Дундговь аймагт өнөөдөр /2020.06.09/ хүчтэй нөөлөг салхи ажиглагдлаа. Тус аймгийн Эрдэнэдалай суманд цаг уурчдын нэрлэдгээр "Нөөлөг" хэмээх, 35 м/с хурдтай хүчтэй салхи салхилжээ. Энэ үзэгдэл Дэрэн, Гурвансайхан суманд үзэгдсэн бол Мандалговь хотод үргэлжилж байна. Хэдийгээр аянга цахилгаатай борооны өмнө богино хугацаанд ажиглагддаг үзэгдэл боловч салхины хурдаас шалтгаалж хор хохирол үзүүлж болно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Орон нутагт аянга цахилгаантай, хүчтэй аадар бороо орох төлөв ажиглагдаж байна. Борооны өмнөх нөөлөг салхи говийн аймгуудаар илүүтэй үзэгддэг. Богино хугацаанд буюу цаг орчим үргэлжилдэг тул салхины хурдаас шалтгаалж хор хохирол учруулж болно. Гэхдээ энэ нь гамшигт үзэгдэл бол хараахан биш юм. Иргэд нөөлөг салхийг "Угалз салхи" ч гэж нэрийддэг. Өнөөдөр Дорноговь аймгийн төвийн сумдаар нөөлөг салхитай байна. Энэхүү байгалийн үзэгдэл өмнө нь ч болж байсан” гэлээ.
Иймээс малчид иргэддээ аль болох гэрээсээ гарахгүй байж, салхинаас хамгаалж гэрээ сайтар бэхлэх, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар хурдаа тохируулж, болгоомжтой байхыг анхаарууллаа.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдөр 14:00 цагийн орчимд Дундговь аймгийн Мандалговь хотыг бүхэлдээ харанхуй нөмөрчээ. Байгалийн энэ үзэгдэл 12:36 цаг орчимд Сайхан-Овоо сумын нутагт болж, улмаар Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын нутгаар дайран өнгөрч, одоо Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал суманд ажиглагдаж байгаа аж.
Салхины хүч Эрдэнэдалай суманд 35 м/с, бусад сумын нутагт 20-26 м/с хурдтай байсан бөгөөд үргэлжлэх хугацааны хувьд Мандалговь хотод нэг цаг 11 минут, бусад газарт 30 орчим минут үргэлжилжээ.
Дундговь аймгийн нийт нутгаар хур тунадасгүй, хуурайшилт ихтэй байгаагийн улмаас хөрс суларч, салхины нөлөөгөөр агаарт дэгдэн ийм үзэгдэл болж байгаа аж. Энэ хавар тус аймгийн хэмжээнд хэд хэдэн удаа ийм нөөлөг салхи болсон бөгөөд Мандалговь хотод хамгийн олон буюу долоон удаа ажиглагдсан байна.
Далайн давалгаа мэт орж ирэх ийм салхи өмнө нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд олон аймгийн нутгийг хамран болж байсан бөгөөд Дундговь аймагт хамгийн хүчтэй салхилж байжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ