ОХУ-ын дижей Денис Казначеевыг Берлинд интернэт сүлжээ ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт буруутган баривчилсан байна. Хөгжимчний албан ёсны Фэйсбүүк хуудаст "Энэ сарын эхээр Берлинд амьдардаг, ОХУ-ын хөгжимчин, дижей Денис Казначеевыг Германы цагдаа нар АНУ-ын Хууль зүйн яамны хүсэлтийн дагуу баривчиллаа" хэмээн мэдээлжээ.
ХБНГУ, Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Хууль зүйн яамнаас түүнийг баривчилсан талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй бөгөөд өдгөө Казначеев Германы шоронд хоригдож буй юм байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын хүсэлтээр ОХУ-ын цөөнгүй иргэнийг баривчилж байжээ. Тухайлбал, 2015 оны наймдугаар сард Финляндад ОХУ-ын иргэн Максим Сенах гэх эмэгтэйг “Ebury” программ ашиглан, хакеруудад сая доллар завших боломж олгосон хэрэгт буруутган баривчилж, улмаар 2016 онд АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Түүнд 2017 оны наймдугаар сард шүүхээс 46 сар хорих ял оноожээ.
Мөн оны арванхоёрдугаар сард Израильд ОХУ-ын иргэн Алексей Бурковыг цахим халдлагад буруутган баривчилж, АНУ-д 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд шилжүүлэн өгчээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, банкны хулгайн карт ашиглаж учруулсан хохирлын хэмжээ нь 22 сая доллар хүрсэн хэмээн мэдээлсэн байна. Энэ хэргийг 2020 оны зургадугаар сүүлээр эцэслэн шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ