Ипотекийн зээл маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл маргаан дагуулав

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар СЗХ, Монгол банкны мэдээллийг сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсэн юм. ҮХЦ-ээс Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан банкны холбооныхон найман хувийн хүүтэй зээлээ зогсоосноо мэдэгдсэн.  Найман хувийн хүүтэй зээлтийн асуудал гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнүүллээ.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ:

-ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд салбарын сайд нь очоогүй гэсэн яриа байсан нь ташаа. Энэ талаар надад мэдэгдээгүй байсан. Би энэ шийдвэрийг сонсоод Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хэлсэн. ҮХЦ-ийн шийдвэр гараад 8 хувийн ипотекийн зээл ямар ч хамааралгүй гэдэг тайлбарыг тухайн үед хийсэн. Зарим банкуудаас ипотекийн зээлийг гаргах боломжтой гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулж зохицуулах шаардлагатай. Орон сууц барьцаалсан зээл хамгийн найдвартай. Өнөөдөр эргэн төлөлт нь ч найдвартай явж байгаа.  Орон сууц барьцаалсан зээл өнөөдөр зогсонги байдалд хүрсэн гол шалтгаан нь ерөөсөө 10 хувьд шилжүүлсэнтэй холбоотой. Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгохоор өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь хамтарч ажиллах хүмүүсийн оролцоо дутаад байна” гэж өөрийн байр сууриа илэрхийсэн.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Засгийн газраас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай ямар ч судалгаа ирүүлээгүй. Хэрэв судалгаа материалаа ирүүлбэл бид хэлэлцэнэ” гэсэн хариултыг өглөө. Мөн З.Баянсэлэнгэ гишүүний байр суурьтай холбоотойгоор найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг 10 хувийн урьдчилгаатай хольж хуралдааны зорилгыг гуйвууллаа гэх мэтээр нэлээд шүүмжлэл хэлж байлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Иргэд орон сууцтай болно гэдэг нь үл хөдлөх хөрөнгөтэй болно гэсэн үг. Зээл авах боломж нь тэр хэмжээгээрээ тэлнэ. 2012 оноос өмнөх Засгийн газруудын хэрэгжүүлж байсан моргейжийн зээлийн  хэрэгжилтийн үр дүн  ямар байна. 5000 орон сууцаар хэмжээд явбал 60-70 жилийн дараа л Монголчууд орон сууцтай болохоор удаашралтай явж байгаа. Бид  иргэдэд бэлэн мөнгө тараах биш орон сууцтай болгох л чухал. Ингэж байж иргэддээ дэмжлэг үзүүлнэ.  Хамгийн гол нь нөхцөл сайтай зээл байх шаардлагатай. Найман  хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээл нь бусад орнуудтай харьцуулахад сайнд тооцогдохгүй. Бараг л арилжааны зээлтэй адил хүүтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Монголын төрд ажиллаж байгаа бүх хүн оюун ухаанаа уралдуулах ёстой. Гэтэл энэ асуудлаар улстөржөөд байгаад харамсаж байна.  Иргэдийн хашааны газрыг дэд бүтэцтэй болгоод эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол ямар ч үнэ цэнэгүй болно. Гэтэл үүнд ҮХЦ хориг тавьчихсан. Тиймээс орон сууцны зээлийн нөхцөлийг яваандаа тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр 8 хувийн зээлийг хүчингүй болгосноор төр, засаг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэхээр байна. Засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс банк бултах оролдлого хийгээд байна. Та нар оюутан бүрт 70 мянган төгрөг өгнө гэж Ерөнхийлөгчийн сонгуулиар амлаад тал нь байхгүй болсон. Хүүхийн мөнгөний 40 хувь өнөөдөр байхгүй боллоо. Одоо 8 хувийн зээлээс бултах гэж оролдоод байна. ҮХЦ-ийн шийдвэр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны томъёололтой холбоотойгоос биш банкны зээлийн хүүтэй холбоотой асуудал огтоосоо байхгүй. ҮХЦ-ийн шийдвэр гарсны маргааш ХХБ-ны Орхон гэдэг хүн “Найман хувийн зээлийг зогсоолоо” гэж улстөржилт хийсэн. Хууль эрхзүйн хувьд зөөлөвчилсөн томъёолол байдаг бол би суугаад өгч болно. Ер нь амласан юмнаасаа буцдагаа боль. ҮХЦ-ийн шийдвэр энэ хувийн зээлтэй огт хамаагүй. Засгийн газар найман хувийн зээлийг хэрэгжүүлэх гээд хөөцөлдөхөөр эх үүсвэр олдохгүй байна гэж байна. Тиймээс ээлжит булталтаа хийх гээд байгаад дургүй хүрч байна. Та нар  ҮХЦ-ийн шийдвэрийг далимдуулах гэвэл хоншоор чинь дутна. Эргээд огцруулах асуудлыг чинь ярина шүү, Н.Золжаргал аа. Үргэлж банкны захиалгаар хууль гаргасан. Монголыг арилжааны банкууд өрийн сүлжээнд оруулсан. Одоо улс төрөөр тоглодог болох нь” хэмээн ширүүхэн хэллээ.  

Ийнхүү гишүүдийн хооронд хурцадмал байдал үүсэв. УИХ-ын гишүүн  Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон Ц.Нямдорж гишүүн нар бие бие рүүгээ ширүүхэн үг шидэлцэж байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр   ипотекийн зээлийг зогсоосонд салбарын сайдыг буруутгасан бол гишүүн З.Баянсэлэнгэ “Би энэ зээлийг зогсоосон юм уу. Цөөн суудалтай намын гишүүд рүү дайрч болно гэж бодож байна уу. Хэрвээ ярих гээд байгаа бол хувь хүнтэй нь яриарай” хэмээн бухимдаж байлаа.

Эцэст нь энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж,  нарийвчлан хэлэлцэхээр боллоо.


"Найман хувийн зээл үргэлжилнэ"

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдээлэл хийлээ. Үүний дараа найман хувийн зээлийн асуудлаар сэтгүүлчид тодруулга авлаа. 

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр зарим гишүүд төөрөгдөж, зарим нэг нь улстөржилт хийх шиг боллоо. Найман хувийн зээлийн үр дүнг маш товчхон тайлбарлаж хэлбэл?    

-Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр найман хувийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ийм чухал асуудлаар мэдээлэл хийж байхад Засгийн газрын гишүүн З.Баянсэлэнгэ найман хувийн ипотекийн зээлийг 10 хувийн урьдчилгаатай холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод байна. Эсвэл зарим нэг нь улс төрийн өнцгөөс хараад байна. Зээлд хамрагдсан 80 мянган хүний хэний ч улстөрийн байр суурийг тодруулалгүй ипотекийн зээл хүрч чадсан. Одоо дахиад 200,300 мянган хүн зээл авах гээд урьдчилгаагаа бэлдээд, хүлээгээд байж байна. Гэтэл З.Баянсэлэнгэ нэг банктай хийсэн санамж бичгээ л яриад байх юм. Тэр санамж бичиг нь хууль эрх зүйн зохицуулалт мөн юм уу даа. Ипотекийн зээл 2008 оноос эхэлсэн. 2012 оноос Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад бид хамт сууж байгаад найман хувийн зээл болгосон. Тухайн үед маш олон хүмүүс инфляц өснө гэж муугаар зөгнөж байсан. Одоо үр дүн нь тодорхой гарчихсан байна. Тодруулбал инфляц гурван хувьд хүрээд байна. Үүнээс гадна 80 мянган өрх орон сууцанд орчихсон. Дахиад цаана нь зээлд хамрагдах гээд ирээдүйгээ төлөвлөөд явж байгаа хүмүүс байна. Гэтэл бид зогсоогоогүй гэж зарим нэг нь хэлж байна. Хэн хэнийгээ хуураад байнаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн. Эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Дунд суудал дээр ч өгсөн. Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухаар энэ асуудлыг яарч шийдэх ямар ч шаардлага байхгүй гэсэн. Үндсэн хуулийн цэц зургаан сар, нэг жилийн дараа шийддэг л юм байна лээ. Иргэдийнхээ эрхийг нэмж байна гээд боломжийг нь хааж болохгүй шүү дээ. Яг ийм коммунизмын туршлага байдаг. Бүгдийг нь өмчгүй болгосон. Өмчийг дагасан бүх эрхийг үгүй хийчихээр та өмчгүй болно гэсэн үг шүү дээ. Одоо найман хувийн зээлийг нэг ч иргэн авч чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь хөдөлдөг болчихсон. Барьцаа өмч хөрөнгөтэй холбоотой зургаан хөдөлгөөн байдаг. Түүний хоёрыг нь зохицуулах гэж байгаад бүгдийг нь үгүй хийчихлээ. Энэ найман хувийн зээл саяхан эхэлсэн одоо дөнгөж долоо, найман нас хүрч байна. Бид болохгүй байгаа асуудлаа засаад цааш явах хэрэгтэй.

-Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох  уу?

-Иргэний хуультай холбоотой өмчийн зарим нэг заалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх болов уу гэж би хүлээж байна. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр хэрэглээнээс хуримтлалд шилжиж чадсан. Макро эдийн засагт хүртэл үр дүн өгсөн. 2008 онд зөвхөн өндөр орлоготой иргэд орон сууцны зээл авдаг байсан. Харин одоо бүх нийтийн хүртээл болгочихоод байхад, зүгээр л барьцаа гэдэг зүйлээр хаацаалж ийм байдалд хүргэчихлээ. Ерөнхийдөө бол улстөржилтийн золиос боллоо. 10 гаруй жил явж байгаа хуулийг гэнэт нэг өдөр барьж аваад яаран яаран өөрчилсөн нь үнэндээ буруу шийдвэр. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тайлбарыг би сонссон. Мэдээж найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй. Гэхдээ барьцаа хөрөнгийг үгүй хийснээр үр дагавар нь ийм байдалд хүргээд байна.   

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж