Монгол төрийн далбаатай онгоц Австрали улс руу анх удаа түүхэн нислэг хийж амжилттай газардсан. Тэртээ 10 мянган км урт замыг туулан шууд нислэгээр иргэдээ татан авсанд талархах хүмүүс олон байна.
Гадаад харилцааны яам, “МИАТ” компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авчээ. Ингээд Австрали улсаас эх орондоо ирээд буй зарим иргэд болон ар гэрийнхэнтэй нь цахимаар холбогдож, ярилцсанаа хүргэе.
-Та бүхэн сайн явж ирэв үү. Одоо хаана тусгаарлагдаж байгаа вэ?
-NEWS.MN мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид сайн явж ирлээ. Эх орондоо ирээд “Амар” зочид буудалд гэр бүлээрээ тусгаарлагдаж байна.
–Бидэнд өөрийгөө танилцуулна уу. Австрали улсыг анх хэрхэн зорьж байв. Тэнд хэдэн жил болсон бэ?
-Намайг Г.Сэлэнгэ гэдэг. Анх Австрали улс руу нөхөртэйгөө сургуульд сурахаар явсан. Тусгай үүргийн онгоцоор аав, ээж, нөхөр, хоёр хүүхдийн хамт ирлээ. Бид гэр бүлээрээ Австрали улсад гурван жил амьдарсан. Харин аав, ээж маань 2019 оны арванхоёрдугаар сард Сидней хотод ирсэн. Гэтэл удалгүй дэлхий даяар цар тахал гарч, хоёрдугаар сард Монгол руугаа буцах байсан боловч олон улсын нислэг нь цуцлагдаж, хойшилсоор зургаан сар Австралид гацсан. Тэд маань эх орондоо ирсэндээ маш их баяртай байгаа.
–Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа Австрали руу шууд нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн түүхэн нислэгт багтаж, эх орондоо ирсэндээ маш их баяртай байна. Бид анхны Сидней-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгт багтсан хүмүүс шүү дээ. Бараг л уйлах нь холгүй маш их баярлаж, догдолсон. Эх орны минь далбаатай онгоц газардахад өөрийн эрхгүй огшсон.
Австрали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анх өнгөрсөн гуравдугаар сарын эхээр “Монгол явах иргэд өргөдлөө өгөөрэй” гэж байхад нь гэр бүлээрээ бүртгүүлсэн. Дашрамд хэлэхэд, Австрали улсад суугаа Монголын Элчин сайдын яамныхан маань маш сайн ажилласан. Тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бидний хувьд онгоцны тийзэнд 3262000 төгрөг, тусгаарлах байрын төлбөрт 1050000, автобусны зардалд 10 мянган төгрөг төлсөн.
– Уг нислэг замдаа Филиппин улсын Сэбү хотод түр зогсон, тэнд гацаад буй 29 иргэнийг авсан. Эдгээр иргэдийг тусдаа суудалд суулгасан уу?
-Тийм. Тусгай үүргийн онгоц маань замдаа Филиппин улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авсан. Тэдгээр иргэдийг тусад нь онгоцны урдуур суулгасан. Филиппин улсаас суусан хүмүүс хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл маш сайн өмссөн харагдсан.
-Австрали улсад гацаад буй монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ. Энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл их ирсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байсан?
-Анхны шууд нислэгээр эх орондоо ирсэн хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхэдтэй гэр бүл болон өндөр настай хүмүүс байлаа. Австрали улсад суугаа Монголын Элчин сайд ажлаа сайн хийсэн гэж бодож байна. Өнгөрөгч гуравдугаар сараас хойш хүндэтгэн үзэх таван шалгуурынхаа дагуу хүмүүсээ бүртгэж авсан. Бидэнд “Монгол руу явах нислэгт багтсан” гэдэг хариуг гурав хоногийн өмнө их тулгаж хэлсэн. Ер нь дараа дараагийн нислэгүүдээ хүмүүст зарлахдаа ядаж долоо хоногийн өмнө зарлаасай гэж хүсч байна.
Австралид гацсан хүмүүүсийн санхүүгийн нөхцөл байдал маш хүнд болсон. Ялангуяа тэнд сурч, ажиллаж байгаа монголчуудад ажил олдохгүй, байдал улам муудаж байгаа. Бидний хувьд аав, ээжийгээ хурдан эх оронд нь явуулах юмсан гэж их санаа зовсон. Энэ удаагийн нислэгт багтаж ирсэндээ баяртай байна.
-Австрали улсын цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ. Дэлхийн өөр улсуудаас иргэдээ татан авч байгаа юу?
-Австралид цар тахлын тархалт бараг байхгүй болсон гэж хэлж болно. Тус улсын хувьд гадаадын улс орнуудаас байнга иргэдээ татан авч байгаа.
“ГУРВАН НАСТАЙ ХҮҮ МИНЬ ЭЭЖТЭЙГЭЭ УУЛЗАХААР ЯАРЧ ИРСЭН”
Харин Б.Урантөгс гэх бүсгүйн гэр бүл хоёр талд гацаад байжээ. Тэрбээр Австрали улсаас тусгай үүргийн онгоцоор нөхөр, хүүхдүүд нь ирсэнд маш их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Австрали улсад хэдэн жил амьдрав. Гэр бүлийнхэн нь ямар шалтгааны улмаас тэнд гацсан бэ?
-Сайн байна уу?. Намайг Б.Урантөгс гэдэг. Австрали улсад нөхөр О.Хэрлэнтамир болон хоёр хүүгийнхээ хамт зургаан жил амьдарсан. Миний хувьд ээж минь 2020 оны эхнээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж, цар тахал дэгдэхээс өмнө Монголдоо ирсэн юм. Харин энэ үeэр Австралид хамт амьдардаг байсан ах минь Монголдоо ирээд удаагүй байхдаа зуурдаар нас барсан. Ингээд л буцах боломжгүй болж хил хаагдсанаар хоёр талд гэр бүл минь гацсан.
Анх 2014 онд Австрали улсын Сидней хотод “Central Queensland University” их сургуульд магитстр цолоо хамгаалахаар гэр бүлийн хамт явсан. Азаар ч гэх юм уу нэг их сургууль биш хоёр их сургууль төгсөх боломж олдож, “Charles Sturt Universty” мөн төгссөн. Анх Монголоос явахдаа гурвуулаа алс холыг зорьж байлаа. Харин тэнд очоод оюутан байхдаа бага хүүгээ төрүүлж, ам бүл нэмсэн. Миний хувьд их сургуулиа ч амжилттай төгссөн.
-Бага хүү нь гурван настай гэсэн. Ээжтэйгээ уулзахаар яарч байгаа байх?
-Нөхөр, хүүхдүүд маань одоо “Баян буурал” амралтын газарт тусгаарлагдаж байгаа. Манай бага хүү гурван настай. Монголд ирсэн гэдгээ мэдээд “Ээж дээрээ очъё” гээд аавыгаа суулгахгүй байгаа гэсэн. Австрали улсад шинэ коронавирусийн халдварын тархалт маш хурдацтай нэмэгдэхийн хирээр нөхөр болон хоёр хүүдээ маш их санаа зовж, шаналж байсан. Монголд байгаа хүмүүс бүгд л үр хүүхдээ хамгаалахын тулд аль болох хотоос зайдуу агаар салхинд гарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ дор бүрнээ авч байсан. “Тэд маань өвдчихвөл яана” гэж бодохоос шөнө унтаж ч чадахгүй хэцүү өдрүүдийг өнгөрүүлсэн.
Гэтэл азаар “Австралиас иргэдээ шууд нислэгээр татан авна” гэсэн мэдээллийн дагуу шаардлагатай бүх бичиг баримт, өргөдөл, санал хүсэлтээ цаг тухай бүрт нь илгээж байсан. Монголоос Австралид суугаа Элчин сайдын яам болон Монголынхоо Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам руугаа мөн ч их залгаж зөвлөгөө заавар авч байсан даа. Гэтэл эхний нислэгт буюу Франкфуртын тусгай үүргийн нислэгт манай гурав багтаагүй. Тэгсэн ч тэвчээртэй хүлээсний эцэст энэ удаагийн нислэгт багтсанд үнэхээр баяртай байна.
Холбоотой мэдээ