Д.Мөрөн: Монголд гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй | News.MN

Д.Мөрөн: Монголд гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй

Д.Мөрөн: Монголд гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй

Д.Мөрөн: Монголд гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа. 


КОРОНАВИРУС ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТАРХСАН ЭНЭ ҮЕД ГАДААДЫН ИРГЭД ЭХ ОРОН РУУГАА БУЦАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА

-Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч гадаадын иргэдийн талаар яриагаа эхэлье. Хуульд зааснаар гадаадын иргэд манай хүн амын гурван хувиас хэтрэх ёсгүй. Манай улсад гадаадын хэдэн улсын хэчнээн иргэн оршин сууж байна вэ?

-Монгол Улсад нийт 118 орны 19159 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байна. Урьд жилүүдтэй харьцуулахад коронавирус гарсантай холбоотойгоор 4000-5000-аар гадаад иргэдийн тоо буурсан. Хөдөлмөр эрхэлж байгаа 3989, оюутан 2825, хөрөнгө оруулагч 2096, цагаач 1882 иргэн байна. Цагаач иргэдийн дийлэнх буюу 95 хувь нь БНХАУ болон ОХУ-ын иргэд байна. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, манайд амьдарч байгаа 1376 хүн бий. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэдийн байж болох тоон хязгаарыг Монгол Улсын иргэдийн гурван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Мөн нэг улсын иргэн нэг хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр нэг улсын иргэн хамгийн олондоо 33710-аас хэтрэх ёсгүй. Үүнийг бид хилийн орсон, гарсан иргэдийн тоогоор гаргадаг.

-Гадаадын иргэдээс манайд хамгийн олон байдаг нь хятадууд. Тэдний олонх нь хөдөлмөр эрхлэх визтэй байдаг гэсэн. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хятад иргэн хэр олон байдаг вэ?

-БНХАУ-ын иргэд 7,500 гаруй байгаагаас 1,483 нь хөдөлмөр эрхлэгчээр (Петрочайна Дайчин Тамсаг компаний нефть боловсруулах салбарт), 2,207 нь оюутан, 1,278 хөрөнгө оруулагч, 1,233 иргэн Монгол Улсад цагаачлан оршин сууж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болон оршин сууж байгаа 413 хятад иргэн байна. Монгол Улсад гадаадын иргэн ажиллах, Монгол Улсын иргэн гадаадад ажиллах эрх зүйн орчныг зохицуулсан хууль бий. Манайд хөдөлмөр эрхлэх гадны иргэд эхний ээлжинд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ханддаг. Тус яам судлаад, нэг хүн ч байсан Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэр гарна. Ингээд тогтоол гарч, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу тухайн байгууллага ХХҮЕГ-т ханддаг.

Хуулиар гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлнө. Энэ мөнгийг зөвхөн Монгол Улсын хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулан зарцуулдаг. Дээрх төлбөрөө ямар хугацаагаар хэрхэн төлсөн талаарх болон хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн бичгийг ХХҮЕГ-аас манайд илгээнэ. Үүнийг үндэслэн хүн нэг бүрийг Монгол Улсын хууль, тогтоомжийг урьд нь зөрчиж байсан эсэхийг шүүж үзээд, хөдөлмөр эрхлэх визийн зөвшөөрлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар руу явуулдаг.

Зөвшөөрөл авсан хүмүүс тухайн газраасаа визээ даруулаад, Монгол Улсад орж ирнэ. Ирээд долоо хоногийн дотор манай байгууллагад бүртгүүлэх, 21 хоногийн дотор удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлөө авах ёстой. Шат дамжлага нь ингэж л явагддаг. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө гаднаас ажиллах хүч авахыг эрс бууруулна гэж заасан. Ингэснээр гадаадын ажиллах хүчний тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад 60 орчим хувиар бууруулсан. Засгийн газраас оны эцэст гадаадаас ажиллах хүчний тоог салбар бүрээр тогтоодог.

-“Ковид-19” халдвартай холбоотойгоор визний хугацаа нь дууссан, эх орон руугаа явж чадахгүй байгаа иргэд хэр олон байна вэ?

-Бид Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баримталж, шаардлагатай гэж үзвэл визний хугацааг сунгаж байгаа. Жишээ нь, БНСУ-тай хийсэн хэлэлцээрээр гамшигт байдлын үед тухайн улсын иргэний оршин суух зөвшөөрлийг боломжит хугацаа хүртэл үнэгүй сунгана гэж заасан. Энэ дагуу хоёр улс иргэдийн визийг сунгаж байна. Мөн хилийн боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байгаа учраас тэднийг хууль бусаар оршин суухаас урьдчилан сэргийлж Монгол Улсад байх визийн хугацааг нь боломжит хугацаагаар сунгаж байгаа.

УИХ-аас Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль баталсан ба манай байгууллагын чиг үүрэгтэй холбоотой заалтууд тусгагдсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаадын иргэнийг торгуулиас чөлөөлж, оршин суух зөвшөөрлийг сунгаж байна. Мөн виз сунгуулах хүсэлтэй иргэдийг нэг дор бөөгнүүлэхгүй байх үүднээс Элчин сайдын яам, Консулын газартай нь холбогдон, нэгдсэн байдлаар бичиг баримтыг нь авч, сунгалт хийж байна. Монгол Улсад байгаа гадаадын иргэд буцах хүсэлгүй байгаа байдал ажиглагдаж байна.

ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛАХ БОЛ ОНЛАЙНААР БИЧИГ БАРИМТАА ЯВУУЛАХАД ХАНГАЛТТАЙ

-Визний хугацаа нь дуусч байгаа хүмүүст онлайнаар сунгах боломжийг хэрхэн хангасан бэ?

-Манайх онлайн хэлбэрт шилжих ажлыг 2019 оны тавдугаар сараас эхэлсэн. Иргэд материалаа эхлээд онлайнаар явуулж, бид хянаад, болж байна гэвэл онлайнаар хариу өгдөг. Энэ нь манай ажилтнуудын ажлын ачааллыг багасгахаас гадна гадаадын иргэдийн цаг хугацааг хэмнэдэг. Гэхдээ онлайн хэлбэрт шилжлээ гээд хяналт, шалгалт хийхгүйгээр визний асуудлыг шийдэхгүй. Анх удаа оршин суух зөвшөөрөл авч байгаа хүн бол заавал манайд ирэх шаардлагатай. Учир нь хурууны хээ, тухайн хүний зургийг нь авч байж оршин суух зөвшөөрөл өгнө. Харин оршин суух зөвшөөрлөө сунгуулах бол онлайнаар бичиг баримтаа явуулахад хангалттай болсон.

-Манай улс коронавирустэй холбоотойгоор хилээ хаасан. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авах хүсэлт гаргасан улс байна уу?

-Энэ манай чиг үүргийн асуудал биш. Гэхдээ хэд хоногийн өмнө Казахстаны Элчин сайд холбогдох албаныхантай уулзалт хийсэн. Хөл хорионы өмнө манай улсад ирээд, буцаж чадахгүй байгаа 112 иргэнээ зургадугаар сарын 10-нд онгоцоор авах талаар ярьсан. Манай газар тусгай үүргийн онгоцоор Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд хяналт тавьж, хэрэв виз бүртгэлийн ямар нэг зөрчил гаргасан бол Хилийн боомт дээр зөрчлийг нь шийдвэрлэн ажиллаж байгаа.

-Танайх олон улсад эрэн сурвалжилж байгаа этгээд Монголын хилээр нэвтрэхэд түүнийг шууд мэдэх боломжийг бүрдүүлнэ гэж байсан. Энэ нөхцөл 100 хувь хангагдсан уу?

-ISM систем гэж БНСУ-ын КОЙКА-гийн шугамаар таван сая ам.доллароор хэрэгжсэн төсөл бий. Үүнийг бид 2010 оноос хөөцөлдөж, 2014 оноос ажил эхэлж, 2016 оны аравдугаар сард төслөө хүлээж авсан. Энэ систем аль хилээр хэн гэж хүн гарав, оров, ямар шалгагч шалгав гэдгийг мэдэх боломжтой. Мөн олон улс болон интерполоор эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн мэдээлэл ч бий. Интерполоор эрэн сурвалжилж байсан хэд хэдэн хүмүүсийг энэ системээр илрүүлсэн.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт: Зорчигчдын урьдчилсан мэдээллийн нэгдсэн систем АРР-г шинэ нисэх онгоцны буудалд нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэ системийг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тогтоол гаргасан.

Энэ систем нь онгоцоор ирж байгаа гадаад, дотоодын иргэдийн мэдээллийг урьдчилж авна гэсэн үг. Жишээ нь, Бээжин Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн бүртгэл эхлэхэд зорчигчдын мэдээлэл манайд ирнэ. Тэр мэдээллийн дагуу тухайн зорчигчийг онгоцонд суухаас нь өмнө Монгол руу нэвтрүүлэх, нэвтрүүлэхгүй эсэхийг шийдэх юм. Энэ APP системийг нэвтрүүлснээр тухайн зорчигчийн сүүлийн 4-5 жилийн зорчсон газрын мэдээллийг харах боломжтой. Мөн интерполоор эрэн сурвалжилж байгаа хүний мэдээллийг харахаас гадна цар тахлын үед голомттой нутаг дэвсгэрээр зорчсон эсэхийг мэдэх боломжтой. Энэ системийг хил, гааль, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, манайх гээд бүгд ашиглах боломжтой.

-Гадаадын иргэдэд зориулсан манай хууль, эрх зүйн орчин ямар байна вэ?

-Хууль, эрх зүйн орчин манайд сайн бүрдсэн. 500 гаруй хууль байгаагийн 50 орчимд нь гадаадын иргэдийн талаарх заалт байдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 2009 оны долдугаар сард шинэчлэгдэн батлагдсан. Мөн виз олгох, оршин суух зөвшөөрөл олгох, албадан гаргах, буцаж орж ирэх хугацааг тогтоосон гурван журам бий. 2007 онд дээрх гурван журмыг Засгийн Газар баталж, 2017 онд шинэчилсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 10 орчим жил болж байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Бид өөрчлөлтийг Засгийн газарт өргөн бариад, дэмжсэн ч УИХ-аар хэлэлцэж амжсангүй.

АЖ АХУЙН НЭГЖИЙГ 70 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН ТОХИОЛДОЛ БИЙ

Хуульд ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна вэ?

-Одоогийн хуулиар гадаадын иргэнийг 30 хоногоос дээш хугацаагаар Монголд байх бол долоо хоногийн дотор манайд бүртгүүлэх ёстой гэж заасан. Үүнийг олон улсын жишигт нийцүүлэн, орж ирэнгүүт нь хилийн системээр бүртгэдэг байх гэх мэтээр боловсронгуй болгож, шат дамжлагыг багасгах, хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

-Гадаадын иргэд, тэр дундаа БНХАУ-ын иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчих тохиолдол гардаг. Танайх үүнд яаж хяналт тавьдаг вэ?

-Гадаадын иргэдийн нийтлэг гаргадаг зөрчил бол визийн хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх байдаг. Үүний дагуу бид хяналтыг эхний ээлжинд хилийн системээрээ тавьдаг. Бүх хилийн боомтод манай ажилтан байгаа. 30 хоногийн визтэй орж ирээд, хугацаа нь хэтэрсэн бол манай систем автоматаар мэдээлнэ. Тэр дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлдэг. Мөн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмол хийдэг. Тиймээс Монгол Улсад гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй.

Мөн зөрчил гаргасан аж ахуйн нэгжид тавих торгуулийн хэмжээ өндөр болсон. Жишээ нь, аж ахуйн нэгжийг 50, 70 сая төгрөгөөр торгосон тохиолдол бий. Түүнчлэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахад сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө төлөх нь аж ахуйн нэгжид өндөр төлбөртэй учраас аль болох гаднаас ажилтан авахыг хүсэхгүй болж байна. Энэ мэт шалтгаанаар гадаадын иргэдийн гаргаж байгаа зөрчил багассан.

-Өнгөрсөн жил 800 гаруй хятад манай улсад орж ирсэн хэрэг гарсан. Энэ талаар танайх урьдчилан мэдэж байсан гэсэн үү?

-Монгол Улсад хуулиар виз олгодог байгууллага нь ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газар, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул. Хуулиар 30 хоногийн доторх бизнес, жуулчин ангиллын визийг манай зөвшөөрөлгүй, дипломат төлөөлөгчийн газар олгох эрхтэй. 30 хоногоос дээш бол заавал манайхаас зөвшөөрөл авна. 800 хятад иргэний хувьд бүгд 30 хоногийн жуулчин ангиллын визээ Эрээн, Хөх хот, Бээжин, Хонг Конгоос авсан байсан. Өөрөөр хэлбэл, манайхаас зөвшөөрөл авахгүй, дипломат төлөөлөгчийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд виз олгосон гэсэн үг.

-Нөлөө бүхий хүмүүсийн нэр энэ хэрэгт холбогдож, тэдгээрийн компаниар эдгээр иргэн орж ирсэн гэх мэдээлэл байсан?

-Тэр асуудлыг би мэдэхгүй. Цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа. Шалгах ажиллагаа дуусаагүй. Олонх иргэнийг албадан гаргаж, хэрэгт холбогдсон 10 гаруй хүнийг хорьж, шалгаж байгаа гэсэн.

-Монголд байгаа гадаадын иргэд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ. Сүүлийн үед хар тамхины хэрэгт гадаадын иргэд, тэр дундаа дунд сургуулийн багш нар нэр холбогдох боллоо. Тэдгээрт ямар хариуцлага тооцсон бэ.

-Монгол Улсад хорих ял эдэлж байгаа есөн улсын 15 гадаадын иргэн байна. Мал хулгайлах хэргээр ял шийтгэгдсэн дөрвөн хүн байсны хоёр нь суллагдсан. Тэд бол Увсаар орж ирж, мал хулгайлдаг тува иргэд.

Тагнуулын хэргээр нэг хүн ял эдэлж байгаа. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зүй бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гадаадын гурван иргэн ял шийтгэгдсэн.Хүнийг санаатайгаар амь насыг нь хохироосон таван хүн байна. Манайхан гадаадын иргэд гэхээр мөнгөтэй гэж хууртаж, хамтарч бизнес эрхлээд мөнгөө алдах, залилуулах хэрэг олон гарч байна. Монгол Улсын шүүхээр ял шийдэгдсэн гадаадын иргэн, харьяалалгүй иргэнийг ялаа эдэлж дууссаны дараа Монгол Улсаас албадан гаргаж тодорхой хугацаагаар дахин Монгол Улсад орж ирэхийг хязгаарладаг.

-Хэчнээн иргэнийг ямар шалтгаанаар албадан гаргав?

-Он гарснаас хойш 15 улсын 112 иргэнийг албадан гаргасан. Эдгээр иргэний 89 нь БНХАУ-ынх, Узбек, ОХУ, Тайланд тус бүр хоёр, Энэтхэг, Иран, Канад, Филиппин тус бүр нэг иргэн байна. 2001-2019 оны хооронд 17 мянга гаруй хүнийг албадан гаргасан.

Жилд ойролцоогоор гадаадын хэчнээн иргэн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргадаг вэ. Мөн Монгол Улсын харьяатаас гарч байгаа иргэдийн тоо хэд байна вэ?

-Монгол Улсын харьяат болох харьяатаас гарах, харьяаллаа сэргээх нь манай чиг үүрэгт хамаардаг ч эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийднэ. Хэрэв харьяатын асуудлыг сэргээхээс татгалзвал Захирамж гаргадаг. Харьяатаас гарах хүсэлтэй иргэдийн олонх нь казах иргэн байна. Казахстан Улс манайтай адил хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй.

Мөн сүүлийн жилүүдэд Европт Монгол Улсын иргэд суурьшиж, тухайн улсынхаа харьяаллыг авч байна. Сүүлийн жилүүдийн дунджаас үзэхэд жилд арав орчим гадны иргэн Монгол Улсын харьяат болж байгаа тоон үзүүлэлт байна. 2016-2020 оны хооронд Монгол Улсын харьяатаас 634 хүн гарсан.

-Монгол Улсын харьяаллаас гарч байгаа иргэдэд хязгаар тогтоодог уу?

-Тийм хязгаар тогтоодоггүй.

ГАДААДЫН ГЭР БҮЛД 271 ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛСЭН

Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх асуудлыг мөн танайх хариуцдаг. Ийм хүсэлт хэр олон ирдэг вэ. Тэдгээрт ямар шаардлагаар хүүхэд үрчлүүлж, үрчлүүлсний дараа хэрхэн хяналт тавьдаг вэ. Гадаадад монгол хүүхэд бусдад хүчирхийлүүлж, гуйлга гуйж байна гэх мэдээлэл нэг бус удаа гарсан?

-Хуулиар манайх гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг гаргадаг. Ингэхдээ Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, олон улсад хүүхэд үрчлүүлэх Гаагийн конвенц болон бусад холбогдох журмын дагуу үрчлүүлдэг. Гаагийн конвенцид олон улсад хүүхэд үрчлүүлэх эрхтэй төрийн бус байгууллагаар дамжуулж, үрчлүүлнэ гэж заасан. Мөн хүүхэд үрчилж авах гэж байгаа гадаадын иргэн, гэр бүлд тавигдах шаардлага өндөр байдаг. 2001-2020 оны хооронд 17 улсын гэр бүлд 271 хүүхэд үрчлүүлсэн. АНУ-д 156, ХБНГУ-д 35, Францад 22, Италид 20, Нидерландад долоо, БНСУ-д зургаа, Бельгид тав, Австралид дөрөв, Их Британид дөрөв, Канадад гурав, ОХУ-д хоёр хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн асрамжийн газруудад байхдаа үрчлэгдсэн хүүхдүүд байдаг.

Сүүлийн жилүүдэд олон улсын үрчлэл багассан. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Монголын цагдаа сайн ажиллаж, хүүхэд хаях нь багассан, хоёрдугаарт дотоодын үрчлэл нэмэгдсэн. Гэр бүлийн тухай хуулиар дотоодын үрчлэлийг эхний ээлжинд тавьдаг. Дотоодод үрчлэх боломжгүй хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх бодлого баримталдаг. Үрчлүүлэх шийдвэр гарсны дараа бид гурван талт гэрээг манай байгууллага, үрчлэгч эцэг эх, олон улсад хүүхэд зуучлах эрхтэй төрийн бус байгууллагатай хийдэг. Манайд ийм үйл ажиллагаа явуулдаг 4-5 байгууллага байдаг. Эдгээр Төрийн бус байгууллагууд тухайн гадаадын иргэний амжиргааны түвшин, хүүхэд үрчилж авахад харшлах шалтгаан байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргадаг.

Бид үрчлэгдсэн хүүхдүүдийг тэр бүр очиж шалгаад байх боломжгүй. Тиймээс Төрийн бус байгууллагаас холбогдох зардлыг шийдвэрлүүлж хүүхдүүдээ эргэдэг. Өнөөдрийн байдлаар үрчлэгдсэн хүүхдүүдээс холбоо тасарсан, ямар нэг байдлаар эрх нь зөрчигдсөн гэх мэдээлэл байхгүй байна. Хоёр жилийн өмнө АНУ-д үрчлүүлсэн монгол хүүхдийг эцэг, эх нь зодлоо гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу бид АНУ-ын Элчин сайдын яамтай холбогдоход, БНХАУ-аас үрчлэгдсэн өвөрмонгол хүүхэд болох нь тогтоогдсон. Мөн жил бүр хүүхдийн тайлан, зураг ирдэг. Бид эрсдэлтэй байж магадгүй гэж бодсон хүүхдүүд дээрээ очдог.

2017 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 10 гэр бүлийн 12 хүүхдийг эцэг эхийн хамт Монголд урьж авчирсан. Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь суурь өвчтэй хүүхэд байдаг. АНУ-д гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 10 орчим хүүхдийг үрчилж, одоо тэд эрүүл болсон. Үрчлүүлсэн хүүхэд буцаж ирсэн тохиолдол байхгүй.

-Та ГИХГ-ын дарга болоод дөрвөн жил болох гэж байна. Үүнээс өмнө бас тус байгууллагын даргын албыг хашиж байсан. Энэ хугацаанд тус газарт ямар өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшил гарав?

-Манайх 2001 оноос бие даасан байгууллага, 2009 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж, 2014-2016 оны хооронд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар нэртэй үйл ажиллагаа явуулж байсан. Хоёр удаа томилогдоод хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллалаа. Мөн манай байгууллага өөрийн гэсэн байргүй, олон газар үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2009 онд төсвийн хөрөнгө оруулалтаар одоогийнхоо байранд орсон. Байгууллагын материаллаг байдал бэхэжсэн.

Хилийн боомтуудад манай ажилтнууд үйл ажиллагаа явуулах болон амьдрах байртай, унах машинтай боллоо. Хамтарч ажилладаг БНХАУ-ын Цагдаагийн байгууллагын тусламжаар зарим хилийн боомтын албан хаагчдын амьдрах байрны асуудлыг шийдсэн. Өнгөрсөн жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зүүн бүс дэх газар Дорнод аймагт албаны шинэ байртай болсон. ХЗДХЯ-аас албаны байр, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч ажиллаж байна.

-Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгаа гэсэн заалт бий. Үүнд бид 2009 онд өөрчлөлт оруулж, хилийн боомт, орон нутагт алба хаагч таван жил ажилласан бол 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 20 сая орчим төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Хууль хэрэгжсэнээс хойш алба хаагчид энэ тэтгэмжийг гурав дахь удаагаа авах гэж байна. Ингэхдээ ажилласан нэг жилийг 1.3 жилээр тооцсон. Энэ бол хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчнийг дэмжих зорилготой. Тус хугацаанд зургаан тэрбум төгрөг албан хаагчдад очсон байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны орон сууцны хөтөлбөрийн хүрээнд манай зургаан албан хаагч хөнгөлөлттэй үнээр орон сууцтай боллоо.

Түүнчлэн 2011 онд барьсан Гадаадын иргэнийг саатуулах байрыг ШШГЕГ-ын харьяанд шилжүүлж, өрөө тасалгааг тохижуулан “Байгууллагын албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг” болгон одоо 3 бүлэгт 100 гаруй хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэгт зөвхөн манай алба хаагчид гэлтгүй Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага болох Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ын Хорих эмнэлгийн албан хаагчдын хүүхдүүд хамрагдаж байна.

-Байгууллагын гэрэл зургийн цомгийг төсвийн мөнгөөр хэвлүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Мөн энэ мөнгийг ажилтнуудаасаа гаргуулж байгаа гэх юм, үнэн үү?

-Төсвийн мөнгөөр хэвлүүлсэн. Учир нь, жил бүр тухайн байгууллага ямар ажил хийх төсөв батлагддаг. Ямар ч төрийн байгууллагад ном, бланк хэвлүүлэх, сургалтын чиглэлийн төсөв байдаг. Энэ төсвөөсөө зургаан сая төгрөг гаргаж хэвлүүлсэн. Энэ бол байгууллагын 20 жилийн түүх. Ажилтнуудын цалингаас ч зарим зардлыг нь гаргасан.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Э.Эрдэнэцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 192.82.70.70

Та нар эрээн ороод ИРГЭН харьяатын газар нь очиж байсан уу ? Яг түүн шиг 1 сарын аялалын визийг эдгээр хүмүүс бүртгэдэггүй юм . Харин сараас хэтэрсэн хоног тутамд өндөр төлбөр авдаг . Энэ хүн ГИХГ -ыг ийм сайхан байртай болгосон хүн дээ .

Avatar

Зочин 2020-06-09 172.58.140.128

h*** muu n**** hujaagaas 700 luivarchin irsen l bsn bizdee!

Avatar

Мөөгий 2020-06-09 192.82.74.49

Энэ шаалтуур бгаа юм уу

Avatar

Зочин. 2020-06-09 202.126.90.119

Мөрөн гуай минь дээ хаана чинь Монгол Улсын Их хуралд гадаадын харьяат хүн үндсэн хууль зөрчөөд нэр дэвшиж байна энэ юу болж байнаа.

Avatar

зочин 2020-06-09 202.179.24.138

цэвэр монгол хүн хаших ёстой албан тушаал байгаа юм даа уг нь

Avatar

Монголоо 2020-06-09 212.95.5.197

Харин тиймээ. Энэ хүн санаатайгаар энд шигдээд бна даа…

Avatar

Иргэн 2020-06-09 192.82.73.133

Гадаад иргэдийн байж болох тооны хязгаарыг улс улсаар ялгавартай тогтоох хэрэгтэй, ундэсний аюулгуй байдлаа хамгаалах зорилгоор Хятадаас байж блох хувийг багасгаж хун амынхаа 0.3 хувиас хэтруулэхгуй баймаар байна. Хуулиндаа оорчлолт опуулах . Монголд хууль бусаар орогнож байгаа х***а нараа тагнуулын байгууллагатай танайх хамтарч илруул! Уурэгт ажлаа олигтойхон хийгээч чи. Худал унэн тоо тоочоод суугаад байхын. Чадахгуй бол ажлаа хулээлгэж ог.

Avatar

зочин 2020-06-09 202.126.92.18

Хүн ам цөөн тул бусад улсаас илүү өндөр шаардлага тавих ёстой. 65-с дээш насны Япон, Со өвөө эмээ нар хэлний сургуульд орж Монгол хэл сурах нэрийдлээр амьдраад байдгийг гайхдаг. Гэтэл 40 настай Монгол хүн Японд сургуульд сурна гэвэл виз бараг гарахгүй шүү. Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулах чадваргүй болсон эмээ өвөө нарын цуглуулга хийдгээ одоо зогсоо! Сүүлийн үед энд нутаглуулах явдал ч ихэслээ. Монгол хүн өөрөө ч тайван нойрсох газар олоход бэрх байхад энэ хүмүүс ямар эрх дархтай болоод?

Avatar

Зочин 2020-06-09 103.212.119.102

Hotyn zahaar neg bgaa gulug muujgai alj iddeg buzar hyataduudyg gargaach ee!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-09 107.181.177.130

Ажлаа мэддэг хүн ч өөр шүү. Манайхан үнэн бодитой зүйл ярихаар итгэдэггүй хэрнээ хар массын массын худал мэдээлэлд аймаар автах юм. өөрийн гэсэн хуультай, тусгаар тогтносон улсад хэн дуртай нь дураараа орж ирээд, дураараа гараад явчихдаг л юм шиг л ойлгохын манайхан.

Avatar

Зочин 2020-06-09 202.126.89.2

Мөрөн гуай бол маш сайн мөрдөгч , ер нь энэ хүнийг Мөрдөх газрын даргаар тавьбал зүгээр, иргэний бүртгэл ч гэнэ үү , ийм газар ажиллах нь компьютерийн техникчийг цемэнт зууруулж байгаатай адил шүү дээ

Avatar

Зочин 2020-06-09 172.58.140.128

Mor ballahdaa mash sain daa zorigiin hergiin ul moriig garguud ballasan hun dee!

Avatar

ЗОЧИН 2020-06-09 103.9.90.98

ЧИ ОДОО ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛЭРҮҮЛЭХГҮЙ ЮМ УУ ААН?

Avatar

Ирэлсэн шдэ 2020-06-09 66.181.179.133

Нямка дараад л байгаа болохоос

Avatar

Зочин 2020-06-09 202.55.188.42

Тэр 800 хятадад миний мэдэх 4 хүн луйвардуулсан. Хоорондоо ямар ч холбоогүй, бие биенээ таньдаггүй энэ дөрвөн танилын маань талаарх мэдээллийг яаж олж авсныг гайхдаг. Нэг нь бүр байр машинаа зараад бараг 200 сая төгрөг луйвардуулсан, нэг нь бүх хадгаламж дээрээс нь найзаа ятгаад бас мөнгийг нь өгөөд алдчихсан. Дараа нь найз нь мөнгөө нэхээд тэрийг нь өөрөө төлж барагдуулах гэж үйлээ үзсэн. Дорнодын хилээр баахан хятадууд орж ирээд байр авч манай охид хүүхдийг нь цувуулдаг гэж дуулддаг шүү.

Avatar

Зочин 2020-06-09 103.57.94.193

Юу монгол хүн нутагтраа амьдрах боломжгүй гадаад явж байхад, гадныхан тэр тусмаа олон хүн монголд байна гэж юу байх вэ дээ.

Avatar

иргзн 2020-06-09 202.179.26.155

тэр 800н Хятадууд чинь тэгээд Хэн байсан гэж,

Avatar

Зочин 2020-06-09 66.181.166.134

ter cyber asuudald orood bsn 800 hytad hun tgd ysn bhuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж