Монгол Улсад хоёр цаг тутамд объектын түймэр гарч, түймрийн улмаас дунджаар долоо хоногт нэг хүний амь эрсэддэг. Олон зуун өрхийг эдийн засаг, сэтгэл санааны хохиролд унагаж, хагацал, өнчрөлд хүргэдэг түймрийг унтрааж, аврах ажиллагаа явуулахад техник хэрэгслийн асуудал хөндөгддөг. Үүний тод жишээ нь өнгөрсөн амралтын өдөр Улсын их дэлгүүрт гарсан түймэр байлаа.
Галын дуудлага 2020.06.07-нд 16.48 цагт Онцгой байдлын албанд ирж, цаг шахам хугацаанд ажилласнаар тархалтыг нь 17.30 цагт зогсоосон бол 21.30 цагт галыг бүрэн унтраасан юм. Энэ үеэрээ сөнөөгчид долоон хүний амь насыг хамгаалсан билээ. Хуйларсан улаан түймрийг унтраахын тулд Онцгой байдлын албаныхан ус шүршигчээс өөр багаж хэрэгсэлгүй шахам ажилласан. Улсын их дэлгүүрийн ойролцоох газраас ус татах гидрант хайсан ч олдоогүй, байсан нэг нь ажиллагаагүй зэрэг нь хүндрэл учруулж, түймрийг богино хугацаанд унтраахад бэрхшээл учруулав уу гэдэг асуудал ч хөндөгдөж буй.
Нөгөө талдаа ямар ч цаг үед бэлэн байдлаа хангасан байх ёстой Онцгой байдлын алба бэлтгэлгүй байв уу гэх шүүмжлэлд ч өртөөд байна. Учир нь Улсын их дэлгүүрийн ойролцоох газарт гидрант байгаа эсэхийг гал түймэр дүрэлзэж байхад эрж хайж явах бус ажилладаг, ажилладаггүй гэдэг тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Ийм мэдээллээр Онцгой байдлын алба хангагдаагүй нь бэлтгэлгүй байсны нэг илрэл гэж үзэх хэсэг ч бий.
Мөн түймэр газар авахад дээвэр хэсгийн шатамхай бүтээгдэхүүн нь нөлөөлсөн, сүүлд зургаа, долдугаар давхрыг нэмж барихдаа зориулалтыг нь өөрчилсөн зэрэг нь гол шалтгаан болсон гэдэг асуудал яригдаж буй. Одоогоор галын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Бид энэ удаад түймрийг цаг алдалгүй унтраахад ямар асуудал тулгамддагийг сурвалжиллаа.
ТЕХНИКИЙН ХАНГАМЖ 60-70 ХУВЬТАЙ БАЙДАГ
Гал унтраахад дутагддаг техник хэрэгслийн талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Мягмаржаваас тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй аврагч, гал сөнөөгч байдаг. Тэдний 70 хувь нь л хорт хий, утаанаас хамгаалах баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмжөөр хангагдсан байдаг аж. Мөн гал сөнөөгчдөд хоорондоо холбогдон нөхцөл байдлын талаар нэгэндээ мэдээлэл дамжуулах холбооны станц ч байдаггүй юм байна.
-Гал түймрийг цаг алдалгүй, түргэн унтраахад техник талаасаа юу дутагддаг вэ?
-Өндөр барилгад гарсан галыг унтраахад шаардлагатай шат нийслэлд гуравхан байдаг. Энэ шат есөн давхарт хүрч ажиллах боломжтой, ЖАЙКА байгууллагын тусламжаар авсан техник. Мөн энэ шатыг 45 градуст, тэгш газарт байрлуулж, хөдөлгөөн мэдрэгчтэй болохоор хажууд нь машин техник байрлуулж болдоггүй. Гал унтраах автомашин, дулаан мэдрэгч камер, багаж хэрэгслүүд дутагддаг. Тоочвол олон зүйл бий. Таван давхарт яваа гал сөнөөгч хоёр давхарт яваа хүнтэйгээ холбогдох шаардлагатай байдаг. Гэтэл хоорондоо холбоо барих станц байдаггүй. Салаан дарга нарт л станц байдаг. Гал унтраах, аврах ажиллагаа явуулахад багийн ажиллагаа шаарддаг. Гэтэл хоорондоо холбоо барих хэрэгсэл сөнөөгч, аврагч бүрд байдаггүй. Ерөнхийдөө гал унтраахад шаардлагатай техник хэрэгслийн хангамж 60-70 хувьтай байдаг.
-Аврагчдыг дутагдаж байгаа техник хэрэгслээр хэзээ хангах вэ. Уг нь хангалттай хандив, тусламж Онцгой байдлын газарт очдог шүү дээ?
-Онцгой байдлын байгууллагаас шаардлагатай техник хэрэгслийг авах асуудал гаднын төсөл, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа.
-Мөн онгоц авах асуудал ямар шатандаа явна вэ?
– Онцгой байдлын байгууллага сүүлийн 4-5 жил нисдэг тэрэгтэй болох уриалга дэвшүүлж, санаачилгаа байнга уламжлан, энэ асуудал яригдаж байгаа. Энэ жилдээ багтахгүй бол ирэх жилд Францаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нисдэг тэрэг авахаар яригдаж байна. Одоогоор улсын хэмжээнд гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй. Онгоц дээр ажиллах мэргэжилтэн, хүний нөөц, ямар онгоц байх талаар судалгаа хийж байгаа.
-Мөн автомашины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байх. Одоогоор нийслэлд гал унтраах хэдэн машин байна вэ?
-Нийслэлийн онцгой байдалд 16 анги байдаг. Үүний нэг нь аврах, 15 нь гал унтраах анги. Нэг анги нь зориулалтын 2-3 машинтай. Автомашины тоог нэмэгдүүлэх ажил мөн төслийн хүрээнд явж байгаа.
-Нийслэлийн гидрантуудад шалгалт хийдэг үү?
-Нийслэлд 170 гаруй гидрант байдаг. Нийслэлийн онцгой байдлын газраас улирал бүр гидрантуудад шалгалт хийдэг. Эдгээрээс 104 гидрант нь л ажилладаг. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 12 гидрант байдгаас найм нь л ажилладаг. Мөн гидрантын таг ГК гэсэн бичигтэй байдгаараа траншейнаас ялгардаг. Гэтэл манайхан энэ тагуудыг солиод тавьчихсан байдаг нь яарсан үед олоход хүндрэл учруулдаг.
ЖИЛД 20 ГИДРАНТ ТАВЬДАГ
Ингээд галын гидрантыг нэмэгдүүлэх асуудлыг Ус сувгийн удирдах газрын Шугамын ашиглалт, засварын албаны ахлах инженер Т.Энхболдоос тодрууллаа.
-Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр нийслэлд галын 60 гаруй гидрант ажилладаггүй юм байна. Ийм гидрантуудаа засварлаж, гидрантуудын тоог нэмж болдоггүй юм уу?
-Ус сувгийн удирдах газрын харьяа шугамд одоогоор 138 гидрант ажиллаж байна. Социализмын үед галын гидрант олон байдаг байсан. Харин 1990 оноос хойш олон гидрант алдагдсан. Ажиллахгүй байгаа нь эвдрэлтэй холбоотой. Гидрант нь алим болон шилбэ гэсэн хэсгүүдээс бүрддэг. Энэ хоёр хэсгийн аль нэг нь гэмтсэн бол мөн зам шинээр тавих, замыг өргөтгөхдөө ажиллагааг нь өөрчилсөн зэрэгтэй холбоотой. Ийм гидратыг үе шаттайгаар засварлаж, энгийн ажиллагаатай болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа.
-УИД-ийн ойролцоо хэдэн километрт гидрант байдаг юм бэ. Үүнээс гадна томоохон газрууд өөрийн гидраттай байх шаардлагатай байх?
-Дуудлага ирсэн даруйд манай ажилчид тэдгээр гидрант дээр очиж ажилласан ч онцгойгынхон тэр гидрантад ирээгүй. Усны нөөц хангалттай гэж үзсэн юм байлгүй.
Орон сууц, үйлчилгээний төв, хотхон, томоохон барилгуудад өөрийн гидрант байх ёстой. Энэ утгаараа УИД-т өөрийн гидрант байх ёстой ч байгаагүй. Магадгүй дээр үеийн байрилга болохоор тэр байх. Шинээр баригдаж байгаа барилгуудад өөрийн гидранттай байх шаардлага тавьж байгаа тул орчин үеийн барилгууд бүгд өөрийн гидранттай баригдаж байгаа.
-Дээр үед баригдсан, өөрийн гидрантгүй барилга нийслэлд олон бий. Энэ утгаараа нийслэлд аль болох олон гидрант байх шаардлагатай. Гидрант хооронд тодорхой зай байх шаардлагатай юу. Нэмж гидрант байгуулахад ямар хэмжээний өртөг шаардлагатай вэ?
-Хоорондын зай гэж байдаггүй ч манайх төлөвлөгөөний дагуу жилд 20 гидрант шинээр тавьдаг. Гидрантад шаардлагатай зүйлийг импортоор авдаг. Монгол Улсын хувьд уур амьсгалаас шалтгаалаад далд байрладаг гидрант ашигладаг. Мөн онцгой байдлынхны техник орос стандарттай байдаг болохоор БНХАУ ч юм уу, өөр орны гидрантыг ашиглаж болдоггүй. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн гидрант нь илүү үнэтэй байдаг.
Р.ДУЛАМ