Улсын онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.ЭНХТҮВШИН:
-УОК-ын хурлаар нэгдүгээрт коронавирусийн халдварын нөхцөл байдал, гадаадаас ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл ажил ямар байгаа талаар мэдээлэл сонслоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ халдвартай 194 хүн хүлээж авч, 89 хүнийг эмчилжээ. Халдварын тохиолдол есөн улсаас зөөвөрлөгдөн орж ирснээс 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Эм тариа хамгаалах хэрэгслийн хувьд ХӨСҮТ 30 хувийн нөөцтэй байна. Харин N95 амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг УОК-оос өглөө. Хоёрдугаарт Гашуун сухайтын боомтоор өдөрт 570 машин нүүрс гаргаж байна.Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ажиллахаар болсон.УОК өнгөрсөн хугацаанд хот хооронд болон улс хоорондын ачаа тээврийг огт хязгаарлаагүй. Экспортод гаргах ажил хэвийн үргэлжилж байгаа.
Гуравдугаарт бизнесээ бүх талаар дэмжихгүй бол эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд ороход ойрхон байна. 6-7 сард ААН-үүдэд давхардсан тоогоор хийгдээд байгаа төрийн байгууллагуудын шалгалтуудыг зогсоох шийдвэр гаргалаа. Нэг компани дээр гэхэд гурван газраас шалгалт очсон байна. Энэ бол хүнд суртал. Бизнесийг хааж байгаа асуудал. Дөрөвдүгээрт маргааш Энэтхэг рүү нисч ламхай нарыг авчирна. Зургадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдийг зургадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна.
Зургадугаар сарын 21-нд АНУ-руу нислэг хийнэ. Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар болон газраар 63 мянган иргэнээ татан авсан” гэв.
СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕД ЖУРАМ ЗӨРЧСӨН ГЭХ 462 ГОМДОЛ ИРЖЭЭ
УОК-оос сонгуулийн явцад коронавирусийн халдвараас сэргийлэх түр журмыг батлан гаргасан. Хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл заагаагүй. Гэтэл журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л журам зөрчигдөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 462 иргэнээс ”Хүн хоорондын зай барихгүй байна”, Иргэд болон нэр дэвшигчид амны хаалтаа зүүхгүй байна” гэх гомдол, шаардлага ирсэн. Түр журамд зааснаар цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалт хурал зохион байгуулах байр танхимыг урьдчилан цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийх, хүн хоорондын зай 1.5 метр байхыг зааж өгсөн. Энэ бол хэрэгжүүлж чадахааргүй хүнд асуудал биш. Тиймээс энэ журмаа биелүүлэхийг сануулж байна.
Хүмүүс сонгууль гээд коронавирусийн халдварын аюулыг мартсан байна. Дотоодоо халдвар алдвал аюул болно шүү.
УИХ-ын ээлжит сонгуулийн ажил зохион байгуулагдах энэ үед батлагдсан дүрэм журмыг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Иргэд заавал нэр дэвшигчидтэй гар барих шаардлагагүй. Цаашдаа дүрэм журам зөрчсөн хүмүүс болон нэр дэвшигчдэд сануулаад өнгөрөхгүй. Хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.
"ОРОН СУУЦАНД ОРОХ ЭРХ АВСАН АЛБАН ХААГЧИД УДАХГҮЙ БАЙРАА СОНГОНО"
Цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах талаар хэлэлцсэн. ХӨСҮТ-ийн арван эмч, ажилтанд орон сууцны батламж гардуулж өгсөн. Зургадугаар сарын 20-оос өмнө ямар компани аль орон сууцаа санал болгохыг Нийслэлийн орон сууцын корпорацаас /НОСК/ зарлаад орон сууцаа хөтөлбөрт хамруулъя гэсэн компаниуд захиалгаа өгнө.Үүнд дараах шаардлагуудыг тавьж байгаа.
Нэгдүгээрт, 100 хувь дууссан орон сууц байх ёстой. Хоёрдугаарт, чанарын шаардлага бүрэн хангасан орон сууцыг авна. Гуравдугаарт, харьцангуй нэг квадрат метрийнх нь үнэ бага орон сууцыг хамруулна. Дөрөвдүгээрт, өмнө нь гарч байсан алдааг давтахгүй.
Өмнө нь орон сууцжуулах ажлыг хийж байхад өөрийнх нь танил талын компанийн орон сууцыг чанараас нь үл харгалзан төрийн мөнгөөр худалдаж аваад тэрийгээ иргэдэд шууд тулгаж өгч байсан. Тиймээс одоогоос орон сууцанд орох эрхийг авсан иргэд орон сууцын үзэсгэлэнг гарсны дараа байраа сонгоно. Сонголтоо хийснийхээ дараа НОСК-тай гэрээ байгуулна. Урьдчилгаа төлбөрийн асуудал дээр их уян хатан хандаж байгаа. Тухайн хүн урьдчилгаа төлбөр төлөх үнэхээр чадамжгүй сар бүр бага багаар төлөөв явъя гэвэл үүнийг нь зөвшөөрнө. –Хамгийн гол урд нь орон сууц аваагүй хүн байх ёстой. Давхардуулж олгохгүй. Энэ ажлыг 6-7 сардаа багтаад дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжид 1300-1500 айлыг орон сууцаар хангах боломжтой” гэв.
"НААДМАА НИЙТИЙГ ХАМРАХГҮЙГЭЭР ТЕХНИКИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН ЦОМХОН ХИЙНЭ"
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Зургадугаар сарын 21-нд АНУ-руу хийх нислэгийн тухайд дэлгэрүүлж яривал?
-Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна.
-Төрийн албан хаагчдыг орон сууцжуулахдаа урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэсэн. Яг хэдээс хэдэн төгрөгийн хооронд байх вэ. Мөнгөн дүн нь тодорхой болсон уу?
–Урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй байна гэх юм бол сар, сардаа бага хэмжээгээр төлөөд явна гээд тохиролцчих юм бол заавал урьдчилгаа төлбөр шаардахгүй.Зарим иргэд урьдчилгаа арван хувийн төлбөрөө төлөөд сард төлөх хэмжээгээ багасгамаар байна гэж байна. Төлбөрийн хувьд уян хатан хандана гэдэг нь ийм учиртай. Ер нь хэдэн метр квадрат орон сууц сонгох нь өрхийн орлогоос хамаарна.
–Квотыг нь хэрхэн тогтоосон бэ?
-Урьдчилсан байдлаар тогтоосон. Гэхдээ зарлах арай эрт байна. Квотын ихэнх нь эрүүл мэндийн салбарынхан байгаа.
– Энэ жил Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь дотооддоо халдвар алдахаас сэргийлэх нэг арга гэж хүмүүс ярьж байна л даа. Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
–Иргэдийн зүгээс наадам хийгээд яадаг юм гэх хандлага гаргаж байгаа. Гэтэл хөдөө орон нутгаас Үндэсний баяр наадмаа хийхгүй юм биш биз дээ гэсэн шаардлага хүсэлтүүд их хэмжээгээр ирж байгаа. Ер нь өнгөрсөн 99 жилийн түүхэнд Монгол Улс Үндэсний баяр наадмаа хийхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаанд олон хүний амь нас үрэгдэж байхад наадмаа хийж л байсан. 1941, 1945 оны эх орны дайн, 1932 онд лам нарын бослогын үед Үндэсний баяр наадмаа тэмдэглэж л байсан. Тиймээс дотооддоо халдвар алдаагүй тохиолдолд сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэснийхээ баяр наадмыг хийх нь зүйтэй. Гэхдээ хийхдээ өмнөх шигээ нийтийг хамрахгүйгээр техникийн дэвшилтэт технологийг ашиглан цомхон байдлаар зохион байгуулна.
-Энэ сард 2,300 гаруй иргэнээ татаж авна гэж байна. Ирэх долдугаар сард хэдэн хүн авах вэ?
Энэ удаагийнхаас дутуугүй татаж авна. Яагаад гэвэл гаднын улс орнуудаас ирэх хүсэлтэй монгол иргэдийг татаж авах тусам тоо нь нэмэгдэж байгаа. Монголд тайван байгаа учраас эх орондоо ирэх хүсэлт их ирж байна.
-Гадаадын их, дээд сургуульд сургах Засгийн газрын тэтгэлгийг зогсоох уу?
– Улсын тэтгэлгийг зогсооно гэдэг асуудал байхгүй, үргэлжлээд явж байгаа. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр шилжүүлэх ёстой 600 сая төгрөгийг шилжүүлээд дуусаж байна гэсэн.
Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Wednesday, June 10, 2020
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,
3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна. Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.
Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.
Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА
Улсын Онцгой комисс өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Covid-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал
- Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл
- Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ