УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр /2020.6.10/ устгалд оруулахаар болжээ.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр хувьцаат компанийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгож, хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн бараа, эм эмийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлж, хүний амь нас, эрүүл мэндэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын утаанд өртсөн хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр устгалд оруулах юм байна. Хэр хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаар өгөх юм байна.
Түүнчлэн өнгөрсөн жилийн зургадугаар сард “E-mart”-д гал гарч, хөө тортог болсон, сав баглаа боодол нь гэмтсэн зэрэг шаардлага хангаагүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан билээ.
Р.ДУЛАМ