E-Justice.mn-ээс иргэд гомдол, хэргийн талаарх мэдээлэл авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

E-Justice.mn-ээс иргэд гомдол, хэргийн талаарх мэдээлэл авах боломжтой

E-Justice.mn-ээс иргэд гомдол, хэргийн талаарх мэдээлэл авах боломжтой

Улсын Ерөнхий Прокурорын газар /УЕПГ/-ын бүртгэл мэдээллийн хэлтсээс гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим сайтын талаар өнөөдөр /2020.06.09/ мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн сангаас Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/, УЕПГ, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар /ШШГЕГ/ мэдээлэл авч ашиглах юм.

Хэрэгт холбогдсон иргэн, сэжигтэй, яллагдагч, хохирогч болон ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэд E-JUSTICE.MN цахим сайтад хандан, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж буй талаар мэдэх бүрэн боломжтой аж.

E-JUSTICE.MN ЦАХИМ САЙТ НЬ ЗУРГАДУГААР САРЫН 18-нд АШИГЛАЛТАД ОРНО

УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга Ц.ХАШБААТАР:

-Дэлхийн аль ч улс оронд хууль сахиулах, шүүхийн байгууллагуудын мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн байдаг. Энэ нь шүүх, хуулийн байгууллага өөрсдийгөө хүчний байгууллага гэж үзэх бус, үйлчилгээний байгууллага гэж үздэг учраас иргэдэд үзүүлэх  үйлчилгээгээ хүртээмжтэй, үр нөлөөтэй, хариуцлагатай хэрэгжүүлж байгаа эсэх талаар нь үндсэн үйл ажиллагааг хэмждэг болсон. Энэ том хоёр зүйлийг манай шүүх, хуулийн байгууллагууд мэдээллийн нэгдсэн санд оруулснаар том алхам хийж байна гэсэн үг.

Цахим сан зөвхөн шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага хоорондоо үйл ажиллагаагаа солилцож байгаа явдал биш энэ программыг ашиглан хуулийн байгууллагуудаас үйлчилгээ авч байгаа иргэн хүний хүсэлт, гомдол аль шатандаа явааг хянах, үйл ажиллагаанд оролцох олон талын ач холбогдолтой, иргэн хүн руу чиглэсэн том ажил болсон. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2015 оны долдугаар сарын 8-ны өдрийн хурлаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сангийн асуудлыг хэлэлцэж, Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан байгуулах тухай 23 дугаар тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын гол зорилго нь шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үүрэн холбооны мэдээллийн суурь сүлжээнд үндэслэсэн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, мэдээллийг нэгтгэж, харилцан солилцох  программ хангамж, цахим төслийн суурь мэдээллийг бий болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой байсан.

Тогтоол гарсны дагуу Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа хуулийн байгууллагуудаас гадна цахим нэгтгэл төслийн бага Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран оролцсон. Төслийн баг ажлын хэсэг хамтран нэгдсэн санг хийж гүйцэтгэн УЕПГ-т хүлээлгэж өглөө.

E-JUSTICE.MN цахим сайт нь зургадугаар сарын 18-нд ашиглалтад орно. 

2020 оны гарсаар эхний зургаан сарын байдлаар УЕПГ 30 мянга гаруй гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Эдгээр иргэд гомдол мэдээллийнхээ араас заавал хуулийн байгууллага руу биеэр очих шаардлагатай байсан бол дурын газраас мэдээллээ авах боломжтой болсон.

ТУХАЙН УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГА ИРГЭНДЭЭ НЭЭЛТТЭЙ  БАЙХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ

Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ё.ШНАЙДЕР:

-Энэ мэдээллийн сангийн хамгийн том давуу тал нь шүүх, хууль сахиулах байгууллагууд хоорондоо хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан, мөн Парламент, Засгийн газрын зүгээс нэг зорилготой хамтран ажиллах боломжтой болж байна гэж харж байна.

Тухайн улсын шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага иргэндээ нээлттэй байна гэдэг нь тухайн улсын амар амгалан байдал, баталгаат эрх зүйн орчин бүрдэх, баталгаатай эдийн засгийн орчин бүрдэх гол суурь юм.

Өнөөдрийн байдлаар прокурор, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гэмт хэрэг, зөрчлийн гол мэдээллийг татаж, мөн прокурорын байгууллагын мэдээллийн сангаас шүүхийн байгууллага мэдээллийн сан руу мэдээлэл шилжүүлэх зэрэг хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болсон нь прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ түргэн шуурхай, цаг алдахгүй байх боломжийг бий болголоо.

Мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, мэдээллийн ажлыг цахим системд шилжүүлж чадсан.

Энэ төсөл нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн давхардлыг арилгах, байгууллагуудын ажлын менежментийг сайжруулах, хялбаршуулах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох зорилготой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж