Японы чөлөөт сэтгүүлч Жампей Ясуда Сирид барьцаалагдсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас мэдээлж Токиог арга хэмжээ авахыг уриалжээ. Жампей Ясуда өнгөрсөн зун Сирид сураггүй болсон аж.
Францад төвтэй олон улсын байгууллагаас мэдээлснээр Жампей Ясудаг барьцаалагчид барьцаа төлөхгүй бол түүнийг хөнөөх эсвэл өөр зэвсэгт бүлэглэлд зарахаар сүрдүүлж байгаа гэнэ. Энэ талаар Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өглөө болгон сэтгүүлчдэд хийдэг мэдээлэлдээ “Япон улс боломжтой бүхнийг хийж байгаа гэжээ”.
Өмнө нь Японы өөр нэг чөлөөт сэтгүүлч Кенжи Гото Сирид ажиллаж байхдаа “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдаж, өнгөрсөн нэгдүгээр сард харгисаар цаазлуулсан билээ. Японы засгийн газар хэт даврагчдыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын зөвлөмжийн дагуу барьцаа төлөөгүй юм. Японы засгийн газар Кенжи Готог суллуулахын тулд Йорданы засгийн газартай хамтарч ажиллаж байсан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS