АНУ-ын цагдаа нар хүний эрхийг илүүтэй зөрчдөг үү?

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын цагдаа нар хүний эрхийг илүүтэй зөрчдөг үү?

АНУ-ын цагдаа нар хүний эрхийг илүүтэй зөрчдөг үү?

Жорж Флойдын үхэлд шударга ёс нэхсэн иргэд гудамж талбайд жагсаал зохион байгуулаад хоёр долоо хоног өнгөрч байна. Флойд бол жил бүр цагдаа нарын гарт амиа алддаг америкчүүдын нэг л жишээ. Харин бусад өндөр хөгжилтэй оронд иймэрхүү явдал болох нь их ховор.

CNN агентлаг АНУ-ын цагдаа нар бусад өндөр хөгжилтэй орнуудаас хэр их буун дуу гаргадаг, баривчилдаг, хорьдог талаар харьцуулалт хийжээ.

Доор дурдсан бүх улс АНУ-тай нэгэн адил G7 бүлгийнх буюу дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, баян, эрх чөлөөт, ардчилсан улсууд болно. Гэхдээ эдгээр улсуудын цагдаа, гэмт хэрэг, шударга ёс тэс ондоо юм.

Дээрх тоон баримтыг гаргахдаа 2015 оны зургадугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл есөн сарын хугацаанд цагдаа нарын гарт амиа алдсан мэдээллийг үндэслэл болгосон аж.

Баривчилгаа, хоригдол, нас барагсдын талаар мэдээллүүд өндөр хөгжилтэй орнуудаас тодорхой олддоггүй тул маш нарийн харьцуулалт гаргах нь тун амаргүй. Зөвхөн АНУ төдийгүй бусад орнуудад ч цагдаа нарын гарт яг хэдэн хүн амьсгал хураасан талаар мэдээлэл байдаггүй.

“Бидэнд нарийн тоо баримт байхгүй тул хэлэлцүүлэг хийх боломжгүй. Бидэнд хэн хэн өнгөрсөн амралтын өдрүүдэд кино театрт очсон талаар мэдээлэл байдаг ч, өнгөрсөн сар, өнгөрсөн жилд хичнээн хүн цагдаагийн суманд өртөж амь тавьсан талаар тоо баримт байдаггүй” хэмээн 2015 онд Холбооны мөрдөх товчооны дарга асан Жэймс Коми цагаан ордны шүүх хороонд хэлж байжээ. Тиймээс бид зөвхөн мэдэгдэж байгаа баримтууддаа л тулгуурлан тооцоолохоос өөр аргагүйд хүрч байгаа юм.

Хууль зүйн статистикын товчооны (BJS) гаргасан тоймоос үзэхэд баривчилгааны үеэр нас барсан байж магадгүй нас барагсдын тоо 2015 оны зургадугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл арван сарын хугацаанд дор хаяж 1348 буюу сард 135, өдөрт 4 хүн байгаа юм. Үүнд холбооны мөрдөх товчооны баримтыг оруулаагүй тооцсон бөгөөд нарийн тоо баримт биш юм.

Гэтэл ижил хугацаанд Их Британийн цагдаагийн ажиглалтын мэдээллийг харахад цагдаад баривчлагдах үеэрээ 13 хүн нас барсан байна. Харин Австралид баривчилгаа болон баривчилгаатай төстэй үйл ажиллагааны үеэр ижил хугацаанд 21 хүн нас баржээ.

2018 онд холбооны мөрдөх товчоо цагдаа нарын зайлшгүй тохиолдолд буудан хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн тоог 407 хэмээн тоолж байсан нь өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт аж. Мөн холбооны мөрдөх товчооноос илүү олон хүний баримт цуглуулсан хүний эрхийн байгууллага, мэдээллийн сувгууд цөөнгүй бий. Жишээ татвал, Вашингтон пост сонин 2019 онд цагдаа нарт буудуулж нас барсан хүний тоог 1004, хүний эрхийн байгууллага 1099 хэмээн тоо гаргажээ. Комигийн цагаан ордонд хэлсэн үгнээс ч гэсэн холбооны мөрдөх товчооны өөрсдийнх нь тоо баримт учир дутагдалтай байгааг ойлгож болохоор байна. Гэтэл цагдаад буудуулсан хэрэг бусад оронд өдрийн од шиг цөөн. Ялангуяа Шинэ Зеланд, Их Британид цагдаа нар биедээ галт зэвсэг авч явдаггүй.

G7 орнууд дундаа Канад АНУ-тай хамгийн ойролцоо билээ. Канадад цагдаад хариуцлага хүлээлгэхэд л албан ёсны мэдээлэл бүртгэгддэг ч CBC-ийн дүгнэлтээс харахад 2000-2017 онуудад цагдаад буудуулсан хэрэг 461 бүртгэгджээ.

Америкчүүдийг бусад ойролцоо хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй олон нь баривчлагдаж, шоронд хоригддог аж. Тухайлбал, 2018 онд нийт 10310960 баривчилгаа болжээ. Энэ нь 32 иргэн тутмын нэгийг баривчилсан гэсэн үг. Ялангуяа тэр баривчилгаанд хар арьстнууд ихээр холбогдож, цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн нь өдгөө жагсагчдын эсэргүүцлийн нэг том шалтгаан болжээ.

2016 оны нэгэн судалгаанаас үзэхэд цагдаа нарын хүчирхийлэлд хар арьстнууд амиа алдах эрсдэл цагаан арьстнуудынхаас гурав дахин өндөр байжээ. Харин бусад оронд энэ талаар мэдээлэл байхгүй.

Ерөнхийдөө бусад оронтой харьцуулахад илүү олон америкчүүд гэмт хэрэгт холбогдон, ихэнх нь шоронд ордог. Тиймдээ ч АНУ хамгийн олон хоригдолтой улс аж.

АНУ-ын шоронд хоригдож буй нийт 2.2 сая хоригдол нь Вашингтон, Бостон, Майамигийн иргэдийг нийлүүлснээс ч олон.

Хэрвээ АНУ-ын муж бүрийг тусдаа улс гэж авч үзвэл, дэлхийн хамгийн олон хоригдолтой 31 орон нь бүгд АНУ-ынх байх байлаа. Оклахома, Луйзиана, Миссиссипи мужуудад хоригдлуудын тоо мянгаас дээш байгаа нь зуун хүн тутмын нэгээс илүү нь шоронд хоригдож байгаа гэсэн үг болж байна. Харьцуулж үзвэл АНУ-аас гадна хамгийн олон хоригдолтой газар бол Эл Сальвадор юм. Тэнд 100 мянган хүн тутмын 614 нь хоригдож буй гэнэ.

АНУ-ын нийт хүн амын найм хуваасны нэг нь л хар арьст хүмүүс боловч шоронд хоригдож буй хүмүүсийн гуравны нэгийг нь эзэлж байна. Их Британи, Канадад ч хар арьстнууд нийт хүн амын цөөн хувийг эзэлдэг атлаа хоригдлуудын багагүй хувийг эзэлж байгаа ч зөрүү нь АНУ-ынх шиг их биш аж.

 

эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж