Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

“Оддын дайн VII: Сэрсэн хүч” кино энэ сарын 14-нд нээлтээ хийснээс хойш box office-ийг тэргүүлж байна. Гэвч шинжлэх ухааны зөгнөлт энэхүү цуврал киноны дараагийн анги илүү хүчтэй өрсөлдөгчэй тулгарч магадгүй. Учир нь, нэрт найруулагч Жеймс Камерон “Аватар 2” киноны зураг авалтаа 2016 оны эхээр эхэлж, оны сүүлчээр буюу ирэх арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ гэж мэдэгдсэн байна. “Оддын дайн” киноны продюсерүүд дараагийн ангийг 2017 оны тавдугаар сард гаргана гэж амласан.

Хамгийн их ашигтай кино болсон “Аватар”-ын үргэлжлэл “Аватар2”-ын сүрэнд дарагдахаас айсан учраас ийнхүү түрүүлж гаргах гэж байж магадгүй гэцгээж байгаа юм. “Аватар”-ын уран бүтээлчид “Аватар2”-ын төсөл дээр бараг хоёр жил ажиллаж байгаа гэнэ. Киноны зохиолыг бичих ажил дуусах шатандаа орж, технологийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ажээ. Кино багийнхан зураг авалт эхлэхийн өмнө Пандора гариг дээрх нууцлаг ертөнцийг бий болгох юм байна.

“Оддын дайн VII: Сэрсэн хүч” нээлтээ хийсэн цагаасаа хойш асар их шуугиан тарьж байгаа бөгөөд АНУ-д л гэхэд 248 сая ам.долларын ашиг олоод байна. Нээлтийн ашгаараа шинэ дээд амжилт тогтоосон цувралын шинэ анги дэлхий даяар нийт 529 сая ам.долларын ашиг олжээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар нийт ашиг нь 2.782 тэрбум ам.доллар болж, бүх цаг үеийн кинонууд дундаас хамгийн их ашигтай нь гэгдсэн “Аватар”-ын амжилтыг эвдэх яагаа ч үгүй байгаа юм.

“Аватар2” кинонд Зои Салдана, Сэм Вортинтон нар урьдын адил тоглохоор болсон бөгөөд өмнөх ангид хамтран тоглосон Сигурни Уивер, Степен Лан нар ч мөн тоглохоор гэрээ байгуулсан байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж