Засгийн газар ирэх 2021 оноос эхлэн дөрвөн жилийн турш нийт 2.9 тэрбум ам.доллартой тэнцэх дөрвөн том бондын төлбөр төлнө. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ буурч байсан ч өрийн хэмжээ мөнгөн дүнгээрээ 2016 оноос хойш эрчимтэй өсчээ. Засгийн газар болон Төв банк өрийг дахин санхүүжүүлэх хувилбар барьж буйгаа мэдээлсэн билээ.
Дэлхийд тэргүүлж байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр -10 хувьтай болсон нь харамсалтай үзүүлэлт юм. Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.доллар хүрсэн нь нэг монгол хүнд ногдох өрийн хэмжээ 28 сая төгрөг болсныг эдийн засагчид анхааруулж байна.
Иймд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдэх УИХ, шинэчлэн томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүн эдийн засгийн түүхэн сорилттой нүүр тулахаар байгаа юм. Учир нь цар тахлын нөлөөгөөр оны эхний улиралд эдийн засаг 10.7 хувиар агшсан нь шилжилтийн үеийн хямралаас хойшхи хамгийн гүн уналт юм.
Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулах зорилгоор ОУВС өнгөрсөн Даваа гаригт 99 сая ам.долларын санхүүжилт олгосон билээ.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 4-ний өдөр хуралдаж, Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг албан ёсоор баталсан. Түүнээс хойш дөрөв хоногийн дараа ийнхүү санхүүжилт нь орж ирсэн нь манай ядаранги эдийн засагт багагүй дэмжлэг болох билээ.
Сануулахад, тавдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.
Засгийн газраас эдийн засгийг сайжруулах зорилгоор зургаа орчим их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Үүний тал нь иргэдэд, тал нь эдийн засгийн уналтаас хамгаалах, сэргээх чиглэлд зарцуулагдана. Орлогын албан татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд иргэдийн амьдралын чанар доройтохоос тодорхой хэмжээнд хамгаалж байгаа ч бизнесийг дэмжих ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ