Мүүдиз: Канадын Үндэсний банкны хөрөнгө оруулалт ХасБанкны ОУ-ын зэрэглэл, үнэлгээнд эерэгээр нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Мүүдиз: Канадын Үндэсний банкны хөрөнгө оруулалт ХасБанкны ОУ-ын зэрэглэл, үнэлгээнд эерэгээр нөлөөлнө

2015 оны 12 сарын 15 – Олон улсын Кредит Судалгаа, Хонконг

Канадын Үндэсний Банк нь ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан нийт хувьцааны 10.516 хувийг худалдан авч, хөрөнгө оруулалт хийснээр цаашдаа ХасБанкны үнэлгээ (урт ба богино хугацаанд төгрөгөөр татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээ B2; Зээлжих чадварын үнэлгээ b3)-нд эерэгээр нөлөөлнө гэж Олон улсын үнэлгээний Мүүдиз агентлагийн Хөрөнгө Оруулагчийн үйлчилгээний газар дүгнэж байна.

Энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой зөвшөөрлүүдийг Монголбанк болон Канадын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосноор хөрөнгө оруулалт амжилттай болсон байна.

Канадын Үндэсний Банк (Дотоод/гадаад валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгө Аа3, хандлага-сөрөг; Зээлжих чадварын үнэлгээ а3) нь зах зээлд давамгайлах байр суурьтай, Канад улсын Québec мужийн  арилжааны 2 дахь том банк бөгөөд зээлжих чадварын а3 үнэлгээтэй энэхүү банк нь санхүүгийн хувьд тогтвортой, стратегийн хөрөнгө оруулагч хэмээн Мүүдиз үзэж байна.

Мүүдиз агентлагийн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Пак Хён Хий хөрөнгө оруулалтын талаар  “Монгол улсын банк, санхүүгийн салбарт гадаадын арилжааны банкнаас оруулж буй анхны хөрөнгө оруулалт бөгөөд ХасБанкны зэрэглэлд сайнаар нөлөөлнө.”  хэмээн онцолсны зэрэгцээ, “ТСН-ийн хөрөнгө оруулагчдаас цорын ганц гадаадын арилжааны банк болох Канадын Үндэсний Банк нь  ХасБанкны үйл ажиллагааг илүү сайжруулах, тэр дундаа эрсдэлийн удирдлага болон зохицуулалт, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд зээл олгох тал дээр дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд ХасБанкны  урт хугацаат гадаад валютын санхүүжилт өргөжих бүрэн боломжтой юм.” гэсэн байна.

Мүүдиз Канадын Үндэсний Банкыг өөр орнуудад хөрөнгө оруулалт хийж байсан туршлагатай банк хэмээн энэхүү мэдэгдэлдээ дурьдсан байна.

Тухайлбал энэхүү банк нь 2015 оны 3 сард  Côte d'Ivoire (Зааны ясан эрэг)-д  байрлах NSIA Participations санхүүгийн нэгдлийн 20,9%-ийн хувьцаа эзэмшигч болж байсан ба Камбожи улсад байрлах ABA Bank (unrated)-ны  42%,  Зимбабве улсад үйл ажиллагаа явуулдаг Мавританы АfrAsia Bank Ltd.-ийн  9.5% хувийг тус тус эзэмшдэг юм.

ХасБанкны хөрөнгө оруулагчид дунд Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд багтдаг бөгөөд эдгээр байгууллагууд ХасБанкны засаглалыг бэхжүүлэх, бичил санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжин ажилласаар ирсэн. Канадын Үндэсний Банк ч өөрсдийн туршлага, чадвараараа үүн дээр хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм.

ХасБанк нь 2015 оны 3-р улирлын байдлаар нийт 1.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж