Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж, дараах зөвлөмжийг өгч байна.
ГЭР БҮЛ ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
- Хүүхдийн чөлөөт цаг, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах.
- Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, чанарт байнга анхаарч, хүүхдийнхээ нас сэтгэхүйн байдалд тохируулан мэдээлэл, зөвлөгөө өгөх.
- Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх.
- Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос зэргийг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах.
- Бетон, том савтай усыг хүүхэд авч чадахааргүй таглаатай байлгах.
- Эм, ариутгалын бодис, хүүхэд хордож болзошгүй барааг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах
- Тагт, цонхны бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж сануулах.
- Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байх, гал түймэрт өртөх, тог цахилгааны аюулын талаар ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах.
- Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх.
- Хүүхдээ айл хөршийн хүндээ захиж үлдээх, хүүхэд ганцаараа байгаа гэдгийг хорооны олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд хэлж мэдэгдэх нь аюулаас сэргийлнэ гэдгийг бүү мартаарай.
- Гэр, хашааны хаалгыг түгжиж байх, танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулж ойлгуулах.
ОЛОН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ТОГЛООМЫН ТАЛБАЙН ОРЧИН ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
- Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гол ус руу хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй байх, гол усны аюулын талаар хэлж ойлгуулах.
- Гол усны ойр орчимд харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр тоглож байгаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, зөвлөмж анхааруулга өгөх, мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Цагдаагийн байгууллагын 102 утас, Онцгой байдлын газрын 101 дугаарт заавал мэдээлэх.
- Хүүхдээ тоглуулахаас өмнө тоглоомын талбайн мэдээлэх тэмдэгээс мэдээлэл авч, хүүхдэд мөн тайлбарлан таниулах.
- Хүүхдээ тоглуулахаас өмнө тоглоомын талбайг шалгаж тоглоомын тоног төхөөрөмж эдвэрсэн эсэх, хүүхэд гацах, хувцсаараа гогдох, гэмтэх зүйлүүдийг аюулгүй болгох, урьдчилан сэргийлж, тоглоомын талбайн гадаргууд хурц ирмэгтэй, хагарсан шил зэрэг зүйлүүд байвал зайлуулсны дараа хүүхдээ тоглуулах.
- Байрны гадна, гудамж талбайн тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, иргэний үүргээ биелүүлэх.
- Хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл, гэмтэл, үйлчилгээний талаарх мэдээллийг тухайн хариуцсан байгууллага, мэдээллийг мэдээлэх тэмдэгт байгаа хаяг, утасны дугаараар мэдэгдэх.
- Хүүхдийн унадаг дугуй болон гар утас, эд зүйлийг булааж зугтах, дээрэмдэх гэмт хэрэг өсдөг тул та аль болох хараа хяналтгүй орхихгүй байх.
- Хүүхдийг автомашинаар тээвэрлэх үед хүүхдийн зориулалттай суудал, бүсийг хэрэглэж хэвших.
- Нохойгоо хамгаалалтын хошуувч, уяатай авч гарах, хүүхдэд аюул учруулахгүй байх.
- Таны ойр орчинд болон байр, орц, гудамж, хөрш айлд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, хүүхдээ зодож үл хайхардаг гэр бүл, иргэний талаарх мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, Цагдаагийн байгууллагын 102 яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна.
Иргэн таныг хүүхдийн эрхийг дээдэлж,бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Холбоотой мэдээ