Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.9, 9.2-т заасны дагуу томилгооны сонсголыг өнөөдөр /2020.06.10/зохион байгуулж байна.
Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм. Томилгооны сонсгол хоёр өдрийн турш үргэлжилнэ. ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 19 хүн оролцохоос өнөөдрийн сонсголоор 10 нэр дэвшигч оролцож байна. Нэр дэвшигч бүр эхний 15 минутад өөрсдийгөө танилцуулж, үлдсэн 35 минутад ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулах юм.
Эхний оролцогч болох ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Х.Мөнхзул:
Улсын төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа ч эдийн засаг, нийгэм соёлын асуудалд ахиц дэвшил гарахгүй байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд би анхаарал хандуулж ажиллана. Мөн иргэдийг чадавжуулах, ХЭҮК-ын үйл ажиллагаа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрлыг дээшлүүлэхэд илүү чиглэж байсан. Үүнийг ч мөн үргэлжүүлж ажиллахад анхаарна. Мөн эрх нь зөрчигдсөн хүмүүс ХЭҮК-д гомдол гаргахыг хараад суухгүй, хаана хүний эрх зөрчигдөж байна тэнд нь хүрч ажиллана. Ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд илүүтэй анхаарал хандуулж ажиллана. Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын хэлбэрийг устгах тухай конвеци гэж байдаг. Энэ конвенцын хүрээнд ажиллана. Эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүд энэ асуудлаар гомдол гаргах боломжтой. Гэтэл ХЭҮК-д эл асуудлаар гомдол гаргасан тохиолдол байхгүй.
Ажлын хэсгийн гишүүн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам: Х.Мөнхзул нэр дэвшигч ХЭҮК-ын гишүүнээр томилогдвол бодлогын хүрээнд анхаарч ажиллана гээд гурван асуудлыг төлөвлөсөн байна. ХЭҮК бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр хувь гишүүн төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлэхэд бусад гишүүдтэй хамтарч ажиллаж шийдвэрлэнэ. Бүх гишүүд нь шинэчлэгдэх гэж байна. Энэ тохиолдолд төлөвлөсөн бодлогоо яаж хэрэгжүүлнэ гэж бодож байна вэ.
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Х.Мөнхзул:
ХЭҮК-ын гишүүдийн ажиллах зарчим, эрх, үүргийг хуульд нь тодорхой заасан байдаг. Энэ зарчмын хүрээнд ажиллана.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан: Гурван байгууллагад ажиллаж байсан туршлгатай юм байна. Энэ хугацаанд дарга, удирдлагатайгаа санал зөрөлдөж байсан бол тэр жишээг хэлж өгнө үү. Санал зөрөлдөж байсан бол ямар хариу арга хэмжээ авсан бэ. Хоёрдугаарт хэдэн жилийн өмнө нэг иргэн номыг зохиогчоос нь зөвшөөрөл авахгүйгээр бүтээлийг нь вэб сайтад нийтэлсэн байдаг. Тухайн номын зохиогч гомдол гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/-ноос зохиогчийн эрх зөрчилтэй гээд тухайн вэб сайт руу Монголоос хандах хандалтыг нь хаасан. Энэ нь Иргэний болон улс төрийн тухай олон улсын факт тусгасан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн үү. Фактын үзэл баримтлалыг ХХЗХ хангаж ажилласан уу. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн үү. Хэрэв та ХЭҮК-ын гишүүн байсан бол уг асуудалд ямар арга хэмжээ авах байсан бэ, эсвэл авахгүй байх байсан уу.
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Х.Мөнхзул:Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тодорхой хуулийн үндэслэлээр хязгаарлах ёстой. Хязгаарлалт хэмжээ, хязгаартай байх ёстой. Саяны таны асуусан кейс хүний эрхийг зөрчсөн байна.
Томилгооны сонсгол үргэлжилж байна. Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заасан юм.
Холбоотой мэдээ