НЭМЭЛТ: Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу "МИАТ" компанийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" нисэх онгоцны буудалд дөнгөж сая газардлаа.
Тус нислэгээр 175 иргэн эх орондоо ирсэн бөгөөд гурван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, онгоцны хойд тусгай хаалгаар буулгаж, ХӨСҮТ-д тусгаарлахаар авч явлаа. Харин үлдсэн 172 иргэнийг ХӨСҮТ, ЦТЭ, “Вензоу”, “Мичид” зочид буудалд 21 хоног тусгаарлана.
УОК нь энэ зургадугаар сард тусгай үүргийн найман онгоц нисгэж, 2000 гаруй иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Энэ дагуу даваа гаригт ирсэн Австрали-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 иргэний эхний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг ЭМЯ өнөөдөр дуулгасан юм.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авч байна.
Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Wednesday, June 10, 2020
Нур-Султан-Улаанбаатарын нислэг 12.10 цагт Монгол руу хөөрнө
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу "МИАТ" компанийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.10/ 12.10 цагт "Нурсултан Назарбаев" онгоцны буудлаас хөөрөх юм байна.
Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 150-170 хүртэл иргэнээ татан авна. Тус нислэгт хамрагдсан иргэдийн бүртгэл энэ өдрийн 09.30 цагт эхлэх тул 09.00 цагт очсон байх бөгөөд нэг зорчигчид ногдох ачааны хэмжээ 23 кг, гар тээш таван кг-аас хэтрэхгүй байх бөгөөд илүү тээш авах боломжгүйг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулжээ.
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Бид ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөсөн. Анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм” гэдгийг хэлж байв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Зургадугаар сарын 08-нд Австрали,
- Зургадугаар сарын 10-нд Казакстан,
- Зургадугаар сарын 11-нд Токио,
- Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
- Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- Зургадугаар сарын 18-нд Сөүл
- Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ