Шүүх: Н.Номтойбаярыг суллахгүй, үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Шүүх: Н.Номтойбаярыг суллахгүй, үргэлжлүүлэн хорино

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн албанаас албан ёсны мэдээллийг танилцуулахдаа "Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урд авсан цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ" гэв.

БАЯРАА "ИРГЭД ХҮЧТЭЙ ШҮҮ" ГЭЖ ХЭЛСНИЙГ БИ ДАХИАД ХЭЛЬЕ

Н.Номтойбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийн талаар өмгөөлөгч Н.Мандах сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Н.МАНДАХ:

-Монгол Улсад цагдан хорих байрнаас нэг хүн сонгуульд оролцож буй ийм жишиг энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх ийм л нөхцөл байдалд хүрч байна. Энэ байдалд сонгогчид нь дүн тавьчих байх аа. Монголын ард түмэн ухаантай шүү дээ. Баяраа сая надад "Иргэд хүчтэй шүү дээ" л гэж надад хэлж байна. Би энийг дахиад хэлье. Иргэд хүчтэй. Ийм учраас надад өөр олон тайлбар хэлэх шаардлагагүй. Шүүх хэргийн бусад оролцогчийн хүсэлтийг их түргэн шуурхай шийддэг. Бидний хүсэлтийг шийдэхгүй, хэлэлцэхгүй орхиж байснаа өнөөдрийн хуралдаан дээр хангахгүй орхиж байна гэсэн. Үндэслэл тодорхой бус байдлаар. Улсын яллагч, хяналтын прокурор, хэргийн бусад оролцогчдоос аливаа байдлаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч захирамжиндаа хүсэлт гаргасан мэтээр биччихсэн. Энэ нь хуралдааныхаа тэмдэглэлтэй зөрчилддөг. Ийм л нөхцөл байдалд байсан. Өнөөдөр манай шүүхэд ийм л нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Нийгэмд нэг зүйл дээр буруу ойлголт яваад байх шиг байна. Өнөөдөр Нямтайширын Номтойбаяр гэдэг хүний УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзсэн боловч УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа. Цаг хугацааны хувьд ч тэр, УИХ-ын тодорхой шийдвэрүүдээр ч тэр чөлөөлөгдөөгүй хүн юм шүү гэдэг залруулгыг нэгдүгээрт хэлж өгье. Хоёрдугаарт, хэргийн оролцогч нар, ялангуяа Номтойбаярын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ үндэслэлтэй байдлаар шийдвэрлэх ёстой шүү дээ. Хүсэлт гаргаж байгаа этгээддээ. Тэр үндэслэл тодорхой бус байна гэж хэлээд байгаа юм.

Шүүх үндэслэлээ хэлж өгдөггүй, бичигддэггүй ийм л нөхцөл байдал үүсч байна. Энд хуулийн гажуудал гэхээс илүүтэй хуулийн хийдлийн тухай асуудал яригдах байх. Гэхдээ анхан шатны шүүх дээр хууль тайлбарлах эрх олгогдоогүй юм. Хуулиар Улсын дээд шүүх албан ёсны тайлбар хийнэ. Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор албан ёсны тайлбар гараагүй байхад шүүгч хуулийг өөрөө дур мэдэн тайлбарлаж буй нөхцөл байдал үүсч байна. Энэ бол хуульч нарын хувьд маш том хууль бус үндлэслэл гэж хэлэхээс өөр арга байхгүй.

Хэрвээ зургадугаар сарын 24-ний өдөр Номтойбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд шүүх түүнийг хорих эсэх асуудлыг шийдэх байх. Энд мэдээж шүүх хуралдааны явцад шийдэгдэх процедурын шинжтэй нөхцөл байдал үүсэх учраас тэрийг таамаглах байдлаар хэлж болохгүй байна.

Одоогийн байдлаар Улсын дээд шүүхээс өмгөөлөгч нарын хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй байна. Хариугаа гардаж аваад энэ талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Н.Номтойбаярын хувьд тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоригдож байна.

Цагдан хоригдох хугацаанд өмгөөлөгч нарт үйлчлүүлэгчтэйгээ уулзах асуудал дээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Надад нэг итгэл үнэмшил төрж байна. Яагаад гэвэл би өөрөө энэ хэргийн оролцогч. Сонгууль дуустал гаргахгүй юм байна. Энийг би шулуухан хэлчихье. Хэрвээ зургадугаар сарын 17-нд шүүх хурал хойшилвол сонгууль дуустал гаргахгүй юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой, хуульд заасан үндэслэлээ бариач ээ гэж хэлмээр байна.

Шүүхийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах талаар хандах юм болов уу гэж харсан. Гэтэл зөвшөөрөл аваагүй, нэр дэвшигчийн бүрэн эрхтэй холбоотой баримтуудыг ирүүлээч ээ гэсэн хүсэлт явуулсан байна лээ. Энэ дагуу СЕХ-ноос зургадугаар сарын 8-ны өдөр албан бичиг ирүүлсэн байсан. Энд хорих арга хэмжээтэй холбоотой зөвшөөрлийн асуудал яригдаагүй байгаа биз. Та бүхнийг үүнийг анхаарч үзээрэй гэж хүсч байна.

Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14.20

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Шүүх танхимд Н.Номтойбаярын өмгөөлөгч нар хүрэлцэн иржээ. Тэрбээр "Сэтгүүлчид сууж болно биз дээ" хэмээн асуухад өмгөөлөгч нь "Нээлттэй явагдана" гэсэн хариулт хэллээ. Хуралдааныг нээлттэй зохион байгуулах байсан ч шүүгч дөнгөж сая шүүх хуралдааныг хэвлэл мэдээлэлд хаалттай зохион байгуулах шийдвэр гаргав.

 


"Н.НОМТОЙБАЯРЫГ ЯДАЖ СОНГУУЛЬД ХЭВИЙН ОРОЛЦОХ БОЛОЛЦООГООР НЬ ХАНГАЧИХ"

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

 Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.МАНДАХ:

-Өнөөдөр Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 14.00 цагт зарлагдсан. Номтойбаяр болон өмгөөлөгч нар нь өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээд байж байна. Шүүхээс Н.номтойбаярт мөрдөгчийг дарамталсан гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөгчтэй утсаар ярилцсан энэ үйл байдал өөрөө мөрдөгчийг дарамталсан гэсэн нотлох баримт болдоггүй. Ийм учраас шүүхийн шийдвэр эргэлзээтэй, үндэслэлтэй бус байдлаар гарсан гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, өнөөдөр Н.Номтойбаяр гэдэг хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, мөн зургадугаар сарын 2-нд Н.Номтойбаярт гардуулсан нэр дэвшигчийн үнэмлэхээр тогтоогдож байгаа юм. Эндээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ын 1-д заасан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр тухайн нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг нь хязгаарлахгүй зохицуулалтад хамаарч буй учраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх байх гэж шүүхэд найдаж байна.

Нэгд, Н.Номтойбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй байсан. Хоёрт, Монгол Улсын Үндсэн хуульд, ялангуяа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 13 дугаар хэсэгт хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тодорхой зохицуулсан зохицуулалт бий. Түүнд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Хууль бусаар хэний ч эрх чөлөөг хязгаарлахыг хориглосон зохицуулалттай. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүгч харгалзаж үзэх байх.

Шүүх хурал хэрхэн үргэлжилж, өрнөх нь шүүх хурлын танхимд л шийдэгдэнэ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 11 хоногийн хугацаа өнгөрч байна. Өмгөөлөгчдийн хувьд удаа дараа хүсэлт өгсөн ч хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хүлээгдэж байна. Бид дахиад хүсэлтээ тавина. Магадгүй сурталчилгааны 50 хувь нь болчихож байна. Гэтэл нэг нэр дэвшигч маань 461-р хорих анги буюу хаалттай хориход хоригдож байдаг, нөгөө нэр дэвшигчид сурталчилгаагаа хэвийн явуулж байна. Сонгуульд ийм байдлаар оролцож болдог юм уу? Манай улс чинь ардчилсан орон биз дээ. Үнэхээр ардчилсан бус орон юм бол тэрийгээ хэлчихвэл бидэнд энд зогсоод ярилцаад байх шаардлага байхгүй. Ядаж энэ хүнийг сонгуульд хэвийн оролцох нөхцөл бололцоогоор нь хангачих л даа. Хан-Уул дүүргийн нийт сонгогчдын эрх ашиг энэ дээр яригдана. Тэдгээр сонгогчдод нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөх бололцоог нь бүрдүүлээд өгөөч ээ л гэж хүсч байна.

Н.Номтойбаярын шүүх хурлын гадаа түүнийг суллахыг шаардсан жагсаал болж байна.


Н.НОМТОЙБАЯР НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХРААЛЫН ТӨВД БАЙНА

НЭМЭЛТ: 11:15 ЦАГ 

Дээд шүүхийн гадаа хуульчид хууль бусаар цагдан хоригдсон, нэр дэвшигч Н.Номтойбаярын асуудлаар мэдээлэл хийж байна.

Олон улсын эрх зүйч Ц.АРИЛДИЙПҮРЭВ:

-Шоронгоос нэр дэвшээд гарч ирсэн хүмүүс байдаг. Тухайлбал, Нельсон Мандела байна. Н.Номтойбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал Олон улсын байгууллагуудын анхаарлын төвд байна. Монгол Улс Олон Улсын өмнө хүлээсэн гэрээ, конвенцүүдийг зөрчиж байна уу, үгүй юү гэдгийг тэд хараад сууж байна. Шүүгчдээс нэгд, битгий хэн нэгний гар хөл болооч ээ. Та бүхэн ардчиллын гол амин сүнс шүү дээ. Эцсийн дүгнэлтийг та нар хийдэг. Та нар худалдагдаад ирэхээр ард түмэн юунд найдаж, итгэхээ мэдэхгүй байна. Шударгаар шүүж өгөөч. Сонгууль эхэлсэн байна. Нэг гараан дээрээс сонгогдох эрхийг нь олгооч.

АРДЧИЛЛЫН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА НЭР ДЭВШИГЧ ХОРИГДСОН БАЙХДАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

УИХ-ын гишүүн А.УНДРАА:

-Монгол Улсад УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд хэд хонож байна. Нийт 606 нэр дэвшигч, маш олон нам эвсэл, бие даагч өрсөлдөж байна. Энэ сонгуулийн хувьд түүхэн өөр үйл явдал болж байгаа нь Ардчиллын 30 жилийн түүхэнд анх удаа нэр дэвшигч хоригдсон байхдаа өрсөлдөж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр.

Хүний сонгох, сонгогдох, үг хэлэх эрхийн талаас хэдэн үг хэлье. Хүний эрх, сонгох, сонгогдох, үг хэлэх эрхийн талаас хэдэн үг хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсад хэдийгээр ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээл Үндсэн хуулиар тунхаглагдаж, Монголын ард түмэн бүгдээрээс энэ систмийг сонгоод 30 жил болж байгаа ч гэлээ Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх Монголд хэрэгжихгүй, эргэлзээтэй байгаагийн нэг нотолгоо нь Сонгуулийн хууль зөрчин, Н.Номтойбаярыг хорьсон байгаа явдал. Энэ бол ганцхан Номтойбаяр гэдэг хувь хүний асуудал биш юм. Ард түмний сонголтыг хамгаалахын тулд нэр дэвшигчийн эрхийг хамгаалдаг. Үндсэн хуулиа мөрдөж, зөв шийдвэр гарна гэж найдаж байна.

ДЭЭД ШҮҮХ Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11:00 ЦАГ

Улсын дээд шүүх яг одоо УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцэж байна. Түүний өмгөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг процессын алдаа гаргасан хэмээн үзжээ. Н.Номтойбаярын өмгөөлөгч Улсын дээд шүүхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Өмгөөлөгч нь энэ талаар хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрээ эргэн хараач, хууль дээдлэх зарчим, шударга байх ёс, хэн нэгний нөлөөнд үл автах гэсэн хуулийн заалтуудыг зөрчөөд байгаа учраас хуулийг хэрэгжүүлье хэмээн гомдол гаргасан” гэв. Мөн Н.Номтойбаярын өмгөөлөгч нар нэр дэвшигчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа байхгүй байгаа учраас нөхцөл байдалд олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа аж.

Б.ЖАРГАЛ


Н.НОМТОЙБАЯРЫГ ӨНӨӨДӨР НЭЭЛТТЭЙ ШҮҮНЭ

УИХ-ын сонгуулийн 29–р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр /2020.06.11/ 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан юм.  

Цагдан хорих болсон шалтгаан нь мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл  шүүхээс түүнийг шүүх хурлын товоо наашлуулж олон нийтэд нээлттэй хийхээр болсон нь энэ юм.

Энэ хооронд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр батламжилж, үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны ажлыг нь явуулж байна.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх  үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

Тэрбээр тавдугаар сарын 28-ны өдөр  шүүхээс хорих шийдвэр сонссоны дараа  өөрийн цахим хуудаснаа “Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл” хэмээн бичсэн байдаг.

 СОНГУУЛЬД Н.НОМТОЙБАЯРЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД СЭДСЭН БАШИР АРГА

Удалгүй түүний өмгөөлөгч албан ёсны мэдээлэл хийхдээ “Тавдугаар сарын 22-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах СЕХ-ны тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж өмгөөлөгчдийн зүгээс харж байна. Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ нь зохион байгуулалттайгаар УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярыг өрсөлдүүлэхгүйн тулд сэдсэн башир арга” хэмээн мэдэгдсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж