Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан оргилуур болон ногоон байгууламж хэзээ бүрэн ашиглалтад орох талаар Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний албаны дарга Ш. Ганчулуунаас тодрууллаа.
Тэрбээр “Усан оргилуурын туршилтын ажлууд явагдсан. Энэ долоо хоногтоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоо бол тохируулга, туршилт, дугуйн болон явган хүний зам талбайн бага сага ажлууд үлдсэн. Нийтийн бие засах газрын хувьд гадна талын шилэн фасад хийгдэх дутуу байна. Удахгүй ашиглалтад орохоор нь та бүхэн ирж сонирхоорой” хэмээн ярилаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил нь эхэлсэн энэхүү усан оргилуурын ажил эхнээсээ ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан. Улмаар зургадугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан усан оргилуурын ажил өнөөдөр/2020.06.09/-ийн байдлаар товлосон хугацаанаасаа дөрвөн хоногоор хоцорч байна.
Холбоотой мэдээ