Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг зах, томоохон худалдааны төвүүд жил болгон ээлж дараалан галд өртөх болсон. Харамсалтай нь, өмнөх гашуун туршлагаасаа огт суралцдаггүй монголчууд эд хөрөнгөөрөө хохирсныхоо дараа буюу "Ниргэсэн хойно нь хашгирдаг" нь гэм биш зан болжээ. Өнгөрсөн Ням гариг /2020.06.07/-т 96 жилийн түүхтэй Улсын их дэлгүүрт гал гарсны улмаас үйл ажиллагаа нь түр зогсч, учирсан хохирлын хэмжээ нь тодорхой болоогүй байгаа юм.
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ ГУРВАН Ч УДАА ГАЛД ӨРТӨЖ БАЙВ
"Бөмбөгөр" худалдааны төвд гэхэд гурван удаа гал гарч байжээ. Он дарааллаар нь авч үзвэл 2005 онд “Алтжин Бөмбөгөр” захад гал гарч, хохирсон иргэд нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарлаж байсан. Тус худалдааны төвд гарсан гал цахилгаанаас үүдэлтэй учраас тус худалдааны төвийн эзэн байсан Г.Алтан хариуцлага хүлээсэн байдаг. Дараа нь 2015 онд шатсан “Алтжин Бөмбөгөр”-ийн суурин дээр баригдсан худалдааны төвд хоёр ч удаа гал гарч байжээ. Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэсэн дүгнэлт гарсан байдаг.
“НАРАНТУУЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД 12 ТЭРБУМ 300 САЯЫН ХОХИРОЛ УЧИРСАН
“Бөмбөгөр”-өөр эхэлсэн түймрийн эрсдэл 2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад нүүрлэв. Тус зах бүхэлдээ галд өртсөн юм. Гал өглөөний 06.10 цагийн үед хүнсний захын дээврээс гарсан бөгөөд түймэрт нэг эмэгтэй амиа алдсан билээ.
Тус захад гарсан галд 300 орчим түрээслэгчийн эд бараа, бүтээгдэхүүн шатсан бөгөөд нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Тус захын эзэн Ш.Сайхансамбуугийн хувьд 2013 он ихээхэн барцадтай байсан гэж хэлж болно. Учир нь мөн оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “Нарантуул -2” хүнсний захад гал гарсан юм.
Галд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, харин А зааланд байсан 104 лангуунаас 28 нь галд өртөж, арав орчим павильон бүрэн шатжээ. Тус барилга анх 2006 онд ашиглалтад ороход гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч гал гарах үед ажиллаагүй байна. Улмаар цахилгааны утаснаас болсон гэсэн галын урьдчилсан дүгнэлт гарсан. Мөн 2014 оны тавдугаар сард дахин гал гарч, хоёр чингэлэг шатжээ. Үүнээс хоёр жилийн дараа 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр тус захад дөрөв дэх удаагаа гал гарсан байдаг. Эргэн сануулбал, “Нарантуул” захын баруун хэсэг буюу торго, бөс барааны орчимд гал гарч, 5700 метр квадрат талбайтай тэрхүү хэсгийн лангууны 60 орчим хувь буюу 2500 гаруй метр квадрат талбай түймэрт өртжээ. Торго бөс барааны хэсэгт нийт 400 орчим худалдаачин наймаа эрхэлдэг байсан бөгөөд мөнгөн дүнгээр 10-40 тэрбумын хохирол учирч байв.
“САНДЭЙ” ХУДАЛДААНЫ ТӨВ ХОЁР Ч УДАА ШАТАЖ 1.5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ АМСАВ
2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сандэй” худалдааны төвийн долдугаар давхрын цайны газарт гал гарсан ч хүний амь нас эрсдээгүй, эд бараа шатаагүй өнгөрсөн юм. Галын шалтгааныг хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэсэн дүгнэлт гаргаж, хэргийг хаасан байдаг. Мөн 2015 оны аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө тус худалдааны төвд гал гарч, B1 давхар нь бүхэлдээ шатсан юм. Галын улмаас 1,5 тэрбум төгрөгөөр хохирчээ.
“ХАР ХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРЧ, ХОЁР Ч ПАВИЛОН ШАТАВ
2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Хархорин” худалдааны төвд мөн л гал гарчээ. Тус захын барилгын материалын захын барилгын дээвэр шатсан бөгөөд хоёр ч лангуу гал түймэрт өртсөн байна. Онцгой байдлын гал унтраах багийнхан шуурхай ажилласны үр дүнд галыг газар авхуулалгүй унтрааж чадсан байдаг. Тухайн үед гал захын сантехникийн хэрэгсэл зардаг лангуунаас гарсан байх магадлалтай гэж үзэж байв. Мөн “Барс-2” худалдааны төвд гал гарч, барааны хоёр том заалны нэг нь шатаж байсныг Онцгой байдлын Гал унтраах багийнхан шуурхай ажилласны үр дүнд галыг газар авхуулалгүй унтрааж чаджээ.
“WELL MART” ХУДАЛДААНЫ ТӨВ ШАТАЖ, 1.8 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
2017 оны хоёрдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Well mart” худалдааны төвд гал гарч, тус төвийн хоёр давхар бүхэлдээ шатсан юм. Түрээслэгчдийн зүгээс галд өртсөн 60 гаруй түрээслэгч нийт 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалаар хохирчээ.
“ШАНГРИ-ЛА”-Д ГАРСАН ГАЛЫН ХОХИРОЛ 4 САЯ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ
2016 оны нэгдүгээр сар Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын зүүн талд өргөтгөл хэлбэрээр баригдаж байсан үйлчилгээний барилгын таван давхар шатсан юм. Тухайн үед ослын газар дээр аврах ангийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан ч техник хэрэгсэл хүрэлцэхгүй асуудал гарсан. Гал тухайн барилгын гадна талын дулаалгыг даган нүр ирмэхийн зуурт хүрээгээ тэлж, хойд жигүүр нь тэр чигтээ шатсан билээ.
Тухайн үед галын улмаас их хэмжээний хохирол учирсан гэж мэдээлж байв. Үүнээс өмнө 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр төв “Шангрилла” зочид буудлын барилгын долоон давхраас гал алдаж, галын тархалт барилгын орой хэсэгт хүрээд байсан. Аврагчид тухайн галыг бүрэн унтраах гэж хоёр цаг орчим хугацааг зарцуулсан байдаг. Мөн 2012 онд онд Шангри Ла Зочид буудалд гарсан галын хохирол 4 сая ам.доллар болж байжээ.
Их хэмжээний галыг унтраахад техник хэрэгслийн асуудал яах аргагүй хөндөгддөг. Нийслэлд өдрөөс өдөрт бүтээн байгуулалтын ажил өрнөж, өндөр барилга байгууламж сүндэрлэх болсон ч галын осол гарахад яаралтай унтраах шат, нисдэг тэрэг дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд гал унтраах 30 метр хүртэл сунадаг гуравхан шаттай. Энэ нь мэдээж хаана ч хүрэлцдэггүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрынхан учирлаж байсан юм. Иймд энэ онд багтаан шатны хүрэлцээг нэмэгдүүлж, нисдэг тэрэгтэй болох асуудал яригдаж байгаа аж.
Нийслэлийн онцгой байдлын газраас 10-аас дээш давхар өндөр барилга нь зориулалтай тоноглолтой байх ёстойг мэдээлсэн. Хэдийгээр иргэдээс Онцгой байдлын алба хаагчдыг нисдэг тэрэгтэй болгохоор 2017 онд 477 сая орчим төгрөгийн хандив цуглуулсан ч өнөөдрийг хүртэл нисдэг тэрэгний асуудал шийдэгдээгүй. Учир нь нисдэг тэрэгтэй болоход олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, нэмэлт санхүүжилт зэрэг олон асуудал тулгарсан нь саяхнаас нааштайгаар шийдвэрлэгдэж эхэлжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ