“Мисс Гитлер” гоо бүсгүйн тэмцээнд ялж байсан Англи бүсгүй “Үндэсний хөдөлгөөн” гэх хориотой бүлэглэлийн гишүүн байсныхаа төлөө шоронд хоригдохоор болжээ. Түүний гоо үзэсгэлэн ялгаварлан гадуурхагчдыг бишрүүлсэн ч гурван жил хоригдох ялаас хэлтрүүлж чадсангүй.
Үндэсний хөдөлгөөн бүлэглэлийг 2016 онд “ялгаварлан гадуурхагч, хүний эрхийн эсрэг, ижил хүйстнүүдийг үзэн ядагч” хэмээн дотоод хэргийн сайд Эмбер Радд дүгнээд Исламын улс бүлэглэл, Ирландын бүгд найрамдах арми зэрэгтэй ижил хар жагсаалтад оруулсан билээ.
Гоо бүсгүй Алис Каттер өчигдөр/2020.06.09/ Бирмингхэмийн шүүхээр орж, гурван жил хорих ял, түүний найз залуу Марк Жонс таван жил, зургаан сар, бүлгийн өөр хоёр гишүүн мөн хорих ял сонсчээ.
Каттер бүлэглэлийн идэвхтэй гишүүн байсан бөгөөд бүлэгт шинэ гишүүн элсүүлэх ажлыг шаргуу хийдэг байжээ. Түүнийг 2016 оны “Мисс Гитлер” гоо бүсгүйн тэмцээнд орж, нэгдүгээр байранд орж байсныг шүүх энэ жилийн эхээр л олж мэджээ.
Цагдаа нарын мэдээлснээр дээрх дөрвөн этгээд тогтмол уулзаж, бүлгийнхээ үйл хэрэг, хорлон сүйтгэх, үзэн ядах сэдвүүдээ ярилцдаг байжээ. Мөн Каттер болон түүний найз залуу бүлэгт шинэ гишүүн элсүүлж, арьс өнгөний дайн дэгдээх гэх мэт ухуулга хийдэг байсан гэнэ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ