"Банкууд авлагаа барьцаалж, хөрөнгө босгох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

"Банкууд авлагаа барьцаалж, хөрөнгө босгох боломжтой"

"Банкууд авлагаа барьцаалж, хөрөнгө босгох боломжтой"

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй таны хувьд өнөөдөр энэ зах зээл хэр хөгжиж байна гэж харж байна вэ?

-Миний бие Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн урт хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Өнгөрсөн хугацаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулахаас нь эхлээд батлуулах хүртэл нь хариуцаж ажилласан. Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд гар бие оролцож, үүний үр дүнд олон улсын стандартыг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж чадлаа. Мөн төлбөр тооцооны шинэчлэл хийж, олон улсын жишигт нийцсэн дараа төлбөрт Т+2 системийг нэвтрүүлсэн, зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилж, эрх зүйн таатай шинэ орчныг бүрдүүлснээр Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийх ажиллагаа ихээхэн идэвхижсэн.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид юун дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээл харьцангуй өсч, ахиц дэвшил гарч байгаа энэ эрчийг алдагдуулахгүй, зах зээлийг улам эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэлийн арга хэмжээнүүдийг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн бүтэц хэт нүсэр байна. Олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтцийг судалж үзвэл арилжаа, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн байгууллагууд нь нэгдмэл буюу группийн бүтэцтэй байдаг тул эцсийн хөрөнгө оруулагчийн арилжаанд оролцох зардал нь хямд болдог. Манай зах зээлийн хувьд олон салангид байгууллагууд нь төрийн өмчит хэлбэрээр тус, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь зах зээлийг нэгдсэн бодлого, чиглэлээр хангах, зах зээлийн өртөг зардлыг бууруулахад сөргөөр нөлөөлдөг.

Үүний зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сан бий болгох шаардлагатай байна.

Бидний хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хамтын хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлсэн. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь компани хөрөнгийн бирж дээр IPO хийдэгтэй ижил зарчмаар олон нийтэд хувьцаагаа гаргаж, хөрөнгө босгоно. Тэрхүү хөрөнгөөрөө хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компаниудаар багц бүрдүүлэн хөрөнгө оруулалт хийж, мэргэжлийн удирдлагаар хангаж өгдөг. Эрх зүйн орчин нь бүрдсэн учраас ойрын хугацаанд эхний компани хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгоно гэж найдаж байна. Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу банк, санхүүгийн байгууллагууд авлагаа барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох бүтээгдэхүүний эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргээр бид хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг хөшүүрэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа гэж ойлгож байна. Монголын 1.2 сая иргэн хувьцаа эзэмшигч боллоо?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 онд иргэдэд анх эзэмшүүлснээс хойш өдгөө найман жил өнгөрлөө.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаагаа ард түмэнд эзэмшүүлээд, хувьцаа эзэмшигч гэж нэрлэж байгаа ч тэрхүү хувьцааг бид сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна.

Ард иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаагаа хөрөнгийн бирж дээр худалдаж, худалдан авч чадахгүй байна. Хэдийгээр бид ногдол ашгаа хараахан аваагүй байгаа ч 1072 хувьцааны ногдол ашиг тараах шийдвэр гарсан нь тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байна гэсэн үг. Төр засгийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хувьцааны арилжааг яаралтай эхлүүлэх нь зүйтэй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь сонгодог утгаараа хувьцаат компани болж, иргэд хувьцаагаа арилжих, хувьцааны үнэ цэнийн өсөлтөөс ашиг хүртэх боломж нь нээлттэй болно.

-Иргэдийн хувьд өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэг хэр дээшилсэн гэж та харж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2.5 сая иргэн эзэмшиж, үүнээс 2.3 сая иргэн  өнөөдрийн байдлаар дансаа нээлгээд байна. Ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр, манай байгууллагаас “Эрдэнэс тавантолгой” компанитай хамтран нийт 21 аймаг, 330 сумд хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг, анхан шатны сургалтыг зохион байгуулж, 38,000 иргэнд хүрч үйлчлээд байна. Эдгээр ажлууд тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч, зах зээл идэвхжихэд нөлөөлж байгаа гэж үзэж байна. Хүн бүр тодорхой хэмжээнд мэдлэгтэй байх нь зүйтэй боловч мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд бий болвол тэр сангууд нь иргэдийн хөрөнгө оруулалтыг удирдах боломжтой. АНУ, Баруун Европын улс орнуудын жишээг харвал иргэд нь хөрөнгийн зах зээлдээ өөрсдөө шууд оролцохоос илүүтэй хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хөрөнгө оруулдаг нь зах зээл урт хугацаанд тогтвортой хөгжихөд нөлөөлсөн байдаг. Манай улсад харамсалтай нь одоогоор мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй байна.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай

-Тэтгэврийн сан өөрөө олон улсад хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг тулгуур нь болдог. Таны хувьд тэтгэврийн реформ хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. Манай улсад тэтгэврийн сан хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө оруулалтын сангийн нэр хэлбэр болсноор монголчуудад ямар ач холбогдолтой гэж харж байна вэ. 

-Хөрөнгийн зах зээл хөгжих гол үндэс нь урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч. Нэг талаас бүтээгдэхүүн гарч, нөгөө талаас түүнийг худалдан авах эрэлт буюу хөрөнгө оруулагчид байж зах зээл хөгжинө. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болох гол суурь нь тэтгэврийн сан.

Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл нь татварын шинж чанартай болчихсон. Эргээд хүмүүсийн амьдралд огт нэмэр болохгүй байгаа нь тод харагдаж байна. Угтаа бол бид ирээдүйдээ хөрөнгө оруулах зорилгоор НДШ-ийг төлдөг ч энэ зүй тогтол нь алдагдчихсан. Үүнийг л өөрчлөх зорилгоор бид санаачилга гаргасан. Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээл нь хувийн тэтгэврийн сангийн оролцоогоор тэтгэгдэж, тэтгэврийн санд хөрөнгөө хуримтлуулж буй иргэд нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөөр хуримтлалаа өсгөж байдаг. Жишээлбэл, Монгол Улсад “Оюутолгой” төсөл хэрэгжиж байна. Төслийн дийлэнх хувьцааг Рио Тинто компани эзэмшдэг.

Гэтэл АНУ-ын Калифорни мужид амьдардаг багш тэтгэврийн сангаараа дамжуулан Рио Тинтогийн хувьцааг худалдан авч, Оюутолгойн төслийн өгөөжийг хүртэж байх жишээтэй. Үүний адилаар Монголын ард түмэн дотоод, гадаадын аль ч төслөөс шууд үр өгөөжийг нь хүртэж чадах тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм.

Бидний төсөөлж буйгаар, тэтгэврийн шинэчлэл ирэх парламентын хугацаанд хийгдэх болов уу.

-Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч IPO хийхийг иргэд сайн ойлгохгүй, хэн нэгний эсвэл гадаадын өмч болох гэж байгаа мэтээр хандаж байна Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах нь хэр ач холбогдолтой зүйл вэ?

-Монгол Улсын хөгжлийн гол тулгуур нь уул уурхай. Тэгэхээр уул уурхайн төслийг хэрэгжүүлж буй компани нь өөрөө хувьцаат компани болоод Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалбал Монголчууд тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар уул уурхайн төслөөс өгөөжийг нь шууд хүртэх боломж нь нээгдэх ач холбогдолтой.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр давхар бүртгэл гэдэг концепт бий болсон. Энэ нь гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар арилжаалах процессыг хэлж байгаа юм. Жишээ нь, Эрдэнэ Ресурс Девелопмент компани нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг Канадын компани бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж хувьцаагаа арилжаалж байна. Энэ нь бусад уул уурхайн төслүүд, тухайлбал Оюутолгойн төслийг хэрэгжүүлж буй Туркойз хилл, Рио Тинто зэрэг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, улмаар Монголын ард түмэн тэрхүү хувьцаанаас нь, уул уурхайн төслийн үр өгөөжийг нь шууд хүртэх үүд хаалгыг нь нээсэн маш том алхам болсон.

-Covid-19 цар тахлын нөлөө хөрөнгийн зах зээлд хэр мэдрэгдэж байна вэ?

-Цар тахал дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд асар хүчтэйгээр нөлөөлж байна. Томоохон биржүүдийн индексүүд түүхэн хямралын үеийн уналтуудыг үзүүлсэн бөгөөд одоо эргэн сэргэж байна. Дотоодын зах зээл ч мөн адил тодорхой хэмжээнд уналттай байсан бөгөөд цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул эргэн сэргэх үйл явц удаашралтай байна. Энэ жилийн хувьд төлөвлөгдсөн ажлууд бага зэрэг хойшлогдож байна. Гэсэн хэдий ч зах зээлийн оролцогч байгууллагууд төлөвлөсөн арга хэмжээнүүдээ авч ажиллаж байна. Тухайлбал, энэ оны эхний IPO болох "Бодь даатгал" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа сая амжилттай хийгдлээ.

-Хөрөнгө оруулагч нарын хандлага ямар байна вэ?

-2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд толгой цохиж байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулшгүй. Монголын хөрөнгийн зах зээлийг Солонгос, Япон, Хятадын хөрөнгө оруулагчид сонирхож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, үүний тулд төгрөг өөрөө тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл төгрөгийн ханш маш их суларч байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад бид эрсдэлтэй харагдах нэг нөхцөл болж байна.

Монголын хөрөнгийн бирж дээр гадаад валютаар бүтээгдэхүүн гаргах эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү хялбар болно.

-Долларын бонд, бүтээгдэхүүн гаргах гээд та ярьж байна. Энэ маань эргээд долларжилтыг идэвхжүүлж, төгрөгийн ханш улам л сулрах эрсдэлтэй биш гэж үү?

-Бидний судалгаагаар, долларын зээлийн хүү 12-14 хувь, долларын хадгаламжийн хүү 3-4 хувьтай байна гэж тооцвол хөрөнгийн бирж дээр ам.долларын бонд зээлийн хүүнээс бага, хадгаламжийн хүүнээс бага зэрэг өндөр буюу ойролцоогоор 6 хувьтай байвал компаниудын хувьд хямд өртөгтэй хөрөнгө босгох, иргэдийн хувьд өндөр өгөөж хүртэх боломжтой болох юм.

-Сүүлийн үед банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргах талаар их ярих боллоо. Нэг эзэнтэй байснаас олон эзэнтэй болгое гэж байна. Энэ санаачилгыг та юу гэж харж байна вэ?

Банкны секторын шинэчлэл, тэр дундаа банкуудыг хувьцаат компани болгох нь засаглал, ил тод байдлаа сайжруулах, нэр хүнд нэмэгдэх, түүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжрах зэрэг олон давуу талууд үүсгэх боломжтой. Мөн Монголын ашигтай бизнесүүдийн төлөөлөл хөрөнгийн зах зээлд гарах нь ард иргэд хувьцааг нь эзэмших замаар ашиг хүртэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг нийтэд нь идэвхжүүлэх олон талын ач холбогдолтой.

-УИД-т тохиолдсон үйл явдал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Тэр тусмаа олон хувьцаа эзэмшигчидтэй, хөрөнгийн биржид бүртгэлтэй УИД-ийн хувьцаа хэр хэлбэлзэлтэй байна бэ?

УИД нь ойролцоогоор 40 мянган хувьцаа эзэмшигчидтэй, хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Мэдээ гарсны дараа УИД хувьцааны ханш буурсан. Бүртгэлтэй компанийн хувьд Монголын хөрөнгийн биржийн зүгээс УИД-т албан тоот хүргүүлж, учирсан гарз хохирлын хэмжээ, гал түймрийн хохирол нь даатгагдсан байсан эсэх талаарх мэдээллийг яаралтай ирүүлэхийг үүрэг болгоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж