Далайн хаягдлаар загвар бүтээгч Ван Юнфен

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

FASHION

Далайн хаягдлаар загвар бүтээгч Ван Юнфен

Далайн хаягдлаар загвар бүтээгч Ван Юнфен

Шаварт хутгалдаж, өнгөө алдсан улбар шар рольк, загасны толгой, орооцолдсон, урт улаан олс. Эдгээрийг та барууны дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгчдийн урлангаас олж харахгүй л болов уу. Харин БНХАУ-ын загвар зохион бүтээгч, үзүүлэх урлагийн төлөөлөгч Ван Юнфений хувьд бол өөр.

Бээжингийн зүүн хэсэгт байдаг жижигхэн байрандаа Ван зөвхөн өөрийн л өмсдөг өвөрмөц хувцаснуудыг урладаг. Түүний биеийг ороож, хуниралдсан хачирхалтай загварууд үргэлж хүмүүсийн байгальд хаясан хогоор бүтдэг бөгөөд цахим орчинд тарсан зураг нь хүн төрөлхтний байгаль дэлхийгээ хэрхэн сөнөөж байгааг харуулах давхар зорилготой аж.

“Би хүмүүсийн анхаарлыг байгаль дэлхийд хандуулахын төлөө хувцас хийдэг. Энэ бол үзүүлэх урлагийн нэг хэлбэр. Миний хийсэн хувцаснууд өдөр тутамд өмсөх хувцас биш. Харин байгалиа хамгаалах талаар бодлыг хүмүүст төрүүлэх учиртай юм” хэмээн Ван ярьжээ.

Түүний хамгийн сүүлд гаргасан “Далай тэнгисийг хамгаалъя” коллекцид орооцолдсон тор, хуванцар хаягдлуудаар урласан хувцас, нүүр хувирлынх нь зовлон, шаналал нь далайн амьтдын хэрхэн зовж буйг харуулах гэсэн мэт. Энэ тухайгаа Ван “Би далайн амьтад хог хаягдлаас болж үхэхийнхээ өмнө яаж зовж, тарчилдгийг харуулахыг зорьсон” хэмээн ярьсан аж.

УРАМ ЗОРИГ

Ван Ляонин мужийн 2 сая хүнтэй Фүшүн хэмээх жижиг хотод тэрбээр өсчээ. Урлагийн авьяасаа ааваасаа өвлөж авсан бололтой. Учир нь түүний аав Ван Лүн Хятадын үндэсний хоёр хүний жүжгийн жүжигчин байсан аж.

Ван аавынхаа дуулж бүжиглэхийг үргэлж үздэг байсан бөгөөд түүний сонирхлыг ялангуяа аавынх нь эмэгтэй хамтрагчийн гял цял хувцас хамгийн ихээр татдаг байжээ. “Би жүжгээс илүү хувцсанд нь дурладагсан. Эрэгтэй хувцас огтхон ч хүчирхэг биш. Эрэгтэй хувцасны өнгө, загвар хэтэрхий энгийн. Харин эмэгтэй хувцас бүхнийг илэрхийлж чаддаг” хэмээн Ван дурсчээ.

Нас биед хүрч, гэрээсээ явсны дараа Ван олон янзын ажил хийж үзжээ. Тухайлбал, тэрбээр нэг хэсэг жүжигчин байгаад, дараа нь алдартнуудын нүүр будагч болсон аж. Гэвч түүний бодол санаа багадаа тайзан дээрээс харсан гайхалтай хувцаснуудаас салж хагацахгүй байв. Нэг удаа тэрбээр төрсөн гэрээрээ зочлохдоо хуучирч, хаягдал болсон хувцас олжээ. “Гэнэт миний толгойд нэг санаа төрсөн юм. Тэгээд л би тэднийг амьдруулахын тулд өөрийн хүсч байсан загвар болгон бүтээсэн” хэмээн Ван дурсан ярьжээ.

ӨРНӨ, ДОРНЫН УУЛЗВАР

Ваны гэрт хаягдал материал дүүрсэн цүнх, шургуулганаас их юм үгүй. Өөрөө эхнээс нь бүгдийг сурсан тэрбээр өрнийн болон дорнын шинжтэй олон элемэнтийг бүтээсэн загвартаа шингээдэг аж.

Ван хийсэн хувцаснуудаа өмсөж, олон орноор аялан, загварын салбарт хамгийн алдартай хотуудад зургаа даруулдаг. Жишээ нь Парист Эйфелийн цамхагийн хажууд “Парисын Коубой” нэртэй хувцсаа өмсөж зураг даруулсан байна. Мөн Луврын музейн урд “Өрнийн цэцэг” нэртэй хувцсаа өмсөж зураг даруулжээ.

Түүний зарим хувцаснууд арай орчин үеийн загвартай. Жишээ нь “Галзуу IKEA” загварыг харахад тэрбээр Нью Йоркын Таймс цамхагийн ойролцоо IKEA брендийн тороор хийсэн хувцас өмсчээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж