Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн коронавируст халдвараар өвчилсөн 194 хүнээс 87-г нь эмчилж, эдгээгээд байна. Иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч буй эмч, эмнэлгийн ажилтнууд цаг нар, нойр, хоолгүй зүтгэсний үр дүн нь энэ. Тэдний хичээл зүтгэлийн ачаар бид халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц улс хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Цар тахал гэгдэх болсон коронавируст халдвар манай улсад зөөвөрлөгдөх нь цаг хугацааны асуудал байсан. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварыг дотооддоо алдах аюултай. Гэсэн ч бид бүхэн барьц алдалгүй халдварыг дотооддоо алдахгүй байх эсэх нь хүн бүрээс шалтгаалах асуудал болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.
-Манай улсад батлагдсан 194 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 87 хүн эдгээд байна. Өнгөрсөн мягмар гаригт 10 хүн эдгэрч гарсан баярт мэдээг дуулгасан бол өчигдөр дахин хоёр хүн эдгэж гарлаа. Энэ нь өвчтөнүүдийн дархлаа хэр сайн байна гэсэн үг үү. Аль эсвэл эмч нарын чадвартай шууд холбоотой юу?
–Дэлхий нийтэд баримталж буй коронавируст халдварын эмнэлзүй, илрүүлэг, эмчилгээ, арга туршлагыг бид хэрэгжүүлж байгаа. Мэдээж залуу хүмүүс болохоор хурдан эдгэж, эмнэлгээс гарч байна. Хамгийн гол нь, бид өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэхээс өмнө буюу халдварын нууц үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад нь “барьж” байгаа учраас эмчилгээ, үйлчилгээ үр дүнгээ өгч байна. Дэлхий дахинд эмчлүүлэгчдийн ор хоног 14-50 хоног байгаа. Манай улсад ч бас 15-53 хоног эмчлүүлж байна.
–ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гардаж авсан өвчтөнтэйгээ хамт тусгаарлагдаж эмчилгээ хийж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд гэртээ харилгүй хэр удаж байна вэ. Нөгөө талаас эмч, мэргэжилтнүүдийн нөөц, хүрэлцээг зохицуулах шаардлага гарч байгаа байх. Хүрэлцээтэй байж чаддаг уу?
–Өвчтөнүүдтэй харилцаж буй эмч нар халдвар авах, тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмч мэргэжилтнийг хамгаалах зорилгоор дүрмийн дагуу тусгаарлагдана.
Өвчтөнүүдийг хариуцан ажиллаж буй эмч нарын баг тухайн өвчтөнүүдэд 14 хоног эмчилгээ хийснийхээ дараа нь дахин 14 хоног ажиглалтад байх ёстой. Үндсэндээ нэг эмч 28 хоног буюу сар гаруй хугацаанд гэртээ харихгүй.
Эмч нарын нэг багт эмчлэгч эмч, дүрс оношилгоо, рентген техник, ариутгагч, асрагч, сувилагч, үйлчлэгч зэрэг тав, зургаан хүний бүрэлдэхүүн багтаж байна. Тэд бүгд тусгаарлагдана. Мэдээж ажиллах хүчийг зохицуулж байгаа учраас эмч мэргэжилтнүүдийн нөөц хангалттай бий. Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байх вий гэсэн санаа зовох асуудал байхгүй.
-Өвчтөнүүдийг эмчлэх эмч, эмнэлгийн ажилчдыг нэг багт хуваарилахдаа эмнэлгийн дотоод журмаар ямар зохицуулалт хийдэг вэ?
-Эмч нарын багт бүх эмч багтахгүй. Багт хуваарилахдаа эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, нас, ар гэрийн байдпыг харгалзан үздэг. Өрх толгойлсон ажилтныг эмч нарын багт оруулахгүй. Харин багт хуваарилагдсан эмч, мэргэжилтнүүдээс өвчтнүүдтэй харилцахаас өмнө нь рентген, цусны, вируслогийн шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, судалгаанд үндэслэж төлөвлөгөөний дагуу эмч ажилчдаа багт хуваарилсан.
–Манай улсад “covid-19” халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварыг дотооддоо алдахгүй байх нь чухал болоод байна. Цар тахал хэмээгээд буй уг халдварт өвчнийг дотооддоо тархаахгүй, тойроод гарах боломж хэр байгаа юм бол?
–Бид чадлаараа ажиллаж байна. Дэлхий нийтийг нөмрөөд буй халдварын тархалтыг зургаан сарын хугацаанд дотооддоо алдахгүй барилаа. Хамгийн санаа зовоож буй асуудал нь иргэд тайвширч, цалгар назгай байдал ажиглагдах боллоо. Ард иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй.
Халдварт өвчнийг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна. Хууль хүчний байгууллага, эмнэлгийн ажилчид үүргээ биелүүлж бүгд л хичээж цаг наргүй ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тэгэхээр цаашид коронавируст халдварыг дотооддоо алдахгүй байх эсэх нь иргэдээс хамаарна гэдгийг хатуу хэлье.
Бид сэрэмжлүүлсээр байхад иргэд сонор сэрэмжээ алдахгүй байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагах хэрэгтэй. Гадны улс орнуудад халдварт өвчний тархалт буурахгүй, нэмэгдэхийн хэрээр халдвар зөөвөрлөгдөх эрсдэл өндөр байна. Монгол Улсад коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан тохиолдлын тоо ч нэмэгдэж байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл өндөр болно гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг иргэд өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох нь тийм ч хэцүү зүйл биш. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх нь л халдварт өвчнийг тойрч гарах бидний цор ганц арга.
-Аялал зугаалгын сар эхэлж, хөдөө орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг. Энэ нь халдварт өвчний эрсдлийг хэр нэмэгдүүлж байна вэ?
–Манай улс халдварыг дотооддоо алдаагүй, хөл хорио тогтоогоогүй энэ цаг үед хүн бүр сонор сэрэмжээ алдахгүй байж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдвөл халдвар тархах эрсдэл бага. Эрүүл хоол хүнс хэрэглэж, ахуйн ариун цэврийг сахиж, гараа угаах, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Харин нэг дор олуулаа зугаалж болохгүй.
-Хүмүүс ханиад томуу хүрсэн ч төдийлөн тоодоггүй, амны хаалт зүүх нь ховор үзэгдэл байсан. Харин одоо хүн бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угааж хэвшиж байна. Коронавируст халдвар дэгдэхээс ч өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төв ханиад томуутай төстэй ямар өвчнийг “барьж” чадсан байдаг бол?
-Ерөнхийдөө олон халдваруудыг нэрлэж болно. Дэлхий нийтийг цочроосон томуугийн H1N1 цар тахал 2009 онд гарахад бид гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг дотоодод алдалгүй барьж чадсан. Дараа нь удалгүй томуу, томуу төст өвчний эсрэг вакцин ч гарсан. Тухайн үед бид иргэдэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах, ахуйн ариун цэврийг сахихыг зөвлөж байсан. Коронавируст халдвар бол дэлхий нийтийг нөмөрсөн том цар тахал учраас хүн бүр сонор сэрэмжтэй байх ёстой. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хүн бүр амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сахихад бусад халдварт өвчин ч бас буурч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт буурсан. Гэдэсний халдварын сезон өмнөх жилүүдтэй харьцуулахад бас буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ гэдэсний халдварт өвчний үргэлжлэх хугацаа нь долоо, наймдугаар сар учраас иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй.
-Ханиад томуу, томуу төст өвчнөөс коронавируст халдварыг хэрхэн ялгах вэ?
-Коронавируст халдвар нь ханиад томуу, томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчнийг бид лабораторийн шинжилгээгээр ялгаж байгаа. Эмнэлзүйн хувьд амьсгалын замын цочмог хүнд халдвар, коронавируст халдварыг манай эмнэлгийн эмнэлзүйч эмч нар оношилж, илрүүлнэ.
-Улсын хэмжээнд лабораторийн хүчин чадал, тэнд ажиллах эмч мэргэжилтнүүдийн нөөц хангалттай бий юу?
-Лабораторийн хүчин чадал, мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалттай. Улсын хэмжээнд хоногтоо 1000 гаруй хүнийг шинжлэх боломжтой. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хоёр лаборатори, Дархан Уул аймаг дахь манай төвийн салбар лаборатори, ЗӨСҮТ, орон нутгийн дөрвөн лаборатори гээд нийт зургаан лаборатори бий. Ачааллын хувьд одоогоор хэвийн байна.
Бид зарим үед 200, зарим тохиолдолд 700 хүний шинжилгээг хоногт авч байгаа нь тусгай үүргийн нислэг, хилийн боомтоор эх орондоо ирж буй хүмүүсийн тооноос л хамаарч байгаа. Бид тавдугаар сарын 13, 14-нд чартер нислэгээр ирсэн 700 гаруй хүнийг хүлээж авч л байсан.
Тусгай үүргийн онгоцоор гэхэд 230, хойд хилээр 500 гаруй хүнийг хүлээн авч, бүх лабораторит сорьц хуваарилан шөнөжин ажилласан үе бий. Хоногт хэчнээн хүний шинжилгээг хийх вэ гэдэг нь тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдын тооноос хамаарна. Зарим үед 200 хүний шинжилгээг хийлээ гээд бид ачаалалгүй байна гэсэн үг. Тусгай үүргийн нислэггүй байсан ч цаг үргэлж хуваарийн дагуу тандалт судалгааны болон давтан шинжилгээнүүдээ авдаг. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа 100 орчим хүнээс өдөр бүр шинжилгээг нь авч байна.
-Коронавируст халдвар гадаадаас зөөвөрлөгдөх эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байсан ч анхны тохиолдол гуравдугаар сард батлагдаж, гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед хэрхэн хүлээн авч байв?
-Нэгдүгээр сарын 3-нд өвчлөл бүртгэгдсэн цагаас эхлэн бид цаг алдалгүй нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эрсдэлийн үнэлгээг хийж бэлэн байдалд шилжсэн. Тиймээс бидний хувьд цочирдож хүлээж авсан зүйл байхгүй. Үүргээ л биелүүлж ажилласан.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ