"Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа амиа алдсан нь үнэн" | News.MN

"Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа амиа алдсан нь үнэн"

"Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа амиа алдсан нь үнэн"

Posted by News.mn on Tuesday, June 9, 2020

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.6.10/ мэдээлэл хийлээ.

“СОНГУУЛИЙН ҮЕЭР ДОТООДОД ХАЛДВАРЫГ АЛДВАЛ ХАРИУЦЛАГЫГ БИ ХҮЛЭЭНЭ”

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр:

-Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршилд нийтдээ 1601 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрсөн өдрүүдэд гэрийн ажиглалтад 161 хүн шилжсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудад хяналтыг чангатгаж ажиллахыг үүрэг болгосон. Зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Баянхангай”, “Баянбайгаль” амралтын газар, “Амар” зочид буудалд тараан байрлуулсан. Уг нислэгээр том хүн 217, хүүхэд 33, нярай 12 ирсэн.

Бид нэгдүгээр сараас хойш 63.259 иргэнээ гадаадаас татан авсан. Тэр тусмаа агаарын хөлгөөр 17 удаагийн захиалгат нислэг хийж, төмөр зам, авто зам, явганаар нийтдээ өнөөдрийн байдлаар 9324 иргэнийг татан авчээ.

Сонгуулийн үеэр дотоодод халдварыг алдвал Шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд би хариуцлага хүлээнэ.

“БНСУ РУУ ЗУРГАДУГААР САРД ГУРВАН УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сард үйлдэгдэх нислэгийн бэлтгэл хангагдаж, эхний нислэгүүд амжилттай боллоо. Өнөөдөр өглөө Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэгдсэн. Нийт 175 иргэнээ татан авч, 19.35 цагт газардах урьдчилсан хуваарьтай байна. Эдгээр хүмүүс дотор дөрвөн нярай хүүхэд байгаа. Бид иргэдээ тусгаарлах байрны асуудлыг хуваарилж, зохицуулсан.

Дараа нь зургадугаар сарын 17-нд АНУ буюу Хойд америкт байгаа монголчуудаа түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хотод үйлдэнэ. Зургадугаар сарын 18-нд Сөүл хотоос иргэдээ татаж авна. Бэлтгэлээ хангаад явж байна. Мөн зургадугаар сарын 19-нд Европын орнуудад байгаа иргэдээ татан авахаар Франкфурт руу нислэг үйлдэнэ. Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ. Транзит зорчигчдыг татан авахтай холбоотойгоор БНСУ-ын Хууль зүйн сайдын гаргасан шийдвэрийн талаар тэр даруйд нь Гадаад харилцааны яам, Сөүл дэх Элчин сайдын яам, Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаараа ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу өгөх төлөвтэй байна. Солонгосын талтай зургадугаар сарын 17-нд транзит зорчигчдыг авах, 18-нд БНСУ-д байгаа иргэдээ татан авна. Үүнээс гадна Зүүн өмнөд Азид байгаа иргэд олон сар хүлээж байгаа учраас Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж, тэнд байгаа монголчуудаа татан авах саналыг БНСУ-ын талд танилцуулсан. Яриа хэлэлцээ ахицтай явж байна.

“ТАЛХАН ДОТОР ТАМХИ, ЦЭВЭР УСНЫ САВАНД АРХИ НУУЖ ОРУУЛАХ ЗӨРЧИЛ ГАРГАСАН”

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

-Өнөөдрийн байдлаар нийт 45 газарт тусгаарлах байранд 1601 иргэн байна. Гэвч зарим иргэд эх орондоо ажил болж ирчихээд, мэргэжлийн байгууллагуудын ажлыг хүндрүүлж байна. Тэд хүний санаанд оромгүй зөрчлүүдийг гаргаж байна. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа иргэдэд албан ёсны журмаар шаардлагатай зүйлсийг нь нэвтрүүлж байгаа. Гэтэл талх ухаад тамхи хийх, цэвэр усны саванд архи нуусан байх жишээтэй. Тэрийг нь хяналт шалгалтынхан анзаарахгүй оруулсан байсан. Энэ удаа тэр иргэн гэж зарлахгүй. Уг зөрчлийг шалгаж байгаа.

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Бид ард олондоо гамшигт өвчинг тараахгүйн тулд олон талаас нь ажиллаж байх түр журам гаргаж өгсөн. Энэ журмыг нэр дэвшигчид, сонгогчид анхаармаар байна. Хэвлэл мэдээллээр амны хаалтаа зүүж, сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна уу гэдгийг хянах хэрэгтэй. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд соргог ажиллаж өгөөч ээ. Баян-Өлгий аймагт нэг нэр дэвшигч журмаа зөрчсөн. Урьдчилаад бид аймаг, сумын наадмын талбайд сурталчилгаагаа хэрхэн хийх талаар зааварчилгааг өгсөн.

“ТУСГААРЛАХ БАЙРАНД НАС БАРСАН ЦАГДААГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА”

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн юм.

-Тусгаарлах байранд байгаа иргэдэд дотогш нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалт гэж бий юу?

-Тусгаарлах байранд орсон иргэдэд ийм бараа материал, хүнсний бүтээгдэхүүн оруулж болно гэдгийг албаныхан танилцуулдаг. Тэр журмаа бүгд мэдэж байгаа.

-Тусгаарлах байранд цагдаагийн албан хаагч нас барсан хэрэг гарсан гэсэн. Энэ үнэн үү?

-Манай цагдаагийн нэг алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаад бие нь муудаж, эмнэлэгт очоод нас барсан. Тэрээр тамирчин фитнесс хийдэг залуу байсан. Зүрхнийх нь ачаалал хэт ихэссэнээс амиа алдсан гэдэг зүйл яригдаж байгаа.

-Яагаад алба хаагчид яаралтай тусламж үзүүлээгүй юм бэ?

-Яг албан ёсоор шүүх шинжилгээний хариу гараагүй байна. Бид энэ хэргийг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Ном журмаар нь салах ёс гүйцэтгэсэн. Ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Ар гэрт нь дарамт үзүүлсэн гэж бид сонсоогүй. Бид үүргээ гүйцэтгэж байсан нэг алба хаагчаа алдсан. Энэ асуудалд буруу зөрүү битгий ойлгоорой. Энэ хэргийг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын алба нэг бүрчлэн шалгаж байгаа. Тэрээр өмнө нь ажиллагаанд яваад ирсэн цагдаа. Тэр болгоныг маш сайн шалгасны дараагаар өөрийн биеэр мэдээлэл өгнө.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван газар олон нийтийг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Журам зөрчсөн тохиолдол их гарч байна. Өнөөдрийн байдлаар гэхэд 63 тохиолдол бүртгэгдээд, шалгагдаж байна. Манай Мөрдөн байцаах газарт шуурхай бүлэг ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван газар олон нийтийг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсан нь үнэн. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах болно.

Бид тусгаарлах байранд ажиллаж байгаа алба хаагчдын эрсдлийг тооцож ажиллаж байгаа. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн асуудал гардаг. Бид тусгаарлах байранд ажиллаж буй бүх ажилчдынхаа аюулгүй байдлыг нэн түрүүнд бодно.

“ПОЛЬШ УЛСАД НАС БАРСАН ОЮУТНЫ ХЭРГИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Польш улсад амь насаа алдсан оюутны талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Гадаадад манай улсын иргэдийн амь нас, эрх ашиг хохирох бүрт Элчин сайдын яамдаар дамжин Консулын газарт тухай бүр ирдэг. Өөрөөр хэлбэл, 24 цагийн турш гэсэн үг. Бид энэ мэдээллийг авсан. Авсан даруйдаа Варшав дахь Элчин сайдын яам, тэнд байгаа өргөмжит консул, оюутнуудтай уулзсан. Ар гэрийнхэнд нь шуурхай мэдээлэл өгч ажиллаж байгаа. Энэ бол харамсалтай тохиолдол. Өнгөрсөн онд гэхэд Монголын 128 иргэн гадаадад нас барсан. Бид энэ харамсалтай мэдээллийг ар гэрт нь өгдөг. Энэ хүнд гарз хохирол, уй гашууг ямар нэгэн байдлаар дүгнэж, эцсийн шийдвэр гарсан мэтээр олон нийтэд түгээж, улс төржүүлж байгаа нь харамсалтай. Ар гэрийнхэн нь энэ асуудалд маш их эмзэглэж байгаа. “Бидний хүүхэд маш даруухан хүүхэд. Амиа хорлох ёсгүй” гээд ярьж байгаа. Зургадугаар сарын 7-8-нд шилжих шөнө Польшийн Краков хотод суралцаж байсан 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсныг цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад байгаа учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна. Энэ болгоныг мэдээлэх нь ёс зүйгүй асуудал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
10
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж