ОХУ-ын Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас өнгөрсөн долоо хоногт Хойд туйлын бүс нутагт оршдог голын усанд 20 мянган тонн дизель түлш асгарсан юм. Хойд туйлын байгаль, экологид асар хортой түлшийг нэн даруй цэвэрлэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онц байдал зарласан билээ.
Цахилгаан станцын даргыг баривчлан саатуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр түлш асгарсан хэргийг орон нутгийн албаныханд нэн даруй мэдэгдэж, арга хэмжээ авалгүй цаг алдсан аж. Түүнчлэн Красноярск хотын захирагч Александр Уссын мэдээлснээр орон нутгийн албаныхан түүнд мэдээлэхдээ түлш асгарсан ч байгаль орчинд хор хөнөөл учруулаагүй гэсэн аж. Улмаар орон нутгийн албаныхан түлш асгарсан хэргийг нуун дарагдуулахыг оролдсон гэж Александр Усс мэдэгдсэн байна.
Голд асгарсан түлшийг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Түлшийг цэвэрлэхээр Цахилгаан станцын 700 орчим ажилчин өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж. Гэвч түлш асгарсан гол нь том нуурт цутгадаг бөгөөд цаашлаад Хойд мөсөн далайд хүрдэг аж.
Эх сурвалж: The Telegraph