ХБНГУ-д ажиллаж, амьдардаг И.Оюунтай ярилцсан юм. УИХ-ын сонгуультай холбогдуулан ер нь улс төр, сонгууль тойрсон асуудлууд Германд ямар байдаг тухай болон Оюуны өөрийнх нь улс төрд орсны дараах бүтэлгүйтэл, амжилтын тухай ярилцсанаа та бүхэнтэй ч хуваалцах нь сонирхолтой байх хэмээн хүргэж байна.
–ХБНГУ-ын улс төрд идэвхтэй ажилладаг монголчууд цөөхөн байдаг. Өөрийн үндсэн ажлаас гадна сонгуульт ажилтай байх амар биш. Мөн герман хэлний мэдлэгийн түвшингээс өгсүүлээд хууль засаглалын гэх мэт олон төрлийн мэдлэгийн чадвартай байхыг шаардана байх. Тэгэхээр та ер нь яагаад улс төрд орох болов? Өнөөдрийг хүртэл хийж байсан улс төрийн ажлаа танилцуулаач?
-Улс төрд ороод найман жил, яг идэвхтэй ажиллаад зургаан жил болж байна. Ерөөсөө л амьдралын шаардлагаар улс төрд орсон. Оюутан байхдаа амьдарч байсан байрны гэрээ дуусаад өөр байр хайтал олддоггүй. Ийм их сул байр байхад яагаад надад байр олдохгүй байна вэ гэж гайхан асууж сураглалаа. Гэтэл гадаад оюутан авах квоттой учраас тоо нь гүйцэхээр сул байр байсан ч нэмж авдаггүй байв. Тэр нь хотын захиргааны, эсвэл муж улсын ч юм уу хуулиараа зохицуулсан шийдвэр байна. Тэгэхээр энэхүү шийдвэрийг өөрчлөхийн тулд холбогдох улс төрч эсвэл иргэдийн төлөөлөлтэй уулзах хэрэгтэй болж байгаа юм. Ингэж л улс төр миний амьдралд шууд нөлөөлдөг юм байна гэдгийг ойлгосон. Миний улс төрийн үзэл баримтлал барууны төвч үзэлт Христосын ардчилсан холбоо буюу CDU намтай илүү таарсан тул энэ намын гишүүн болсон.
Одоо хийж байгаа сонгуульт ажил минь гурван хэсгээс бүрддэг. Эхнийх нь CDU намын гишүүн. Хоёр жил удирдах зөвлөлийн гишүүн байхдаа интеграцийн асуудлыг хариуцаж ажилласан. Үүнээс гадна гадаадын иргэдийн төлөөллийн хурал гэж байдаг. Энэ нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шиг бүтэцтэй гэхдээ Германы иргэншил авсан иргэн эсвэл гадаад ээж аавтай герман хүмүүс мөн ерөөсөө л гадаад иргэд гэх мэт хүмүүсийг хамарсан сонгох бөгөөд сонгогдох эрхтэй хурал байдаг. Би энэ хурлын Бонн хотын гадаад иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаад таван жил болж байна. Энэ нь миний сонгуульт ажил гэж явдаг бөгөөд орон нутгийн түвшинд хийж буй улс төрийн ажил юм. Мөн Норд Райн Вэстфален муж улсын гадаад иргэдийн төлөөллийн хуралд сонгогдон удирдах зөвлөлийн гишүүнээр болон дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хийж байна. Энэ нь муж улсын хэмжээнд хийж буй улс төрийн ажил минь болно. Нэг зүйл сонирхуулахад би Монголын иргэншилтэй тул энэхүү сонгуульт ажлаас өөр сонгуульд нэр дэвших боломжгүй юм.
–Монгол дахь сонгуулийн үйл ажиллагааг тойрон гарч буй мэдээллүүдээс үүдэн таны бодол санааг болон германы улс төр, сонгуулийн тухай сонин сонсвол уншигчдад сонирхолтой болов уу. Жишээ нь, энэ жилийн сонгуульд залуучууд идэвхтэй нэр дэвшиж байна. Бие даан нэр дэвшигчид маш их харагдаж байна. Германд бие даан нэр дэвшигч хэр их байдаг вэ?
-Би ер нь сонсож байгаагүй юм байна. Германд хуулийн дагуу 18 нас хүрсэн хүн сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч бодит амьдрал дээр бие даан нэр дэвшигчид жижиг тойргийн сонгуульд л амжилт гаргасан байдаг. Харин Бундестагийн болон муж улсын том сонгуульд бие даан нэр дэвших тохиолдол байх боловч сонгогдсон нь бараг байхгүй. 1949 онд л тийм гурван гишүүн байсан гэж уншиж байсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна.
Германы үндсэн намууд нь бүгд өөрийн гэсэн түүхтэй, чиглэлтэй, зарчимтай. Либерал, консерватив, эсвэл демократ ч бай намууд үзэл баримтлалаа тодорхой барьж ажилладаг. Сонгогчид нь өөрийн үзэл бодолдоо тохирсон намд саналаа өгдөг. Намууд нь өнөөгийн байж болох үзэл баримтлалуудыг аль хэдийн хуваагаад авчихсан болохоор тэрнээс хальж өөр сэдэв, чиг гаргаж ирээд сонгогчийн саналыг авах магадлал бараг л байхгүй тул бие даан сонгуульд оролцож байгаа хүмүүсийн тоо цөөхөн байдаг байх.
Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаа их цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө шаарддаг тул ганцаараа хийхэд бэрхшээлтэй. Намын бүхэл бүтэн сонгуулийн баг, бүтэц ажиллаад ч зарим ажлыг амжуулж чадахгүй байгааг би өөрөө биеэрээ мэдэрсэн. Бие даагч парламентад суудал авчихлаа гэхэд дараагийн бэрхшээл байна. Тэр нь фракцын зарчимт систем юм. Фракц нь бие даагчдаасаа давуу эрх эдэлдэг бөгөөд зөвхөн фракцаар дамжиж Бундестагт асуулт тавих, санал оруулах, хууль санаачлах гэсэн заалтууд байдаг. Тиймээс намгүй, фракцгүй гишүүний гар хөл нь тушаатай гэж ойлгож болно.
–Герман сонгогчид хүнийг нь харж сонгох уу, эсвэл намыг нь илүү чухалчилж сонголтоо хийдэг үү?
-Аль, аль нь байна. Германд сонгогч болгон хоёр санал өгдөг. Эхний саналаа нэр дэвшигчид өгдөг бол, хоёрдох саналаараа намыг сонгодог юм. Ерөнхийдөө сонгогчид нь тухай нь тойрогт нэр дэвшиж буй хүмүүсээ мэдэж байдаг. Харин хүнийг нь сайн мэдэхгүй тохиолдолд сонгогч илүүтэйгээр намын үзэл баримтлалыг харж сонгоно. Үүгээрээ өөрийнхөө дэмждэг намдаа илүү суудал авах боломж олгож байгаа юм.
-Улс төр өнөө үед бараг мэргэжил болтлоо хөгжсөн тухай уншиж байсан минь санаанд орлоо?
-Тодорхой түвшинд бол тийм байна. Одоогийн Бундестагийн гишүүдийг харахад ихэвчлэн хуульчид, түүн дотроо бас тодорхой чиглэлийн хуульчид, эсвэл эдийн засагчид, нийгэм судлаачид давамгайлсан байдаг. Тэр нь анхнаасаа өөрийн мэргэжлийн үүднээс улс төрийг сонирхож эхэлсэн хүмүүс байна. Жишээ нь, Үндсэн хуулийн чиглэлээр сурсан оюутан явсаар байгаад улс төр лүү орох магадлал өндөр. Мөн хувь хүний улс төрийн карьер хийх гэсэн амбиц нэмэгдэж байгаа байх. Нөгөө талаасаа, ялангуяа муж улсын парламентыг харж байхад илүү янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд намын идэвхт ажлаараа өөрийгөө хөгжүүлээд улс төрч болсон ч байна.
Германчуудын дунд “Манай парламент манай нийгмийг бодит пропорцоор нь харуулахгүй байна” гэсэн шүүмж ажиглагддаг. Нийгмийн 50 гаруй хувь эмэгтэйчүүд байхад парламентад 30 гаруй хувь л эмэгтэйчүүд төлөөлж байна. Мөн Германд дээд сургууль төгсөгчид 30% байлаа гэхэд парламентын гишүүдийн бараг 70% дээд боловсролтой гишүүд байна гэх мэт. Энэ нь “манай парламент ард түмний төлөөлөл гэхээсээ илүү улс төрийн аппарат болох гээд байна” гэдэг ярианы үндэс боловч тэднийг сонгуульд сонгогдохгүй байх хэмжээний чухал үзүүлэлт биш. Энэ шүүмжлэлийн гол утга нь парламентын гишүүд мэргэжлийн болох тусам өргөн цар хүрээтэй харахаасаа илүүтэйгээр зөвхөн тодорхой нэг чиглэл рүү гүнзгий орох нь ард түмнээсээ холдоод байна гэх сануулга юм. Түүнээс энэ хүн хэтэрхий өндөр боловсролтой гэсэн шүүмж биш юм.
-Германд гишүүд нь сонгогдсон тойрогтоо хэр холбоотой байдаг вэ?
-Сонгогдсон гишүүн нь нэгээс хоёр долоо хоногт тойрогтоо ирж, сонгогчидтойгоо цагийн хуваарийн дагуу уулздаг. Мөн намын үүрийнхээ гишүүдтэй уулзаж, намын үүрийн хуралд нь оролцдог бөгөөд хотын янз бүрийн арга хэмжээнд оролцдог. Манай тойргоос сонгогдсон гишүүнтэй нэг намынх болохоор бид илүү холбоотой байдаг л даа. Сонгогчидтой уулзахдаа ажлаа тайлагнадаг. “Би тойрогтоо амласан ажлаасаа, энийг нь хийж дууслаа, тэрийг нь хийж байна, биелэлт энэ шатандаа явж байна, харин тэр тэрийг хийхэд тодорхой бэрхшээлүүд байна гэх мэтчилэн ярьдаг. Түүнээс гадна манай хотод гардаг CDU намын үүрийн сонинд парламентад шинээр орж байгаа Бонн хоттой, эсвэл муж улстай холбоотой шийдвэрүүдийг мэдээлдэг. Яагаад ийм шийдвэр гарав, энэ нь манай хот, муж улсад хэр ашигтай юм, аль нэг шийдвэрт санал өгсөн бол яагаад саналаа өгөх болсон шалтгаанаа тодорхой хүүрнэсэн байна. Үүнээс харахад гишүүд их хуралд суугаад хууль батлахаас гадна сонгогчидтойгоо тогтмол холбоотой, тэдний амьдралд ойр байдаг санагддаг. Нөгөө талаас улс төрч хүн мэдээж дараагийн сонгуулиар дахин сонгогдохын төлөө ажиллаж байгаа нь тодорхой л доо.
-Нэр дэвшигчдийн амлалтууд нь жишээ нь юу байх вэ? Байшин барилга, худаг барина гэх мэт амлалт өгөх үү?
-Улс төрд идэвхтэй оролцсоноос хойш би байшин барина гэсэн амлалт өгч байгаа улс төрчтэй тааралдаагүй. Биелүүлэхэд ч хэцүү. Учир нь, Бундестаг нь өөрөө legislative буюу хууль тогтоох байгууллага гэсэн үг. Байшин барилга нь executive буюу хэрэгжүүлэгчийн мэдэлд байдаг учраас парламентын гишүүн засаг захиргааны байгууллагын өдөр тутмын ажилд оролцох боломжгүй. Гадаадын иргэдийн төлөөлөгчийн хувьд би сонгогчидтой уулзаж, тулгамдаж буй асуудлынх нь талаар ярьдаг, ярих ч үүрэгтэй. Хүмүүс ирээд миний амьдрал хэцүү байна, надад ажил, мөнгө, байр олдохгүй байна гэх мэт өдөр тутмын зовлон ярьдаг. Тэр хүмүүст би нэг зүйлийг аль болохоор тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг: би хүмүүст байр, мөнгө, ажлын орон тоо гаргаад өгч чадахгүй, надад тийм эрх мэдэл байхгүй. Улс төрийн сонгуульт миний үүрэг бол харин муж улс болон хотын хэмжээнд хуулийн заалт, захирамжийг нь сайжруулж, иргэдэд дэмжлэг үзүүлэх ёстой байгууллагуудад үр дүнтэй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх явдал юм. Нэг бодит жишээ бол гадаад гарал үүсэлтэй сурагчдын төрлөх хэлний хичээлийг сургуулийн хөтөлбөрт тусгах асуудал. Германд сурагчдын эхний гадаад хэл англи хэл байдаг. Хоёр дахь, гурав дахь гадаад хэл нь харин франц, испани, итали байна. Гэтэл түүнээс өөр төрлөх хэлтэй хүүхдүүд тэр хэлээ хичээлийн бус цагаар сурдаг боловч сургуулийн нийт дүнд хамрагдуулах боломжгүй байсан. Олон жилийн үйл ажиллагааны үр дүн гэвэл орос, турк, хятад, араб гэх мэт шаардлага хангасан нөхцөлд нэмэгдэл гадаад хэлд тооцогдох шийдвэрийг муж улсын парламент гаргаад, муж улсын засгийн газар нь хэрэгжүүлэх үүрэг аван ажиллаж байна. Энэ шийдвэр нь Монголоос ирсэн хүүхдүүдэд бас нөлөөлөөтэй. Жишээ нь, Дюссельдорф хотын Соёл сургуулийн гэрчилгээг дүн гаргахад харгалздаг болж байгаа юм. Улс төрчийн хувьд би багшийн цалинжуулалт, гэрчилгээг хүчин төгөлдөр болгох замын нээсэн гэж болно. Ийнхүү бодлогын чанартай асуудал яригдаж шийдвэр гаргахын төлөө ажилладаг.
–Германд намын тогтолцооны ач холбогдлыг сонгогчид нь мэддэг учраас хувь хүнээс нь илүү намын үзэл бодол баримтлалыг харж саналаа өгөх нь илүү байдаг байх нь?
-Тийм. Энэ бас үндэслэлтэй. Ардчилсан системийн гол үзүүлэлтийн нэг бол улс төрийн боловсрол, сонгогчийн боловсрол гэж харагддаг. Нам гэж юу юм, яагаад нам байдаг, аль нам ямар үзэл бодлыг баримталдаг тухай үндсэн ойлголтуудыг сурагчид нь хичээл дээрээ үздэг. Би Монголд нэг намын системтэй орчинд өссөн мөн улс төр нэг их сонирхдоггүй байсан учраас Германд улс төрд орж байж л ойлголттой болсон. Одоо ч гэсэн надад мэдэхгүй зүйлс маш их байдаг. Харин германы залуу сонгогчдыг ажиглаад байхад аль намын чиг баримтлал нь миний үзэл бодолтой илүү ойр вэ гэдгээ сайн мэддэг болсон байдаг. Тийм учраас сонгуулийн үед намын анхаарах нэг чухал зүйл бол нэр дэвшигч нь юм. Намаа сонгох гэтэл нэр дэвшиж байгаа хүн нь сонгогчдод таалагдахгүй тохиолдолд намын хувьд том бэрхшээл үүснэ. Нэр дэвшигч аль болох өргөн цар хүрээтэй ярьж сонгогчдын анхаарлыг татаж өөрийгөө маш сайн ойлгуулж байж л намд суудал нь ирнэ. Үг бүрчлэн зааж өгөхгүй ч намынхаа зорилго, баримталж буй үзэл бодлыг зөв илэрхийлэхэд их анхаарал тавьж нэр дэвшигчдээ бэлддэг. Миний анзаарсан нэг зүйл бол намын үүрийн гүйцэтгэж буй үүрэг. Тэндээс л нэр дэвшигчид гарч ирж байна. Одоо энэ Бундестаг ч юм уу, муж улсын парламентын гишүүд анхнаасаа энэ жижиг намын үүрээсээ дэвшээд шат дамжин, шалгарч гарч ирдэг. Ингэж удаан хугацааны дамжлагаар явсан хүн хүмүүстэй уулзахдаа хэзээ, юу, яаж хэлэхээ сайн мэддэг болсон байдаг. Үүнээс үүдээд ч тэр үү нэг улс төрчийн өгсөн ярилцлагуудыг уншихаар бараг нэг л юмаа яриад байдаг юм уу гэмээр, хоорондоо төстэй хэдэн өгүүлбэрийн дотор эргэлдээд байгаа мэт санагддаг. Тэр нь өөрийн бодол болон намынхаа үзэл баримтлалыг л хэлж байгаа болохоор түүнийг олон өөрчилж ярихын ч аргаггүй. Жишээ нь, атомын цахилгаан станцыг дэмжихгүй нам бол хэзээ ч дэмжинэ гэж ярихгүй л юм.
-Тийм шүү, германы улс төрчдийн ярианы стиль ерөнхийдөө нэг хэлбэртэй санагддаг. Гайхалтай каризмтай, реторик сайтай улс төрчийн яриаг сонсох ч урамтай байдаг. Нэр дэвшигч хүмүүстэй яаж ярьж байна, ямар үг хэрэглэж байна, ямар хэв маягаар ярьж тэр нь сонгогчдод үнэхээр хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг тэр эхний сэтгэгдэл сонгогчдод цаашдын шийдвэр гаргахад их нөлөөлдөг?
-Энэ их чухал сэдэв. Хүнтэй харьцах чадвар эцсийн эцэст сонгуулийн үр дүнг шийдчих магадлалтай. Тиймээс харилцааны ур чадвараа сайжруулж, түүн дээрээ тууштай ажиллах нь улс төрчийн амжилтын суурь. Энд би унших дуртай нэг номоо дурдмаар байна. Ferdinand Schulz von Thun гэгч эрдэмтэн "Бие биетэйгээ ярих” гэдэг номдоо ямар ч мэдээлэл ойлгомжтой байна уу үгүй юу гэдгийг мэдээллийг явуулж байгаа хүн нь биш хүлээн авч байгаа хүн нь шийддэг гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Хүн өөрийн гарал үүсэл, хүмүүжил, боловсрол, мэргэжил, сонирхол болон амьдралын туршлага дээрээ суурилан мэдээллийг хүлээж аваад, боловсруулаад, өөрийн мэдэлгүй дүгнээд, хариу үйлдэл хийдэг. Гэхдээ энэ дүгнэлт нь маш хурдан, нүд ирмэхийн зуур болдгоос гадна орчин тойрон, цаг үе, биеийн байдлаас хамаардгаараа онцлогтой. Тэгэхээр хэлэх гэсэн юмаа бүгдийг нь хэлж дуусгах гээд дайраад байхгүй харин яаж ойлгуулах вэ гэдэг нь гол асуулт юм. Миний өөдөөс хараад сууж байгаа хүн намайг хүлээж авч байна уу, ойлгож байна уу гэдгийг анзаарч байх хэрэгтэй. Жишээ нь, нэр дэвшигч хүн улс төр судлалын оюутнуудтай уулзъя гэж бодъё. Тэдэнтэй мөрийн хөтөлбөрийнхөө талаар гарц шийдэл болон эрсдэлийн тухай мөн өрсөлдөгчийнхөө мөрийн хөтөлбөрийг сул талыг нь бодитоор шүүмжлэн дэлгэрэнгүй ярина. Улс төрийн онол, нэр томьёо, хуулийн заалт гэх мэт мэргэжлийн үг хэрэглэн өөрийн мэдлэгээ харуулна. Харин энгийн ард иргэдтэй мэргэжлийн хэллэгээс татгалзан, бодит гарц ярьж, алсын хараа, хүсэл мөрөөдөлтэй түүндээ итгэлтэй байгаагаа харуулан эерэг сэтгэгдэл үлдээх нь чухал. Энэ хоёр уулзалтын хэллэг нь өөр боловч цаад мэдээлэл нь нэг юм. Үүнийг харилцааны чадвар гэж байгаа юм.
Өнгөрсөн зургаан жилд би нэлээд хэдэн сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн баг уулзалт хийх гэж байгаа дүүргийн дундаж нас, гэр бүлийн байдал, хүүхдийн тоо гэх мэт судалгааг гаргаад дээр нь ойрын үед болсон онцгой үйл явдал, тулгарч буй асуудлууд гэх мэт мэдээлэлтэй танилцсаны дараа ярих хэлбэр маягаа тодорхойлж бэлддэг байсан. Мэдээж дандаа амжилттай байгаагүй ч бэлтгэл сайн байх нь чухал гэдгийг олон удаа баталж байлаа.
-Монголд нэр дэвшигч болон сонгогчдын сошиал хэрэглээ маш их байна. Тэнд хүний байж болох хамаг л сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг харуулж байна. Ялангуяа шинээр нэр дэвшиж байгаа залуучууд сошиалаар сурталчилгаа идэвхтэй хийж байна. Өндөр боловсролтой залуучууд нэр дэвшиж байгаагаас гадна яриа нь ч шинэлэг ойлгомжтой санагдлаа. Гэтэл тэднийг “цагаан захтан” гэх шүүмжлэл харагдав. Германд ингэхэд сошиал орон зай улс төрчдөд хэр чухал байдаг вэ?
-Монголын сонгуулийн талаар би нарийн сайн мэдэхгүй. Мэдэхгүй сэдвийн тухай хүн ихэвчлэн алдаатай дүгнэлт гарах гээд байдаг учраас болгоомжтой байх нь зөв болов уу. Сошиал сувгийг Германы улс төрчид тодорхой зорилгоор хэрэглэдэг. Анзаараад байхад өөрийгөө хувь хүн талаас нь харуулах нь их бага байдаг. Өглөө босоод гүйх, нохойтойгоо салхилах, хоббиноосоо жоохон харуулах гэх мэтчилэн жижиг пост оруулдаг. Хэвлэл мэдээллээр гарсан ярилцлага, сурвалжлага, мэдээллийг тарааж өөрийн хуудасныхаа цар хүрээг өргөсгөдөг. Мөн тодорхой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, хэцүү сэдвийг тайлбарлан, хялбар маягаар хүмүүст хүргэнэ. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хүссэн үедээ татах боломж дээр нь суурилан сошиал сувгуудыг имиж бүрдүүлэх зорилгоор ашигладаг. Гэхдээ сонгогчидтойгоо бодитоор уулзахыг илүү өгөөжтэй гэж үздэг. Сошиалаар ч бай, бодитоор ч бай анхаарах ёстой нэг зүйл бол харилцааны чадвар юм. Сонгогчид нэр дэвшигчийн хэлснийг ойлгоод, ярьсныг нь өөр хүнд цааш нь ярьж чадаж байвал тэр хүн сонгогчдод итгэл төрүүлэх магадлал өснө.
“Цагаан захтан” гэсэн шүүмжлэлийн тухай хэлэхэд Монголд өндөр боловсролтой залуу үеийнхэн энэ удаад нам болгоноос олноороо нэр дэвшиж, шинэ үе гарч ирж байгааг харсан. Энэ бол том дэвшил юм. Миний ажигласнаар гадаадад өндөр боловсрол эзэмшээд ирсэн боловсон хүчнээрээ Монголчууд бахархдаг. Сошиалаар тэдний өгсөн ганц нэг ярилцлагыг харахад гадаад нэр үг хэрэглээд, онол давамгайлж ярьсан тохиолдол харагдсан. Сонгуулийн тойрог дээрээ харин үүндээ анхаарч ярих байх. Ойлгохгүй зүйл нь хүнд амьдралаас хол юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хүн ер нь ойлгохгүй, хэлж чадахгүй зүйлээс хол байхыг боддог. Энэ нь сонгуулийн уриа, нам, эвслийн нэр сонгоход ч бас хамааралтай. Гадаад үг сонголоо гэж бодоход жирийн нэг монгол хүн ойлгож чадах уу гэдгийг сайн бодох нь зүйтэй. Үүгээр дамжуулан нэр дэвшиж байгаа олон чадалтай залуучууддаа амжилт хүсье!
-Анх Германы улс төрд ороод туршлагагүйтэх бүтэлгүйдэх хөгжилтэй зүйлүүд тохиолдож л байсан байх даа?
-Зөндөө байгаа. Хамгийн анхны улс төрийн хуралдаа бэлдэж байв. Хотын захиргаанаас хэлэлцэх асуудлууд гээд бараг л хоёр боть ном өглөө. Оюутнуудын, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын асуудлууд бас хотын захиргааны барилга байгууламжийн гэрээний асуудал гэх мэт янз бүрийн сэдэв байна. Түүнийгээ өдөр шөнөгүй уншиж судалсны дараа хуралдаа очлоо. Асуух зүйл ч их байв. Гэтэл асуулт тавьж байгаа ч хүн алга шууд л саналаа хураах юм. Ямар сонин юм бэ, ярилцахгүйгээр яаж саналаа өгөх болж байна гэж гайхан юутай ч эхний гурван санал дээр түдгэлзэв. Тэгээд нэг туршлагатай улс төрчөөс яагаад шууд санал хураасан тухай асуутал “Фракцын хурал дээр бүх асуудлуудаа ярилцаад шийдчихсэн шүү дээ. Чи яагаад ирээгүй юм? Чи ингэхэд яагаад ганцаараа хурлын асуудлуудыг бэлдээд байгаа юм?” гэж байна. Тэгсэн харин фракцын хурал нь хэд хоногийн өмнө болох үеэр хэлэлцэх сэдвүүдийн дагуу тухайн салбарын мэргэжилтнүүдээ авчраад тэдний санал бодлыг сонссон байж. Тэнд маргалдах, бие биеийнхээ саналыг үгүйсгэх явдал их гарна. Тэгээд асуудлаа фракц дотроо шийдчихээд хуралдаа очно. Үүнээс харахад улс төрч бол бүх юмыг мэдэх шаардлагагүй харин шийдвэр гаргах түвшинд хүртэл мэдээллийг өгдөг мэргэжлийн багтай байж гэмээ нь үр бүтээлтэй ажиллаж чаддаг гэдгийг би ойлгосон. Тийм учраас фракц тэр дотроо тодорхой цэц гэдэг чухал байдаг. Гишүүн гээд тэр хүний нэр байгаа боловч ард нь бүхэл бүтэн фракц байна, түүний ард нь бүтэн мэргэжилтний баг ажиллаж байна. Тэр багийг зохицуулдаг нарийн бичиг, нарийн бичгийн туслах, дадлага хийдэг улс төр судлалын оюутнууд гэх мэт хүмүүсээс бүрдсэн ажлын баг байна. Тэд бүх бичиг цаасны ажлуудыг бэлдэж өгөх, нэг ёсондоо санал өгөх суурийг нь бэлдэж өгдөг. Гэхдээ тэдний зөвлөмжийн дагуу дандаа зөвшөөрнө гэсэн үг биш бодлоо хэлж асуултуудаа тавьж болно. Харин мужийн парламентын хурал дээр фракцынхаа өмнөөс нэг нь шийдвэрээ танилцуулдаг. Ийм учраас л бие даагчид юм уу жижиг эвслүүдэд ийм багийн хүчин чадал нь дутаад байдаг. Тэгэхээр ард нь бүхэл бүтэн баг ажиллаж байдаг фракц гэдэг нь Бундестагт их том үүрэгтэй байдаг.
–Илүү ихийг сонсмоор байна. Ер нь хүний өөрийн алдаа онооны туршлагууд хамгийн сонирхолтой мэдээлэл болж чаддаг шүү?
-Анх хурал дээр үгээ хэлэх гэхээр миний урдуур хүмүүс ороод болдоггүй. Ажиглаад байсан чинь хоёр гараа өргөсөн хүмүүсийг түрүүлж яриулаад байх юм. Тэгэхээр нь хоёр гараа өргөчихлөө. Тэгсэн намайг дуудаж байна. Баярлаад л бэлдсэн зүйлээ уншаад л эхэллээ. Гэтэл “Та ярихаа зогсоно уу. Зөвхөн үйл ажиллагааны холбогдолтой асуулт тавина уу, харин хэлэлцэж буй сэдвийн талаар саналаа хэлэхгүй” гэнэ. Гайхаад “За” гэчхээд бэлдсэнээ үргэлжлүүлээд л уншлаа. Тэгсэн чинь “ Уучлаарай, та ойлгохгүй байх шиг байна. Дараа нь таныг сургалтад суулгая” гээд намайг суулгачихлаа. Гараад ирсэн чинь нэг нь хэлж байна: “Хоёр гараа өргөж байгаа хүн тэр хэлэлцээрийг зогсооё эсвэл түр хойшлуулъя ч гэдэг юм уу, эсвэл өөр санал оруулъя гэх мэт процедурын чанартай асуулт тавьдаг юм” гэж. Тэр үед над руу хүмүүс ирмэх нь ирмээд инээх нь инээж байсныг санаж байна. Өөр нэг хөгжилтэй явдал нь би үгээ “За, Сайн байцгаана уу” гэж эхэлдэг байв. Бусад гишүүд “Эрхэм хүндэт тэргүүлэгч ээ, эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа“ гэж эхэлдэг байв. Би ч идэвхтэй байс хийгээд л үг хэлнэ. Тэгсэн харин хурлын дарга надад “Та үг хэлэхийн өмнө заавал “Эрхэм хүндэт тэргүүлэгчээ, эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа“ гэж хэлэх ёстой гэхээр нь “Би хамгийн эхэнд нь хэлчихсэн шүү дээ” гэлээ. Цагаа хэмнэх гээд шууд л ажлаа ярьсан дээр гэж би бодоод байгаа юм. Хурлын дарга тайлбарлаж байна: Нэгдүгээрт хурлын индэрт гараад үг хэлэхдээ сонсож байгаа хүмүүсээ хүндлээд үүнийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт “Би та бүхэнд итгэж, найдаж байна. Би та бүхэнтэй дайсан биш шүү” гэсэн утга агуулагдаж байгаа юм аа. Чи өдөрт хэдэн ч удаа үг хэлсэн хамаагүй заавал хэлэх ёстой юм. Одоо эргээд харахад Эрхэм хүндэт… гээд хэлж байх хоорондоо амьсгаа аваад тайвшраад хоолойгоо засаад авах гэх мэт их хэрэгтэй юм байна лээ.
-Танд улс төрд ороод хамгийн их ойлгосон зүйл юу байна?
-Гурван чухал зүйл байна. Ганц дайчин ганцаардахгүй гэж үг байдаг. Улс төрд ганц дайчин ганцаарддаг юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл үр дүнтэй ажиллахын тулд аль болох өргөн мэдлэгтэй өргөн цар хүрээтэй байх хэрэгтэй. Үүний тулд мэргэжилтнүүдийн баг, фракц байна. Бусадтайгаа хамт ажиллах ёстой юм байна, хамтран ажиллаж сурах ёстой байна гэдгийг сурсан.
Түүнээс гадна улс төрд буулт хийх шаардлага гардгийг ойлгосон. Үүнийг би муугаар хэлж байгаа юм биш. Амбицлаад ганцаараа зүтгээд байж болохгүй. Буулт хийнэ гэдэг би өөрийн үзэл бодлоос ухарч байгаа юм биш. Болох зүйл дээрээ би хүнтэй нэг асуудал дээр нийлээд нөгөө асуудал дээр тэр надтай санал нийлнэ гэж явж байж улс төрийн шийдвэрүүд гардаг. Урд нь би буулт хийнэ гэдэг үгийг сөргөөр ойлгодог байсан. Одоо бол үгүй. Хүн урагшлахын тулд заримдаа нэг алхам ухрах шаардлагатай байдгийг энэ нь эргээд амжилт авчирч болдгийг ойлгосон.
Төгсгөлд нь хэлэхэд улс төрчийн ажлын талаас дээш хувь нь харилцаан дээр тогтдог. Хүнтэй яаж харилцах, өөрийгөө яаж ойлгуулах маш чухал. Хэчнээн мундаг боловсролтой байгаад санаагаа хүргэж чадахгүй өөрийн бодлоо хүнд ойлгуулж чадахгүй л бол улс төр хийж чадахгүй. Нэгэн улс төрч дурсамжийн номдоо “Улс төрч хүн энэрэнгүй сэтгэлтэй байж амжилтад хүрдэг.” гэж бичсэн байсан.
Энэ хүн ямар нөхцөл байдалд байгаа болоод ямар зүйл сонсох гээд байна вэ гэдгийг улс төрч мэдэж байж түүнд нь тохируулж ярьж ойлгуулах нь байна. Харилцааны ур чадвар дээр энэрэнгүй сэтгэл нийлж байж сайн улс төрч болдог юм байна. Герман улс нь парламентын засаглалтай Холбооны Бүгд Найрамдах улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллага Бундестаг. Бундесратад Христосын Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо, Социал Демократ нам, Хэт барууны, популист үзэлтэй нам, Либерал Консерватив, Шинэчлэгчид, Чөлөөт Ардчилсан нам, Ногоон нам зэрэг улс төрийн хүчнүүд голлох үйл ажиллагаа явуулж байна.
- CDU/CSU
- SPD
- AfD
- FDP
- Die Linke
- Bündnis 90/Die Grünen
Одоогийн Германы парламент 709 гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүд нь тойргоосоо сонгогдож, шууд мандатаар болон намын нэрийн жагсаалтаар сонгогддог. Мөн цөөн тооны гишүүд нэмэлтээр ордог.
Монгол Улсын Соёлын Элч
Ц.ГЭРЛЭЭ