Цар тахлын “ачаар” царцсан эмнэлгүүд ҮҮДЭЭ НЭЭНЭ

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Цар тахлын “ачаар” царцсан эмнэлгүүд ҮҮДЭЭ НЭЭНЭ

Цар тахлын “ачаар” царцсан эмнэлгүүд ҮҮДЭЭ НЭЭНЭ

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт царцаж, шав тавьсан эмнэлгүүд нь ашиглалтад орохгүй арваад жилийг үзсэн. Түлэнхий, төрөхийн, хүүхдийн эмнэлгүүд төсвөө хүлээн царцаастай, иргэд нь эмнэлгийн шалан дээр хэвтдэг ужиг үзэгдэл коронавирусийн "ачаар" өөрчлөгдөж мэдэх нь. Аливаа муу юм ч сайн зүйл дагуулдаг гэж үг байдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монголын эрүүл мэндийн салбарт эерэгээр нөлөөлж байна гэхэд дэгсдэхгүй. Цар тахал бэлтгэж, эрх баригчид царцсан эмнэлгүүдийг эхнээс нь ашиглалтад оруулж эхэлсэн сайн мэдээ ч дуулдах болов. Гучин жил Монголынхоо эмнэлгээр үйлчлүүлээгүй улстөрчид эрүүл мэндийн салбар ямар хэцүү болсныг шагшран гайхаж,  коронавирусээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зорилгоор сүүлийн үеийн лаборатори ч ХӨСҮТ-д ашиглалтад орж байна. 

 Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 300 ортой эх хүүхдийн эмнэлгийн барилга барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө  буюу 2011 онд гарч байжээ. Засгийн газар, “Нийслэл өргөө” компани “Пума” консерциумтай гэрээ байгуулан, улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг ажлын эхлүүлсэн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил  таг зогссон байна.

Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж, царцаад байсан барилгыг үргэлжлүүлж эхэлсэн.  Эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулахад найман тэрбум орчим төгрөг шаардлагатай байсныг Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэжээ.

Цар тахлын үед дээрх эмнэлгийг гадаадаас татан авчирсан иргэдийг  тусгаарлах, тахал дэлгэрсэн тохиолдолд өвчтөнүүдийг  тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан юм.

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явц 98 хувьтай байгаа бөгөөд “Томо бюлдинг” компанийн хувьд эхний ээлжид хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж.  Сүүлийн 30 жилд анх удаа  34 мянган мк2/ талбайтай, 880 өрөө бүхий, 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ юм.

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг төлөвлөсний дагуу зургадугаар сарын 15-нд ашиглалтад орох юм байна.

Арван жил гацсан  төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд шахаж барьж болдог гэдгийг дээрх жишээ тод харууллаа.

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ 2020 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2020 онд ашиглалтад орохоор болсон өөр нэг эмнэлэг нь  Түлэнхийн төв юм. Хүмүүсийн нэрлэж заншсанаар Зуун айлд байрлаж байсан Түлэнхийн төвийн хуучин барилгыг нурааж, оронд нь шинээр эмнэлэг барих ажил эхлээд бас л цөөнгүй жил өнгөрчээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн хяналт шалгалтаар Түлэнхийн төвийн барилгыг “Цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн” гэсэн дүгнэлт гарсны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хороо 2011 онд уг барилгыг актлах 358 дугаар тогтоол гаргажээ. Улмаар 2011 онд уг барилгыг нурааж, шинэ барилга барих ажилд 21 тэрбум төгрөг төсөвлөж, барилгын зураг төсөл хийх компанийг сонгон шалгаруулж байжээ. Гэвч, санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн ажил бас  л гацав. 

Харин 2017 оны тавдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхдээ, Кувейтийн сангийн санхүүжилт авсан байна.   Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд 2017 онд гарын үсэг зурсан юм. Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлсэн байдаг. Гэсэн ч мөн л хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж, барилга товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж, хойшилсоор иржээ. Эмнэлгийг 2019  онд ашиглалтад оруулах байсан.

Ямартай ч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  “Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон. Монгол Улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж