санагдах юм, эсрэг арга байгаа, үүнийг харахгүй байх ёстой гэж бодоод байх шиг.

Avatar

Иргэн 2020-06-11 103.57.94.118

Ногоон цаасаар юу авч ирээд энэ цаас үнэд ороод байгаа нь их сонин дэлхийн шилдэг техник технологид зарцуулсан уу оймс бандааш мэтэд зарцуулсан уу

Avatar

Зочин 2020-06-11 202.126.88.162

Ийм их өр төлөх юм бол ардчилсан намыг сонгох нь ангал руу үсэрч амиа хорлохтой адил болох биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж