Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Үзэгчгүй наадмыг ХЕРО найруулах уу?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх асуудлаар олон нийтийн сүлжээнд багагүй маргаан өрнөж байна. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж Цагаан сар болон заалны барилдаануудыг хориглосон. Гэвч, УОК-оос баяр наадмыг тэмдэглэх шийдвэрийг гаргасан байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмыг тасалдуулалгүй уламжлал ёсоор зохион байгуулахаа мэдэгдсэн бөгөөд урьд өмнөхөөсөө ялгаатай нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо удахгүй дахин хуралдаж энэ жилийн Үндэсний баяр наадмын төсөв болон найруулагчийн сонгон шалгаруулалт гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг ард түмэнд хүргэх аж. Жил бүрийн наадмыг найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулж, найруулагчийн дэглэсэн хөтөлбөрийн дагуу наадам зохион байгуулаггдаг. Энэ жилийн хувьд үзэгчгүйгээр наадмаа зохион байгуулах шийдвэр гарчихсан учраас телевиз, радио, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж хүргэх үзүүштэй найруулга хэрэгтэй.

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрч, зарим нь бүр нэр цохон нэрлэж байдаг ч энэ жилийн хувьд  Херо” энтертаймент, “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар найруулна гэсэн мэдээлэл гараад эхэлжээ.

Түүний хувьд өнгөрсөн 2019 онд Үндэсний их баяр наадмыг найруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Энэ хэдэн хүүхдүүд наадам найруулаад өгье гээд жилийн жилд санал тавих юм” гээд хүсэлтээ дэлгэж байсан юм. Гэхдээ өнгөрсөн жилийн наадмыг "Хувьсал"-ын Г.Цогтгэрэл найруулсан нь үзэгчдэд гологдсон. Жишээлбэл, Монголын хөгжлийг яс мэлхийтэй зүйрлэлээ гэсэн шүүмжлэл олон нийтээс багагүй гарсан юм.  Түүний өмнө УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар гурван жил дараалан наадмыг найруулсан. Гэвч, мөн л хуучинсаг, хайрцагнаасаа гарч сэтгээгүй гэх гомдлыг наадамчид тавьдаг байв. Тиймээс энэ удаад наадмыг хэн сонирхолтой, найруулах вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.

Харин энэ жил цар тахалтай үед, үзэгчгүй байх наадмыг хэн хэрхэн зохион байгуулах вэ гэдэг наадамчин олны анхаарлын төвд байгаа асуудал юм. Үндэсний их баяр наадмын хороо ч гэсэн удахгүй найруулагчаа сонгон шалгаруулахаар бэлтгэж байгаа гэнэ.  Дайны хүнд хэцүү жилүүдэд ч цуцлагдаж байгаагүй Үндэсний их баяр наадмын энэ удаагийн "дайсан" нь нүдэнд харагдахгүй.

Сонирхуулахад 2019 оны Үндэсний баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг байсан бол энэ жил цар тахалтай холбогдуулан энэ дүн өсөх эсэх нь эргэлзээтэй байна.

БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо одоогийн байдлаар цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталсан.

Үүнд нь:

  • Долдугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно
  • Долдугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.
  • Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.
  • Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.

"НААДАМ ҮЗЭГЧГҮЙ Ч ГЭСЭН ҮЗҮҮШТЭЙ БАЙГААСАЙ"

Иргэдийн дунд наадмыг зохион байгуулах нь зөв хэмээн үзэж байгаа нэг хэсэг байхад буруу гэж бодож байгаа ч хүмүүс байна. Наадмыг хэрхэн зохион байгуулах, үзэгчгүй ч гэсэн ямар зохион байгуулалттай байх талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.


Иргэн Б.Батдорж:

-Энэ жил наадам зохион байгуулахыг би дэмжихгүй л байна. Сүүлийн үед үзэгчгүй зохион байгуулна гэсэн мэдээ яваад байсан. Хэрвээ тийм зүйл болвол болох л байх. Гэхдээ л улс орон даяар өргөн хавтгай хийх шаардлагагүй гэж бодож байна. Наадамтай, наадамгүй болох л байлгүй. Нэг жил өнжлөө гээд юу нь буруу байх вэ.


Иргэн О.Чойжамц:

-Наадмыг энэ цар тахлын үед зохион байгуулах нь буруу гэж бодож байна. 2-3 өдөр наадамлана гэдэг олон хүн цугларна гэсэн үг шүү дээ. Харин зүгээр үзэгчгүй бөхөө барилдуулаад, үзэгч түмэндээ үзэх юмтай наадам болоосой гэж хүсч байна. Бид ч яахав телевиз, интернет, радиогоор үзээд сонсоод болно биз. Сум сумандаа хийсэн нь арай л төвлөрөл багатай байна байх. Тэрнээс биш нийслэлдээ төвлөрч, урьдын адил хийнэ гэдэг энэ цар тахлын үед боломжгүй байх.


Иргэн Ж.Жавзандулам:

-Эрт дээр үеэс уламжлагдан өвлөж ирсэн үндэсний их баяр наадмаа бага боловч тэмдэглэн өнгөрүүлэхгүй бол яасан ч болохгүй байх. Уяач, малчин ард түмэн бөхөө үзэж, морио уралдуулах нь зүйтэй биз. Мал сүргийн хүч, буянд агаар бүрэн цэвэрлэгддэг гэдэгт би итгэдэг учир үзэгчидтэй ч тэр, үзэгчгүй ч тэр наадмаа тэмдэглэх хэрэгтэй. Энэ чинь нүүдэлчин ард түмэн бидний баяр шүү дээ. Үзэгчтэй, үзэгчгүй байх гэхээс илүү үзүүштэй наадам байгаасай гэж бодож байна.


 

Иргэн С.Батболд:

-Ерөнхийдөө үзэгчгүй, учраас Төв цэнгэлдэх хүрээлэндээ бөхөө барилдуулж, наадамчин олноо баясгах байх гэж харж байна. Аймаг, сумын наадмаа нэг удаадаа өнжөөд нийслэлдээ нэг төвлөрсөн зохион байгуулалттайгаар зохион байгуулвал зүгээр юм шиг санагдсан. Яахав морь гэлгүй зөвхөн бөхөө л зурагтаар шууд дамжуулаад үзүүлвэл зүгээр байх. Худлаа баяр гэхээр болиод л сонгууль гэхээр бөөнөөрөө бужигнаад л байна шүү дээ.


Иргэн Г.Батцэцэг:

-Наадмыг зохион байгуулах эсэх тал дээр сайн мэдэхгүй л байна. Ийм аймаар өвчин дэгдсэн үед тэмдэглэх хэрэгтэй юу, үгүй юу. Цагаан сараа ч олигтой тэмдэглээгүй шүү дээ. Төрийн томчууд бөөнөөрөө ярилцаж байгаад л шийдэх байлгүй. Миний хувьд бол хүн бүхэн сайхан гэр гэртээ наадмаа тэмдэглэвэл зүгээр л байна. Ер нь бол өвчний үед нийтээрээ хавтгайраад хэрэггүй л байх.


 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж