Дүрмээ зөрчсөөр байвал золгүй явдал зогсохгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

Дүрмээ зөрчсөөр байвал золгүй явдал зогсохгүй

Дүрмээ зөрчсөөр байвал золгүй явдал зогсохгүй

Цeмeнт ачиж явсан том оврын машин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны постыг мөргөж, ноцтой осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тав хоногийн өмнөх уг ослын улмаас 11 машин мөргөлдөж, хоёр хүн гэмтсэн бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй.

Энэ осолд холбогдсон том оврын ачааны машины жолооч н.Ган-Очир нь өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байсныг Тээврийн цагдаагийн алба олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлсэн. Зам тээврийн осолд холбогдох үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хуулийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй гэсэн зөрчилтэй байсан гэх.

Энэ бол жолоочийн хариуцлагын асуудал. Гэтэл ноцтой осол гаргасан жолооч сошиалаар лайв хийж, ард түмнээсээ хандив хүсч сууна. Хэдийгээр “Гай зовлон хэлж ирэхгүй, хийсч ирдэг” гэдэг ч жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчдөггүй, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, ачааныхаа даацыг хэтрүүлээгүй бол өнөөдөр энэ олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх байсан.

Зам тээврийн осол гарахаас яг нэг цаг орчмын өмнө цагдаагийн алба хаагч том оврын машины жолоочийг зогсоож, оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. Гэвч жолооч өөрийн алдаа дутагдлыг анхаарч арилгуулахгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явснаар ихээхэн хэмжээний хохирол учруулаад буй нь энэ. Уг ослоос болж жолооч хүндэвтэр гэмтэл авчээ. Дээрээс нь энэ жолооч хэр мэргэшсэн жолооч байсан бэ гэх асуудал ч яригдах ёстой.

Тэрбээр хэргийн талаар тайлбарлахдаа "Өлзийтийн постон дээр хэд хэдэн машин дугаарлаж зогссон байсан учир эсрэг урсгал руу орсон. Гэвч өөдөөс нь дөрвөн машин гарч ирэн замын зүүн тал руу шахсан. Тэр үед машины тормоз нь ажиллахаа больсон учир нэг бол шатахуун түгээх станц эсвэл пост мөргөхөөс өөр аргагүй болсон учир постыг дайрсан" гэж ярьсан. Том оврын машины жолооч тухайн үед “Тормоз ажиллагаагүй болсон” гэх тайлбарыг замын цагдаа нарт өгчээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Зоригоогоос тодруулахад “Тухайн өдөр том оврын машинтай нийлээд 12 машин осолдсон. Том оврын машинаар замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, даац хэтрүүлэхгүй байх ёстой. Машины даац хэтрүүлснээс массаараа түрэгдэж, тормозоо алддаг тохиолдол ч бий. Ослын буруутай этгээдийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байна” гэв.

Он гарснаас хойш том оврын машинтай холбоотой таван осол гарчээ. Тодруулбал, Баянхошууны Жанцангийн буудал орчимд өнгөрсөн сард хоёр ч удаа ноцтой осол гарсныг та бүхэн санаж буй биз. Бас л бетон зуурагч машины тормос бариагүй нь улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж, долоон тээврийн хэрэгсэл эвдэрсэн.

Осол-1

Сонгинохайрхан дүүргийн IX хороо буюу Баянхошууны зам, Жанцангийн уулзварт “Исүзү” маркийн бетон зуурмагийн машины жолооч зам, тээврийн ноцтой осол гаргав. “Хонда фит”, “Тоёота приус”, “Соната-5”, “Коронда”, “Ниссан тийда” зэрэг долоон машиныг мөргөсний улмаас 3-80 насны 11 хүн гэмтсэн. Ослын улмаас 80 настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ.

Осол-2

Өнгөрөгч дөрөвдүгээр дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт “Hyundai Ston Truck” маркийн Б жолоочтой автомашин “Prius-30”, “Rumion”, “Daihatsu terois”, “Prius-20”, “Prius-20”, “Sonota-7” маркийн зургаан автомашиныг мөргөж, 41 настай эмэгтэй гэмтжээ. “Hyundai Ston Truck” маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Осол-3

Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 20-ны 12.35 минутад Хайлаастын замд “Хово” маркийн ачааны машин уруудаж явахдаа зам дагуух айлын хашаа, байшинг мөргөж, онхолдсон. Жолооч 28 настай эрэгтэй гэмтсэн. Байшинд нэг хүүхэд ээжтэйгээ хамт байсан ч азаар гэмтэж, бэртээгүй байна

Энэ мэтчилэн жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж, хүний амь эндэж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу. Өнгөрсөн 2019 онд Улаанбаатар хотод зам, тээврийн 21 мянга 874 осол гарч, ослын улмаас 131 хүн нас баржээ. Тэр дундаа том оврын машинууд зам тээврийн ноцтой осол гаргах нь нэмэгдэх боллоо. Дахин хэчнээн хүний амь нас, эрүүл мэндийг хохироож байж товрын оврын машины жолооч нар ухаарах юм бэ. Эрүүгийн хуульд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол мөнгөн торгууль болон зорчих эрхийг нь хязгаарлахаар заасан байдаг.

Автотээврийн үндэсний мэдээлснээр улсын хэмжээнд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 500 мянга нь техникийн үзлэгт хамрагддаггүй гэнэ. Ийм тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг ажээ. Хаа хаанаа хариуцлагатай байж, дүрэм журмаа зөрчихгүй явбал олон хүний алтан амийг аврана гэдгээ нэг ухаарах цаг болсон.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж