АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дөрвөн том сорилт

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дөрвөн том сорилт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дөрвөн том сорилт

Дэлхийн хамгийн сонирхол татсан сонгууль буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. Тус улс өнгөрөгч хоёрдугаар сараас хойш хэд хэдэн гэнэтийн үйл явдалтай нүүр туллаа. Харин арваннэгдүгээр сард болох АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Обамагийн үеийн дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нар ялах магадлал хамгийн өндөр байгаа ба тэдний хэн ч ялсан бай 2021 оны нэгдүгээр сарын 21-нд ажлаа эхлүүлэх шинэ засаг захиргааг дөрвөн хүндхэн сорилт хүлээж байна.


ОГТ ТӨСӨӨЛӨӨГҮЙ ДӨРВӨН “ГЭНЭТИЙН ЯВДАЛ”

Нэг: Жо Байден хоёрдугаар сард Өмнөд Каролинагийн анхдугаар сонгуульд ялалт байгуулсан явдал. Энэ сонгуульд тэр ялагдсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулах байв. Гэхдээ Африк гаралтай Конгрессын гишүүн Жим Клибберн болон Африк гаралтай сонгогчдын дэмжлэгийн ачаар Байден 49 хувиар ялалт байгуулсан юм.

Хоёрдахь гайхмаар зүйл бол гуравдугаар сарын 3-ны өдөр буюу “Супер Мягмар гариг”-т Байден анхан шатны гол гол сунгаануудад ялаад зогсохгүй Эми Клобучар, Пит Буттииг, Майк Блумберг, Том Стэйер гэх зэрэг намынхаа олон том өрсөлдөгчдөө ялж, тэдний дэмжлэгийг авч чадсан явдал юм. Анхан шатны сунгаанд нэр дэвшигчид ийм эв нэгдэлтэй байх нь маш ховор үзэгдэл. Ихэнх сонгуулийн жишгийг харахад нэр дэвшигчид нам дотроо ч гүн хуваагдсан байдаг. Ардчилсан намынхан Байдены талд нэгдсэн нь нам доторх тулаан үргэлжилсээр байвал Берни сандерс ялалт байгуулна гэдгээс эмээсэн хэрэг. Учир ч өөрийгөө ардчилсан социалист хэмээн тунхагласан Сандерс Ардчилсан намаас нэр дэвшсэнээр Трамп дахин сонгуульд ялалт байгуулах магадлал нэмэгдэх юм. Ардчилагчид өмнөх хэд хэдэн сонгуульд яг ийм байдлаар ялагдаж ирсэн гашуун түүхтэй. Тухайлбал, 1972 оны сонгуульд ялсан Ерөнхийлөгч Ричард Никсон ба Жорж МакГоверн, 1984 оны сонгуульд ялсан Ерөнхийлөгч Рональд Рейган ба экс дэд Ерөнхийлөгч Уолтер Мондейлын жишээнүүд бий.

Гуравдугаар сарын сүүлээр ч төсөөлөөгүй байсан гурав дахь гэнэтийн үйл явдал бол “COVID-19” цар тахал байв. Хэдийгээр дэлхийн олон эмч, мэргэжилтнүүд АНУ-д үхлийн аюултай тахал дэгдэх өндөр магадлалтай байгааг анхааруулж байсан ч арай ч хоёр сая гаруй хүн халдвар авч, 110 мянга гаруй хүн нас барчихна гэж төсөөлөөгүй нь лавтай. Мөн 40 гаруй сая ажлын байр алдагдаж, ажилгүйдлийн түвшин хэдхэн долоо хоногийн дотор 3,5 хувиас 15 хувь хүртлээ өсч, коронавирус нь АНУ-ын түүхэнд дэлхийн хоёрдугаар дайн ба Их Хямралаас хойшхи эдийн засаг, нийгмийн хамгийн том хямралыг авчирлаа.

Дөрөв дэх үйл явдал нь гэнэтийн зүйл биш байсан ч түүний үр дүнг урьдчилан таамаглаагүй юм. Тавдугаар сарын 25-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотод гартаа ямар ч зэвсэггүй, Африк гаралтай америк эрийг цагаан цагдаа хэрэгт сэжиглэн баривчлах явцдаа хөнөөсөн нь Америк даяар, улмаар дэлхий даяар арьс өнгөний үзлийн эсрэг хурцадмал байдлыг бий болгов. Хэдхэн хоногийн дотор эсэргүүцэл тэмцэл, жагсаалууд тус улсын 50 мужийн 600 орчим хот, суурин болон бусад орнуудад тархав. Ийнхүү арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, шударга ёс, цагдаа нарын өнгөт арьст хүмүүсийн, ялангуяа Африк-Америкчуудын эсрэг хүчирхийллийн асуудал нэн даруй олны анхаарлыг татаж, цар тахлаас илүү тулгамдсан асуудал болон хувирав.

ДӨРВӨН ТОМ СОРИЛТ

Ирэх сонгуульд хэн ялахаас үл хамааран шинэ засаг захиргаа асар их бэрхшээлтэй тулгарч магадгүй байна. Магадгүй сүүлийн 100 жилд байгаагүй хүнд сорилт тэдний өмнө ирээд байх шиг. Дараах дөрвөн багц асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа, анхаарал, мэдрэмж, нөөцийг ухаалаг хуваарилах чадвар шаардлагатай болно.

Эхнийх нь “COVID-19”-өөс үүдсэн нийгмийн эрүүл мэндийн хямралыг хэрхэн даван туулах асуудал. Энэ нь халдварыг нэг мөр дарж авах эсвэл халдварын шинэ тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулах, нас баралтыг зогсооно гэсэн үг юм. Шаардлагатай бүх хүмүүст найдвартай шинжилгээ оношилгоог хийх боломжтой болгохын тулд ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Түүнчлэн вирусийн эсрэг вакцин, өвчтөнүүдийг эмчлэх үр дүнтэй эмийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд түргэвчилсэн байдлаар боловсруулах шаардлага үүсээд байна. Нэмж дурдахад, АНУ-ын шинжээчдийн таамаглаж буйгаар коронавирусийн хоёр дахь том давалгаа ирэх намар тус улсыг нөмөрч магадгүй байгаа юм. Үүн дээр жил бүрийн улирлын томуугийн дэгдэлт нэмэгдвэл үр дүн нь төсөөлснөөс ч аймшигтай байж болзошгүй тул эмч, сувилагч, эмнэлгийн байгууламж, амьсгал дэмжих төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгсэлд урьдчилж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Хоёрдахь сорилт бол тус улсад ажилгүйдлийн түвшин сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн доод түвшинд хүрээд байна. Үүнийг хэрхэн зохицуулж, эдийн засгаа хэрхэн сэргээх тухай асуудал. Уламжлалт жижиглэн худалдаа гэх мэт зарим салбарт коронавирусийн эхний шатнаас гарсан алдагдлыг бүрэн нөхөхөд хэцүү байх бөгөөд жижиглэнгийн худалдааны шинэ хэлбэрүүдийг бий болгох шаардлагатай болно. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан болон Бүгд Найрамдах намууд аль аль нь дэд бүтцийн томоохон төслүүдийг санал болгосон. Гэтэл энэ удаа ингэж “том амлаж” чадахгүй нь бололтой.

Шинэ засаг захиргааны хувьд гурав дахь томоохон бэрхшээл бол арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, шударга ёс, өнгөт арьстнуудын эсрэг цагдаа нарын хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Судалгаанаас харахад Африк гаралтай америкчууд цагаан арьстнуудаас хамаагүй бага орлоготой байдаг аж. 2018 онд Африк гаралтай өрхийн дундаж орлого 41,400 ам.доллар байсан бол цагаан арьст гэр бүлийн  дундаж орлого 70,600 ам.доллар байв. Хар ба цагаан арьстнуудын эд баялгийн ялгаа нь орлогын зөрүүнээс ч их байна. Дээр нь өнгөт арьстнууд цар тахалд илүү их нэрвэгдэв. Өнгөт арьстнууд АНУ-ын хүн амын 13 орчим хувийг эзэлдэг. Харин коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн 25 хувь нь өнгөт арьстнууд. Чикаго хотод өнгөт арьстнууд цагаан арьстнуудтай харьцуулахад covid-19-өөр үхэх магадлал тав дахин их байдаг. Гол хүчин зүйл бол өнгөт арьстнуудын ихэнх нь эрүүл мэндийн даатгалгүй байдаг. Энэ асуудал хоёр гол нэр дэвшигч болох  Трамп, Байден нарын хооронд болох мэтгэлцээний гол асуудал болох нь дамжиггүй.

Дараагийн засаг захиргааны өмнө тулгарах байгаа дөрөв дэх том бэрхшээл бол Америкийн дэлхийд тэргүүлэгч статусыг тодорхойлох явдал юм. Хэрэв Трамп дахин сонгогдвол тэрбээр дэлхийд “Америк нэгдүгээрт” хандлагыг үргэлжлүүлж, АНУ-ыг 2017 онд Транс Номхон Далайн түншлэлийн хэлэлцээрээс гаргасан шиг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нүүрээ буруулсан шиг тус улсыг цаашид дахин хэд хэдэн олон улсын байгууллагуудаас гаргах болно. Хэрэв Байден сонгогдвол АНУ-ын дэлхий ертөнцтэй харилцах холбоог сэргээж, дэлхий нийтээр хамтарч шинэ төрлийн коронавирустай тэмцэх, ажлын байр нэмэгдүүлэх экспортын зах зээлийг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж магадгүй юм. Тэрбээр мөн Америкийн дэлхийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх дотоодын дэд бүтэц, боловсрол, судалгаа, хөгжил, технологийн чадавхийг сайжруулахыг зорьж байгаа билээ.

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж