"Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсдэг"

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

"Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсдэг"

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор 2020 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга, 2020 оны Дюссельдорфын Их дуулгад хүрэл медаль хүртсэн Бишрэлтийн Хорлоодойг онцолж байна. Тэр бол Монголын жүдогийн спортод шинээр хүч түрэн орж ирж буй шинэ залуу тамирчдын тод жишээ. Түүнд Токио-2020 зуны XXXII олимпийн наадамд оролцох бүрэн боломж бий.

Хүүхэд насандаа хөнгөн атлетик болон морин спортоор хичээллэж их спорттой холбогдсон түүний ярилцлагыг хүргэе.


Бишрэлт  Хорлоодой 1998.05.29

Төгссөн сургууль:

Өвөрхангай аймгийн хоёрдугаар арван жил

Мэргэжил:

Оюутан

Одоо эрхэлж буй ажил:

Хилчин спорт хороо болон Монголын жүдогийн шигшээ багийн тамирчин

Сошиал:

Bishrelt Khorloodoi /Facebook/  bishrelt_khorloodoi /Instagram/

Хүүхэд насныхаа талаар яриач. Хаана, хэрхэн өнгөрөөсөн бэ?

– Хүүхэд насаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд л өнгөрөөсөн дөө. Аав маань хурдан морь уяадаг байсан болохоор гурван настайгаасаа л морь унаж сураад таван настайдаа хурдны морь унаж сурч байлаа. Тавдугаар анги хүртлээ хурдан морь унаж байгаад долдугаар ангид ордог жилээ жүдо бөхийн спорт эргэлт буцалтгүй орсон. Тэрнээс өмнө нь хөнгөн атлетикийн спортоор хэсэг хичээллэж байжээ. Аавын санаагаар бол хурдтай болгох гэж л хөнгөн атлетикаар суурийг минь тавиад дараа нь жүдо руу оруулсан.

Жүдо бөхийн спортод хөл тавихад нь анх дааж авсан багш нь хэн бэ?

-Анхны багш минь болох Баяртогтохын Очир гэж хүн бий. Бага байхаас минь л жүдогоор хичээллүүлнэ гэж араас минь их хөөцөлддөг байж билээ. Одоо ч Арвайхээр сумандаа жүдогийн дугуйлангаа хичээллүүлж байгаа. Тэр хүний ачаар л жүдогийн спортод хөл тавьсан юм даа.

Анхны гаргасан амжилт?

– Хамгийн анх Тэмүжин кап гэж өсвөрийн тэмцээнд оролцоод -36 килограммын жинд хүрэл медаль хүртэж байлаа. Жүдогийн спортоор хичээллээд ердөө 14 хоног өнгөрч байсан юм. Тэр л миний анхны гаргасан амжилт.

Бэлтгэлээс гадна чөлөөт цаг гардаг л байлгүй. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

– Ерөнхийдөө бэлтгэлгүй үедээ түүхэн ном унших дуртай. Одоогоор “Харгис зуун” гэх нэртэй түүхэн роман эхлүүлчээд л байж байна.

Гэр бүлээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?

– Манайх ам бүл тавуулаа. Аав ээж, хоёр дүү минь бий. Одоохондоо л хотод гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа. Аав ээж, дүү нар минь Арвайхээр сумандаа аж төрдөг. Саяхан л шинэ дүүтэй болоод манайх ам бүл тавуулаа болж байгаа юм. Аавыг минь Цэрэндашийн Бишрэл, ээжийг минь Сангиадоржийн Цэдэндолгор, том дүүг Б.Хүлэгч, бага дүүг Б.Хотулун гэдэг. Бага дүүгийнхээ нэрийг би өгсөн юм л даа.(инээв)

Ойрын төлөвлөгөө юу вэ. Цар тахлаас шалтгаалан тэмцээн уралдаанууд ч хойшилж байна.

– Ойрын төлөвлөгөө гэвэл тэмцээнгүй байгаа энэ боломжийг ашиглаад бэлтгэлээ маш шаргуу хийн, өөрийнхөө дутуу, алдаа гаргадаг зүйлүүд дээрээ илүү сайн ажиллах зорилго тавьсан. Манай багийн бэлтгэжилт ч маш сайн байгаа. Зарим өдөр нэг бэлтгэл хийсэн ч тэр нь маш эрчимтэй, чанартай бэлтгэл болж чадаж байна.

Амьдралын тань хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?

– Тамирчин хүн бүр хүссэн мөрөөддөг олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй л дээ. Монголд эмэгтэй олимпийн аварга төрөөгүй учир би Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсч байна. Олимпийн наадамд бол медаль авах гэсэн ганц л зорилготой очно. Өөртөө 100 хувь итгэлтэй байж л алтан медалийн эзэн болно шүү дээ.

Ер нь татами дээрх хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн байв?

– Жүдогийн спорт дэлхий даяар маш хурдацтай, өндөр хөгжиж байна. Тэгэхээр миний учраа таарч байсан бүхий л өрсөлдөгчид маань хүчтэй байсан. Бүгд л өөр өөрийн гэсэн арга барил, сэтгэлзүйтэй.

Сэтгэлд тодхон үлдсэн мартагдашгүй барилдаан байдаг биз?

– Би ер нь бүх барилдаанаа аягүй сайн санадаг шүү. Тэр барилдаан дээр тийм мэх хийж байсан, тэр барилдаан дээр тэгэж алдаа гаргаж байсан гээд л бүгдийг нь тодхон, сайн санаж явдаг. Харин алдаагаа сайн ухаарсан барилдаан гэвэл хоёр жилийн өмнө нь жин их хасч барилдсан барилдаан байна. Жинтэйгээ ноцолдсоор байгаад аягүй муу барилдсан.

Үлгэр дуурайлал авдаг тамирчин байдаг л байлгүй. Та хэнээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

– Байлгүй яахав. Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчээсээ амьдрал дээр хувь хүн талаас нь, жүдогийн спортод тамирчин талаас нь үргэлж үлгэр дуурайлал авч, суралцаж байдаг.

Монголынхоо залууст хандаж юу гэж хэлмээр байна?

– Манай монголын залуус аягүй хурдтай хөгжиж, соёлтой ч болж байна. Залуустаа хандаж хэлэхэд нэг зүйлдээ тууштай, шаргуу байж эцсийг нь үзээрэй гэж хэлмээр байна. Аливаад шантралгүй тууштай хичээж зүтгэсэн хүнд л амжилт ирдэг юм шүү.

За ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж