Зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

VS

Зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байна

Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн хавар /2020.03.18/ covid-19 цар тахлын улмаас бизнес эрхлэгчид хүнд байдалд орж буйг зөөллөх зорилгоор зээлийн эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаар хэрэглээний болон бизнесийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах боломж олгож буйгаа мэдэгдсэн. Гэвч дээрх шийдвэр бизнес эрхлэгчдэд үйлчлэхгүй байгаа тухай яригдаж буй. Иймээс  зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулах шийдвэр нь ямар агуулгатай гарсан, бизнес эрхлэгчид энэ шийдвэрт хамрагдахад ямар хүндрэл гарч байна вэ гэдгийг тодруулах зорилгоор Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин, Жижиг, дунд бизнес эрхлэгч Г.Уранчимэг нарын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин:

-Бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгийг юу гэж ойлгох вэ. Тодорхой тайлбарлаж өгнө үү?

Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах гэсэн үг. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.

Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь графикт өөрчлөлт оруулах нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавраас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкиндаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавьж болно. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Зээлийн бүтцийг өөрчлөх буюу гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдийн аль алинд олгож байна.

Мэдээж зээлдэгчээс зээлээ төлөх хугацааг сунгана гэдэг нь банкуудад учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Гэхдээ Монголбанкны зүгээс банкуудад мөрдүүлж буй журам, зохицуулалтын хүрээнд түр хугацаанд уян хатан хандах байдлаар банкуудад хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, дээр дурдсан ангилал бууруулах хугацааг уртасгахтай холбоотойгоор банкнаас байгуулах зээлийн эрсдэлийн сангийн зардал буурах боломжтойгоос гадна, хөрвөх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой зарим шаардлагыг бууруулах, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

-Хэрэгжих хугацааны хувьд 2020 оны нэгдүгээр сарын 31-ээс долдугаар сарын 31 гэж заасан нь ямар учиртай вэ?

-Энэ зохицуулалт хэрэгжих хугацаа гэж ойлгож болно. 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдийн зээлийн ангиллын хөнгөлөлт үйлчилнэ.   

Эх сурвалж: Монголбанк 2020.03.19

Үзвэр үйлчилгээний холбооны гишүүн, бизнес эрхлэгч Г.Уранчимэг:

-Үйл ажиллагаа нь зогссон хэчнээн аж ахуйн нэгж байна вэ. Ямар хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ.?

-Үзвэр үйлчилгээ, баар караоке ажиллуулдаг бизнес эрхлэгчид зургаан сарын хугацаанд тэг зогсолт хийлээ. Зургаан сарын турш ямар ч орлогогүй, хүнд байдалд байгаа энэ газруудыг нээж өгөөч ээ. өнөөдөр 3348 аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Хохирлын хэмжээг нийтэд нь тооцож гаргаагүй байна.

Миний хувьд хороололд караоке ажиллуулдаг, хагас жилийн хугацаанд ямар ч орлогогүй, сар бүр тогтмол зарлага гаргаж байлаа.  Ус, цахилгааны мөнгөө сар бүр төлж байна. Миний ажиллуулдаг обьект түрээсийнх. Түрээсийн талбөрөө сар бүр төлж байна. Сарын түрээс 2.5 сая. Орлогогүй байж, сар бүр сул мөнгө өгөөд байхаар алдагдалд их ордог юм байна. Түрээсийнхээ мөнгийг өгөхгүй гэхээр түрээслүүлэгч манайх өөр газар оруулна гэдэг. Гэтэл тэнд үйлчилгээ явуулах гээд маш их засвар хийгээд нэлээд их хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Гарах хэцүү, байх хэцүү ийм байдалтай байна.

Манайхаас том газрууд бол бүр хэцүү, сарын зардал нь 10, 20 сая төгрөгөөр яригддаг.

-Бизнесийн зээлийг хойшлуулж өгөхөөр боллоо гэж Засгийн газраас мэдэгдсэн. Танайх зээлтэй юу?

-Манай холбоонд байгаа бүх аж ахуй нэгжүүд бүгд бизнесийн зээлтэй. Байнгын банкнаас ярьж байна. Төр засгаас зээлийн хүүгээ хойшлуулах боломжтой гэж яриад байгаа ч энд байгаа 300 гаруй бизнес эрхлэгч төр засгийн хөнгөлөлтөд орсон нэг ч газар алга.

Тэр шийдвэр нь биднийг тойроод байгаа юм уу, эсвэл шаардлага хангахгүй байгаа юм уу. Банкин дээр очихоор танай зээлийн хүүг хойшлуулах боломжгүй, шаардлагад нийцэхгүй байна гэдэг тайлбарыг өгдөг. Төр засгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь бидэнд наалдсан, хүрч байгаа юм алга. Бид хэнд хандахаа мэдэхгүй, нэлээд удаан явлаа. Тиймээс талбай дээр тайван цугларалт хийлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 2020.06.09

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж