Байр суурь: Залуучууд сонгууль өгөхөд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Байр суурь: Залуучууд сонгууль өгөхөд бэлэн үү?

Байр суурь: Залуучууд сонгууль өгөхөд бэлэн үү?

УИХ-д нэр дэвшигчид тодорч, сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ үед улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгогчид, тэдний идэвхтэй оролцооны талаар анхаарлаа төдийлөн хандуулахгүй байна. Ялангуяа сонгуулийн ирц бүрдэх, сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох талаар уриалга гаргаж байгаа нь тун цөөхөн харагдана.  Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэсэн үг.  Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

18-25 хүртэлх насны залуус нийт  сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч бөгөөд өөрөөр хэлбэл залууст  тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж байгаа юм. Харин 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг тэглүүлж чадлаа гэж харж харах хүмүүс ч байна.

ЗАЛУУС УЛС ТӨРӨӨС ЗУГТАХ БИШ ХАРИН Ч  ШУДАРГА БУСЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН

Сонгуульд оролцох залуучуудын идэвх сул байгаа талаар “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа тайлбарлахдаа “ Сонгуульд хэн саналаа өгч буй гэдгээс хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг. Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. 2016 оны судалгаагаар сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээх нам, улстөрч байсангүй, 16 хувь нь сонгуульд саналаа өгөх үйл явц төвөгтэй, 15 орчим хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулсан. 18-25 насны залуусаас улс төрийг маш их сонирхдог зургаан хувь, сонирхдог 18,7 хувь байна. Энэ нь залуучуудын санал, оролцоогүйгээр парламент бүрдэх боломжийг олгож байна. Залуус нам, улс төрийг шударга бус, хариуцлагагүй байна гэж  зугтааж ангид, хол байх биш харин энэ шударга бусыг өөрчлөх цаг болсон” гэжээ. 

Тиймээс бид залуучуудын төлөөллөөс “Та санал өгөх үү”, “Та нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгох вэ” гэх асуултад хариулт авсан юм.


ЗАЛУУС СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ

Иргэн О.Одбаяр:

-Монгол Улсын иргэний хувьд сонгууль өгөх нь үүрэг.  Тиймээс зургадугаар сарын 24-нд сонгуулиа өгнө. Энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа нам болон бие даагчдын мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаад явж байна. Би хувьдаа нэр дэвшигчдийг  хүн чанар, ёс суртахуун, улс орны ирээдүйг хэр холч ухаанаар харж байгаа вэ  гэх хоёр шалгуураар үнэлж байгаа.  

Харин намын хувьд мөрийн хөтөлбөрийг нь голчлон харж байна. Гэхдээ  аль нэг нам сонгохоос илүүтэйгээр бие даагчдыг дэмжлээ гэхэд бие даагчид олноороо сонгогдсон ч бүлэг үүсгэж чадахгүй. Тиймээс одоохондоо  нам болон  бие даагчдын альд нь саналаа өгөхөө шийдээгүй л байна. Ямартай ч  би сонгуулиа заавал өгнө.  Ялангуяа 18-25 насны залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Дөрвөн жилд ганц болдог УИХ-ын сонгуульд сонгох эрхээ эдлэх  хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж дараа нь  олон юм ярих шаардлагагүй л гэж бодож байна.

“УЛС ТӨР НАДАД ХАМААГҮЙ”   ГЭХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН

20 настай Б.Мичидмаа:

-Ямар ч нам, эвсэл дэмждэг байсан иргэн бүр сонгуулиа өгөх ёстой. Гэхдээ хамгийн гол нь зөв хүнээ сонгох нь л чухал. Бид өөрсдийн хийсэн  сонголтоороо дамжуулан ирээдүйгээ тодорхойлох учраас залуусын оролцоо их хэрэгтэй гэж бодож байна. Ер нь намуудын мөрийн хөтөлбөрүүдийг харахад нэгэн хэвийн юм шиг санагдсан.  Тухайлбал, МАН,АН нь эрүүл мэндийг дэмжинэ, үнэгүй орон сууц, цалингийн хэмжээг нэмэгдүүлнэ гэх  жишээний. Залуус руу чиглэсэн хөтөлбөр бага. Мөн сонгуулийн  кампанит ажлын мэдээлэл сурталчилгаа нь залууст хэтэрхий уйтгартай санагддаг л даа. Хэдий тийм боловч залуус “Улс төр надад хамаагүй”  “Миний саналаар дутахгүй” гэх хандлагаа өөрчлөх цаг болсон. Z үеийн оролцоо энэ нийгмийг өөрчилнө.

БИ ХУВЬДАА ХУУЧИН ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХГҮЙ

Иргэн Б.Билгүүн:

Мэдээж сонгуулиа өгнө. Төр засгийг удирдах нам, хүчнийг сонгох сонгууль  дөрвөн жилд нэг л удаа болдог учраас хөгшин залуу гэлтгүй л бүх хүн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.Миний санал өгөх тойрогт өмнөх дөрвөн жилд УИХ-д суусан хүн нэр дэвшиж байна лээ.Би хувьдаа хуучин хүмүүсийг дэмжихгүй. Аль нэг нам гэхээс илүү шинээр нэр дэвшиж байгаа бие даагчдыг дэмжинэ гэж бодож байгаа.  Ингэхдээ нэр дэвшигчийн нийгэмд эзлэх байр суурь болон хувь хүнийг нь голчлон харна.Мөн сонгуулийн гол зүйл бол мөрийн хөтөлбөр. Тиймээс тухайн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр ямар вэ гэдгийг харж сонголтоо хийх нь чухал.Мэдээж миний шалгуурт бүрэн нийцсэн хүн байхгүй гээд  саналаа өгөхгүй байж болохгүй учраас шалгуурт дөхөж очиж байгаа хүнд л саналаа өгнө дөө”  гэв.


 

БИД ХЭНИЙГ СОНГОНО, ТИЙМ ТӨР ЗАСАГЛАНА

 

20 настай Т.Дөлгөөн:

-Энэ жил анх удаагаа сонгууль өгөх гэж байгаа учраас мэдээж саналаа өгнө. Нэр дэвшигч нарын нийгэмд оруулсан хувь нэмэр, ажлын туршлага, хэлний мэдлэг, мөн цаашид юу хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасныг уншиж танилцана даа. Хэнийг сонгох нь чухал учраас гэрийнхэн, болон найз нөхөдтэйгөө ярилцана даа. Бид хэнийг сонгоно, тийм төр засаглана гэдэг шиг залуу үеийнхэн сонгуульд идэвхтэй оролцвол одоо байгаа энэ нийгэм өөрчлөгдөх юм болов уу?  Саналаа өгч шийдвэр гаргахад оролц гээд байхад оролцоогүй байж ирэх  дөрвөн жилд гарах шийдвэрт бухимдаж, шүүмжлэх  нь утгагүй л байх” гэв.

МИНИЙ СОНГОЛТ ХҮССЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ МИНЬ АВЧИРНА ГЭЖ НАЙДАХГҮЙ БАЙНА

21 настай  З.Бат-Эрдэнэ:

-Би сонгуульд саналаа өгнө. Гэхдээ миний сонголт хүссэн өөрчлөлтийг минь авчирна гэж найдахгүй байна. Аль нэг дэвшигчийн оронд өөр нэг нь байгаад өөрчлөлт гарах юм уу ч гэж бодох шиг.  Ямартай ч би сонголт хийхдээ нэр дэвшигчийн боловсролын түвшин, удирдах чадварыг нь л харна даа. Ирэх дөрвөн  жилд чухам ямар бодлогыг хэрэгжүүлэх хүмүүсээр төр бариулах, улс орны хөгжлийн чиг баримжаа хаашаа байх зэрэг нь залуус бидний сонгуулийн оролцоотой тодорхой хэмжээгээр хамааралтай. Тиймээс саналаа хэдэн цаасаар худалдчихгүй шиг өөрийн үзэл бодолдоо үнэнчээр саналаа өгөөрэй гэж залуустаа уриалмаар байна” гэв.

НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ОНЦОЛЖ ХАРНА 

18 настай А.Анужин:

-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж амжаагүй. Гэхдээ нэр дэвшигчдийн хийсэн бүтээсэн ажил, нийгмийн байр суурь, хувь хүний амбиц, мөрийн хөтөлбөрийг нь харна даа. Эдгээрээс хамгийн чухал нь мөрийн хөтөлбөр. Сонгууль хүртэл энэ хүмүүс, намынх нь тухай өөр ямар эерэг болон сөрөг мэдээлэл шинээр гарахыг харж байгаад шийдвэрээ гаргана даа” гэв.

 

 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж