Орчин үеийн өндөр технологи нь хөл хорионы үед хүмүүсийг ганцаардуулахгүй байхад нэмэр болж байгаа ч сэтгэл судлаач болон тархи судлаачдын үзэж буйгаар хүмүүсийн бие биедээ хүрэх хэрэгцээг юу ч нөхөж чадахгүй аж.
“Бид бусдаас хайртай гэдэг үгийг сонсох, инээмсэглэл харах, харилцаанд орох нь эрүүл мэндэд нэн тустай байдаг. Түүнээс илүүгээр биеийн холбоо, хүрэлцэх, хөтлөлцөх, тэврэлдэх, үнсэх зэрэг харилцаа нь тусдаа өөр олон янзын биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийн ач холбогдолтой” хэмээн Аризонагийн их сургуульд стресс болон сэтгэлзүй биед хэрхэн нөлөөлдгийг судалж буй профессөр Кори Флойд ярьжээ.
Түүний хэлснээр зарим хүмүүст “Арьсны өлсгөлөн” илэрдэг бөгөөд эрдэмтэд одоогоор хөл хорио тавигдтал энэ асуудалтай хэрхэн тэмцэх талаар судалж буй гэнэ.
Бие биедээ хүрэлцэх хэрэгцээ биднийг хүн байлгадаг
Биднийг бяцхан хүүхэд байхад биед хэн ч хүрдэггүй байсан бол аль хэдийн үхчих байсан. “Бид төрөхдөө асран хамгаалагчаасаа 100 хувь хамааралтай байдаг. Тиймдээ ч асран хамгаалагч нь хүүхдийг хувцаслах, хооллох, усанд оруулах, хамгаалах, тайвшруулах зэрэг бүх зүйлийг хийж өгдөг. Энэ бүхнийг хийхэд асран хамгаалагч хүүхдэд хүрэх зайлшгүй шаардлагатай” хэмээн Флойд ярьжээ.
Нөгөө талаас хүүхдийн биед хэн ч хүрэхгүй бол өсөлт удааширч, тархи хөгжихөө больж, дархлааны систем тогтдоггүй гэнэ.
Тиймдээ ч хүн төрөлхтөн бусдад хүрэх, бусдыг биедээ хүргэх хэрэгцээг хэзээ ч орхиж чаддаггүй аж. Судалгаанаас үзвэл бие биедээ хүрснээр хүнд аюулгүй, тайван мэдрэмж төрж, стресс тайлагдаж, тайвширч, илүү тогтвортой, эрүүл ухаантай болж, хайрын гормон гэгддэг окситокин ихээр ялгардаг гэнэ. Цаашлаад бие биедээ хүрэлцэх нь алзхеймер, хорт хавдар, стрессээс үүдэлтэй өвчин гэх мэт олон өвчнөөс сэргийлдэг аж.
Бие биедээ хүрэлцэх нь бидэнд энэ мэтээр асар их ашигтай юм бол бие биедээ хүрэлцэхгүй байх нь төдий чинээ хортой байж таарна. “Бид ганцаардахдаа, таньдаг хүмүүстэйгээ амьд харилцаа үүсгэх, холбоо тогтоох боломжгүй байх үед бидний бие, тархи өөрийгөө аюултай нөхцөл байдал, заналхийлэлд байгаагаар хүлээн авдаг” хэмээн Флойд хэлжээ. Улмаар бид улам илүү стресстэж, нойр хулжиж, дархлаа муудаж, товчхондоо одоо үед ихэнх хүмүүст илэрч буй шинж тэмдгүүд илэрдэг аж.
“Ялангуяа өнөөдөр хүмүүс өмнөхөөсөө илүү ганцаардаж, өөрийгөө тусгаараж, вирусээс айж, ялгаварлан гадуурхалтаас болж ихээр стресстэж байхад арьсны өлсгөлөн хамгаас аюултай” гэж Флойд батлав.
Та арьсны өлсгөлөнтэй дараах байдлаар тэмцэж болно
Хүн бүрийн хүрэлцэх хэрэгцээ харилцан адилгүй. Ялангуяа өнгөрсөн туршлага, айдас зэрэг хүчин зүйл зарим хүний хүрэлцэх хэрэгцээг өөрчилж орхидог. Гэвч яг нойрны хэрэгцээ шиг, хэнд ч огт хэрэгцээ алга байна гэж үгүй.
Хэрвээ та сүүлийн үед арьсны өлсгөлөнд нэрвэгдсэн бол амьтан тэжээхийг эрдэмтэд зөвлөж байна. Эсвэл хөршүүдийнхээ тэжээвэр амьтадтай уулзаж байж ч болох аж. Энэ нь амьтдад ч адил ашигтай гэнэ.
Хэрэд дээрх аргыг ашиглах боломжгүй бол дэр тэврэх нь ч үр дүнтэй аргуудын нэг аж. Дэр тэврэхэд үүсэх дулаан, арьсанд ирэх даралт нь өөр хүн эсвэл амьтан тэврэхтэй ижил мэдрэмж төрүүлэх учир бага ч гэсэн нэмэртэй.
Мөн өөрийнхөө биед хүрэх, массажлах ч гэсэн ач тустай. Зарим судалгаанаас үзэхэд өөрийн мөр, гар, хөлөнд иллэг хийх нь стрессийг ихээр бууруулах үр дүнтэй аж.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ