Ус хангамжийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ус хангамжийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Ус хангамжийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.12.23/ Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Усны Үндэсний хороо, Туул голын сав газрын захиргаа, Барилгын хөгжлийн төв, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нээж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой хэрэглэх, усны нөөц ашигласны төлбөрийн төвлөрүүлэлт, зарцуулалт, иргэдийг эрүүл, аюулгүй ундны усаар хангах асуудалтай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар өргөдлүүд тогтмол ирдэг бөгөөд эдгээр өргөдлийн дагуу тус Байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор “Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Сарангэрэл нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар онцлоод, хэлэлцүүлгийн үр дүнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг цуглуулж, цаашид Байнгын хороогоор хэлэлцүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааны талаар, ундны усны эрүүл, аюулгүй байдлын талаар, усны нөөц ашигласны төлбөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зэрэг сэдвүүдээр Ажлын хэсгийн хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ санаа бодлыг сонсож, хуулийн хэрэгжилтийг хангах, шийдвэрлэх гарцыг олох, түүнийг цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилготой ажээ.

Хэлэлцүүлэгт “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Батчимэг, “Хуулийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Бадрах, “Салбарын байгууллагуудын санхүүгийн чадавх, үнэ, тарифын бодлого, цаашдын зорилт” сэдвээр, “ Хүн амын эрүүл мэндэд ус, хөрсний бохирдлын үзүүлэх нөлөө” сэдвээр НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын эрдэм шинжилгээний ажилтан доктор /PhD/ Ш.Батдэлгэр, “Салбарын байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийн асуудал, төрөөс баримталж буй бодлого” сэдвээр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнх-Эрдэнэ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэн оролцогчид салбарын санхүү, эдийн засгийн байдал, үйлчилгээний чанар, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.

Салбарт шинээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үзүүлэлтэд цаг хугацааны үнэ цэнийг тусгасан зардал, үр ашгийн тооцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг оролцогчдын зүгээс хэлж байсан юм. Мөн нийгэм, эдийн засгийн үр ашгийг үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаж байх, энэ шатанд Зохицуулах зөвлөлийн оролцоог хангах, сумдад шинээр байгуулагдсан болон байгуулагдаж байгаа Усны хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн өмчлөл, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үүнд Зохицуулах зөвлөлийн оролцоог хангах нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2015-12-23 202.179.11.98

УС СУВАГ БОЛ ОНЦГОЙ ОБЬЕКТ УСНЫ ҮНЭ ХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД МАШ ӨНДӨР БАЙНА УСНЫ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ОРОН НУТГААС САНАЛ ТООЦОО АВАХГҮЙГЭЭР УСНЫ ҮНИЙГ ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛААР ШУУД БАТАЛЖ НЭМДЭГ БОЛСОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ОРОН НУТАГ НЬ МЭДДЭГ ЮМ БИШ ҮҮ ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД МАШ ҮРЭЛГЭН БАЙНА ДАРГА НАР ИХ ТАНСАГЛАЖ БАЙНА ЗАРДЛАА ХЭМНЭЭД УСНЫ ҮНИЙГ БУУЛГАХ БОЛОМЖ БАЙНА ШҮҮ ХЯНАДАГ ГАЗАР ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ

Ус сувгийн газар иргэдээс авсан мөнгөө зөв зарцуул 2015-12-23 183.81.171.135

Айл бүрээс, албан газар, үйлдвэр бүрээс сар болгон бохир усны төлбөр гэж өндөр үнэ хурааж авдаг. Тэр их мөнгийг зориулалтаар нь огт зарцуулахгүй, өөрсдөө л барилга байшин, элдэв тансаг зардалд зарцуулаад байдаг. Бараг бүгд давхар цалинтай. Бүх бохир усаа цэвэрлэхгүйгээр Туул голд шууд хаядаг. Ард түмэн эдгэшгүй өвчинд нэрвэгдэж дууслаа. Бүх хяналтынхан бие биенийхээ хармаар орчоод нүдэн балай, чихэр дүлий болсон байна. Тэгэхээр гаднаас хэдхэн экспертүүд авчираад л төв ЦБ-д үзлэг, хэмжилт хийж дүгнэлт гаргах хэрэгтэй. УСУГ-хны удирдалгыг бүрэн өөрчилж Байгаль орчин, ард түмнээ аюулаас хамгаалъя

Зочин 2015-12-23 203.194.116.6

яриа багадaагүй. ярихгүй шууд хийнэ гээд байсан АН яасан бэ. ам гэж дарвайсан том юм боллоо. гар тархи гэж цэг төдий боллоо

Зочин 2015-12-23 103.229.120.101

Хэлэлцээд зөвлөлдөөд хуралдаад үр дүн гардаг бол Монгол улс Азид бас нэг БАР болчихсон байгаа. Харамсалтай нь улам ядуураад дампуураад байдаг. Гоё л ярих гэсэн хэнээтэй луйварчингууд яасан ч ихсэж байна вэ.