НЭМЭЛТ:
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт зургадугаар сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв. Тодруулбал, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.
Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” гэлээ.
ОБЕГ: Хар цаас шатааж байгаад гал алдсан байж болзошгүй
Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.06.10/ Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас мэдээлэл сонсч байна. Улсын их дэлгүүрийн зургаан давхар барилга нь 1961 онд одоогийн байршил буюу Энх тайвны өргөн чөлөөнд шилжин ирж 150 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснээр одоогийн барилга ашиглалтанд орж Улсын Их Дэлгүүр гэж нэрлэгдэх болсон.
Өнгөрсөн ням гаригт Улсын их дэлгүүрт гал гарч тав, зургаа, долдугаар давхар бүхэлдээ шатсан. Урьдчилсан байдлаар дээвэрт засвар хийж байсан ажилтан хар цаас халаах явцад дулаалга хөөсөнцөрт хүрснээр гал гарсан гэж албаныхан үзэж байна.
Уулзалтын үеэр албаныхан “Гэхдээ энэ бол эцсийн дүгнэлт биш. Шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэдгийг онцоллоо. Одоогоор Улсын их дэлгүүрт угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний ус тогтсон нөхцөл байдалтай байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
“Гал түймрийн үеэр онцгойгийн хоёр албан хаагч утаанд хордсон”
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Номин холдинг” ХХК-ийн Улсын их дэлгүүр 1961 онд баригдсан. Уг барилга нь 64 см тоосгон ханатай, долоон давхарын өргөтгөл нь төмөр карказ, блокоор барьсан, сэндвичэн дээвэртэй, модон цонхтой бөгөөд барилгын урт нь 78 метр, өргөн нь 60 метр. Дотроо усан хангамжтай. Авралтын долоон гарцтай. Нийт 23.600 метр квадрат газар үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүр нь 80 орчим тасаг, 500 гаруй ажилтан, харилцагчийн 50 тасаг, 220 ажилтан, түрээслэгчийн 130 тасаг, 260 ажилтан нийтдээ 1000 гаруй ажилтантай бөгөөд өдөрт 15-20 мянга гаруй хүнд үйлчилдэг худалдааны байгууллага.
Мэдээлэл шуурхай удирдлагын 101 дугаарын утсанд зургадугаар сарын 7-нд 16.48 цагт дуудлага ирсэн. Дуудлагын мөрөөр Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах 10 ангийн нэгдүгээр тасаг 16.49 минутад очсон. Алба хаагчид очиход утаажилт ихтэй, дээврийн хөндийгөөр гал тархсан гэх мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын 14, 18, 63, 26 болон аврах 105, Сүхбаатар дүүргийн 34 дүгээр анги гээд найман ангийн 230 алба хаагч ажилласан. Алба хаагчид 40 минутын дараа гал түймрийн тархалтыг зогсоож, дөрвөн цаг 40 минут ажиллаж бүрэн унтраасан. Долоон давхарын утаажилтын бүсээс нэр бүхий долоон иргэнийг авто механик шат ашиглаж, барилга дээрээ аварсан.
Гал унтраах үйл ажиллагааны явцад хэд хэдэн хүндрэл гарсан. Тус барилгын хийц нь голын хэсэгтээ хөндий учраас барилга бүхэлдээ хорт утаанд автаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Шатах бараа материал ихтэй, утаа зайлуулах агааржуулалтын систем байхгүйгээс гал түймэр их талбайг хамарсан. Долдугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан ресторанд ашиглаж байсан шингэрүүлсэн шатдаг хий дэлбэрсний улмаас зургаан давхарын 4-5 метрийн урттай барилгын даацын төмөр, тоосго унасан. Харин хүн бэртэж гэмтээгүй. Барилгын гадна талбайн 100 метр орчимд галын усны цэг дутагдалтай байсан. Зарим дотуур усны цэг галд өртөж, шатсан. Тухайн үед Онцгой байдлын хоёр албан хаагч утаанд хордсоныг яаралтай эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн.
“УИД-ийн зургаа, долоон давхарт үзлэг хийх үлдээд байна”
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал:
-Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар шалгаж байна. Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засварын үйл ажиллагаа явуулж байсан компанийн алба хаагчдаас мэдүүлэг авсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.20-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байна. Дээврийн ажил хийж байсан ажилчдаас нэг нь хар цаас халаах явцдаа дээврийн завсар хөөсөнд гал өгч, хөөс шатсанаар галын дэгдэлт ихэссэн гэдэг мэдүүлэг өгсөн. Гэхдээ нарийвчилсан шалгалтыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийт 25 мөрдөн байцаагчаар ахлуулсан баг хэргийн газарт ажиллалаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 20 шинжээч, нийслэлийн Прокурорын газраас 20 прокурор зургадугаар сарын 8-ны өглөө 09 цагт үзлэг шалгалтаа эхлүүлсэн. Эхний ээлжинд нийт 240 түрээслэгч байна. Бид 220 цэгт 237 үзлэг шалгалтыг хийж дууслаа. Одоо зургаа, долдугаар давхарт үзлэг хийж байна. Угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний ус тогтоод байна. Дэлгүүрийг хамгаалалтад авах чиглэлээр 170 гаруй алба хаагч ажиллаж, хэвийн үргэлжилж байна. Эхний өдөр нэгдүгээр давхрын 71 түрээслэгчдийн цэгт ажиллаж, үзлэг тооллого, хохирлын үнэлгээг гаргаж, эзэнд нь хүлээлгэж өгсөн. Одоо зургаа, долоон давхарын үзлэг үлдээд байна.
А.СҮРЭН