БНАСАУ БНСУ-тай харилцах бүх шугамаа, ялангуяа хоёр улсын удирдагчдын холбогддог болон цэргийн шугамыг тасалж буйгаа мэдээлжээ. Энэ нь БНАСАУ БНСУ-ыг “Дайсан” хэмээн тодорхойлсноос хойш хийх олон алхмын нэг гэжээ.
Умард Солонгосын өмнөд хилийн Кесун хотын оффисоос хийдэг байсан өдөр тутмын дуудлага өнөөдрөөс/2020.06.09/ эхлээд тасарч байгаа аж. Тус оффисыг хоёр улс хоорондын үл ойлголцлоо багасгахын тулд 2018 оноос хойш ашиглаж иржээ.
Солонгосын дайн 1953 онд дууссан гэгддэг ч хоёр улсын хооронд энхийн гэрээ одоо ч байгуулагдаагүй тул үндсэндээ БНАСАУ, БНСУ хоёр одоо ч дайтаж буй гэж ойлгоход хилсдэхгүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ санаачилгыг БНАСАУ-ын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон болон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар гаргажээ.
"Хоёр улсын харилцаа эцсийн цэгтээ хүрсэн. БНСУ-тай хийсэн хэлэлцээрүүд урам хугалсан" гэж Хойд Солонгосын эрх баригчид онцолжээ. Мөн Сөүл "зохисгүй үйлдэл" гаргаж, Хойд Солонгосын ард түмнийг доромжилсон хэмээн үзэж буй аж.
Өмнө нь БНСУ-д дүрвэсэн иргэд ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг хил давуулан хөөргөж байгаад БНАСАУ бухимдан, үүнийг зогсоох арга хэмжээ авахыг БНСУ-д удаа дараа сануулж, үгүй бол бүх цэргийн хэлэлцээрээ цуцална хэмээн сүрдүүлж байжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ