ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа мэдэгдэл гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч Б.Сарантуяа мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд Монголын хуульчдын холбооноос “Нэр бүхийн 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо”, “Шүүхийн ерөнхий зөвлөлд сануулга өгөв” гэх мэтээр илт гүжирдлэгийн шинж чанартай, хууль зүйн үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэр хүнд болон гишүүний бүрэн эрхэд халдсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн байгууллага бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь бие даасан хараат бус байх зарчмаар ажилладаг тул ямар нэг байгууллагын “сануулгаар” ажиллахгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульд заагаагүй буюу хууль бус үндэслэлээр шүүгчдийг чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй болно. Харин Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан шүүхийн шүүгчээр нийт шүүгчдийг томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42, 2015 оны 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн дагуу өргөн мэдүүлснийг нэр бүхий хуульчдын гомдлоор Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарсныг Монголын хуульчдын холбоо мэдэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй асуудлаар сенсаци үүсгэн, олон нийтийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна” гэжээ.

Б.ТАЙВАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж