Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

“NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа одоогоор АНУ-д гэлтгүй дэлхий даяар үзэн ядагдаж буй цагдаагийн оффицер асан Дерек Шовиныг онцолж байна. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр Миннеполис хотод Жорж Флойд хэмээх хар арьст залуугийн хүзүүн дээр найман минут орчим өвдөглөн сууж, нас барах гол шалтгааных эзэн нь болсон юм.


БАГА НАС

Дерек Майкл Шовин нь 1976 онд Миннеполис хотод төрсөн бөгөөд түүний эцэг эх болох Кэролин Рунж, Роберт Майкл Шовин нар нь энгийн ажилчин хүмүүс байжээ. Ахлах сургуулиа төгссөж чадаагүй ч эцэст нь ерөнхий боловсролын гэрчилгээгээ Дерек Шовин авч чаджээ. Тэрбээр их сургууль, коллежид элсэн оролгүй хоол хийхийг сурч МакДоналдс сүлжээ түргэн хоолны газарт тогоочоор ажиллаж,  давхар хамгаалагч хийж эхэлсэн байна.

ЖОРЖ ФЛОЙД, ДЕРЕК ШОВИН НАРЫН НУУЦЛАГ ХОЛБОО

Хоёр давхар ажил хийдэг Дерек Шовин өдрийн цагаар Макдоналдсын гал тогоонд, оройн цагаар Эль Нуево Родео хэмээх шөнийн клубд хамгаалагчаар ажилладаг байсан тухай тус клубын эзэн асан Маяа Сантамариа ярьжээ. Түүний хэлсэн бас нэгэн анхаарал татахуйц зүйл нь амиа алдсан Жорж Флойд болон түүний хөнөөсөн Дерек Шовин нар хамтдаа ажиллаж байсан гэнэ. Жорж Флойд хааяа Мягмар гаригуудад нэмэлт хамгаалагчаар гардаг байсан бол Дерек Шовин ажлын бус цагаараа бараг 17 жил тус клубд хамгаалагчаар ажиллажээ.

Тэдний тухай Маяа Сантамариа ярихдаа “Тэднийг бие биенээ мэддэг байсан гэж би бодохгүй байна. Орой бүр л манай клуб ажилладаг болохоор тэдний хамгаалалтанд гардаг цагууд зөрдөг байсан биз. Би тэрхүү аймшигт бичлэгийг үзээд миний хоёр ажилтны нэг нь зам дээр нөгөө нь түүнийг дараад сууж байгааг хараад үнэндээ итгээгүй. Би утас руугаа ‘Шовин түүнээс бос’ гэж орилоод л байсан. Үнэхээр аймшигтай. Шовиныг мэддэг хүний хувиар хэлэхэд түүнийг амь, агаар гуйж байгаа хүнд тэгэж хандахыг хараад итгэж чадахгүй байсан” хэмээн ярьжээ.

ЦАГДАА БОЛСОН НЬ

МакДоналдсын гал тогоонд бургер хийхээс уйдсан Дерек Шовин 1990-ээд оны эхээр цагдаагийн академийн бэлтгэл курст элсэн орж 1996-2000 онуудын хооронд цэргийн цагдаагийн албыг хашиж, Рочестер, Миннесота болон Германы Хохенфелс хотуудад үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Харин 2001 онд 25 насандаа төрөлх Миннеполис хотдоо эргэн ирж, орон нутгийн цагдаагийн албандаа 19 жилийн турш тэр нэгэн өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм.

Миннесота мужийн их сургуулиас түүнийг 2006 онд хууль сахиулах чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөнийг баталсан

ГАВЬЯА ШАГНАЛ БОЛОН ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛИЙН ЭЗЭН

19 жил цагдаагийн албанд зүтгэхдээ Дерек Шовин гавьяа шагнал болон гомдол нэхэмжлэлийг хангалттай авсан аж. Түүний эсрэг нийт 18 гомдол Миннеполис хотын цагдаагийн газрын дотоод хэргийн тасагт ирж байсан боловч энэхүү гомдлуудынх нь ердөө хоёр дээр нь хариуцлага тооцон хаажээ. Харин үлдсэн 16 гомдол, нэхэмжлэлийг үл хэрэгсэн ямар нэгэн шийтгэл, хариуцлага тооцолгүй хаасан гэнэ.

Дерек Шовин цагдаагийн албанд хүчин зүтгэхдээ хоёр удаа одонгоор шагнуулсан байна. 2006 онд тэрбээр Уэйн Рейес хэмээх эмийн сангийн үүдэнд хоёр хүн хутгалсан хэрэгтэнг таван цагдаагийн оффицерийн хамт буудан хороосныхоо төлөө "Эр зоригийн одон"-оор шагнагджээ. Угтаа Уэйн Рейес тухайн үедээ цагдаагийн газарт өөрийн хийсэн хэргээ утсаар мэдүүлж байсан аж. Гэвч хэргийн газар байсан цагдаа нарын мэдүүлснээр Уэйн Рейесийг буу гаргасан тул аргагүйн эрхэнд 23 удаа буудан хороосон байна. Уэйн Рейесийн охин Леанне Дерек Шовины талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийг ямар аймшигтай хүн бэ гэдгийг мэднэ. Миний тухайн үед мэдэрч байсан уйтгар гунигийг тэр дахин мэдрүүллээ” гэжээ.

Үүнээс гадна түүнийг 2008 он болон 2013 онуудад гэр бүлийн хүчирхийллийн дуудлаганд явахдаа сайн ажилласан гэж хохирогч эмэгтэйчүүдээс сайшаал хүртсэн мөн шөнийн клубын хамгаалагчаар ажиллаж байхдаа зэвсэгтэй этгээдийг аюулгүй болгосон зэрэг үндэслэлээр "Сайшаалын одон"-оор шагнаж байжээ.

ЦАГААЧ МИСС БҮСГҮЙТЭЙ УЧРАВ

Яхир хатуу юм шиг харагддаг Дерек Шовины амьдралд нэгэн бүсгүй гэрэл гэгээ авчрав. Тэр бол Лаос улсаас дүрвэж АНУ-д шилжин суурьшсан цагаач бүсгүй Келлие Шовин. Түүнийг Миннеполис хотын Хеннепин гэх мужийн төв эмнэлэгт рентгений эмчээр ажиллаж байхад Дерек хэрэгт холбогдсон сэжигтнийхээ биеийг үзүүлэх гэж ирээд танилцжээ. Хосууд 2010 оны зургадугаар сарын 12-ны өдөр Вашингтон мужид хуримаа хийж, 2011 онд Флорида мужийн Уиндмер хэмээх газар 226 мянган ам.долларын үнэ бүхий гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй амины орон сууц худалдан авчээ.

Келлие Шовины жинхэнэ нэр нь Келлие Шион бөгөөд Деректэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авсан аж

Келлие Шовин 2018 оны Миннесота мужийн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж тус мужийн гоо бүсгүйн тэмцээний түүхэнд цагаач бүсгүй миссийн титмийг зүүсэн анхны тохиолдол болов. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 онд тэрбээр Лас Вегас хотод зохион байгуулагдсан үндэсний гоо бүсгүйн тэмцээнд мужаа төлөөлж оролцсон гэнэ.

Одоо Келлие Шовин орон нутагтаа үл хөдлөх хөрөнгийн зуучаар ажиллаж байна. Мөн тэрбээр Дерекээс өмнө нь 18 насандаа нэг залуутай гэрлэн хоёр хүүхэд төрүүлжээ. Гэвч Деректэй гэрлэсэн ч хосууд хүүхэдтэй болоогүй аж. Саяхан Келлиегийн өмгөөлөгчид мэдэгдэл гарган түүнийг нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж, овгоо өөрчлөх өргөдөл өгч буйг зарласан юм.

2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25-НИЙ ӨДӨР

Дерек Шовин өөрийн хамтрагчид болох То Тао, Александр Куэн, Томас К. Лэйн нарын хамтаар 911 дугаарт ирсэн хуурамч мөнгөөр гүйлгээ хийлээ гэх дуудлагын дагуу хэргийн газар очсон. Тэд хэргийн газарт очсон даруйдаа Жорж Флойд хэмээх хар арьст залууг сэжигтэн гэж авч үзсэн. Үүнээс цаашхи үйл явдал нь эдгээр өдрүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхийг хамарсан хөдөлгөөний эхлэл болжээ.

Дерек Шовин одоо бол дэлхий дээр хамгийн их үзэн ядагдсан, үзэсгэлэнт эхнэргүй, ажилгүй, хүрээлэлгүй болсон 44 настай хөгшин эр. Мөн түүнийг Миннеполис хотын шүүх гуравдугаар зэргийн аллага, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг санамсаргүйгээр хөнөөсөн хэргээр яллаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр сайн өмгөөлөгч, хуульчдын хүчинд Дерек Шовин 1.25 сая ам.доллараар батлан даалтанд гарч магадгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж