Монголын хөлбөмбөгийн холбооны маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах ажилтан Ч.Энхбаттай уулзаж ярилцлаа.
-Цар тахлаас болж спортын олон арга хэмжээ цуцлагдсан. Гэхдээ дэлхийд зарим спортын наадмууд эргээд зохион байгуулагдаад эхэллээ. Монголын хөлбөмбөгийн шинэ улирал эхэлнэ гэж зарласан. Хөлбөмбөгийн фанатууд нэлээд хүлээлттэй байлаа, гэтэл яагаад эхэлсэнгүй вэ?
-Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс УОК-т хорио цээрийн дэглэмийн дагуу, ариутгал халдваргүйжилтээ хийгээд, бүх дүрэм журмыг нь баримтлаад лигийн тоглолтуудаа явуулъя гэхдээ бүх тэмцээнээ бус үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг, футзалны дээд лиг гэсэн гурван гол чухал тэмцээнээ зохион байгуулъя гэсэн хүсэлтээ хүргүүлэхэд УОК-оос зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Зөвшөөрсөн хариу ирэхэд холбооны зүгээс баг, тамирчдаа хэрхэн байрлуулах, талбайд гаргах, гоолын баяраа тэмдэглэх гээд зүйлийг бэлдсэн дээ. Хөлбөмбөгөөр цангаж байсан маш олон фанат, үзэгч, тамирчин их баяртай байсан ч яг гурав хоногийн дараа УОК шийдвэрээ цуцалсан. Цуцалсан шалтгаанаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын зөвлөмжийн дагуу цуцлах шийдвэр гаргалаа гэж тайлбарласан. Харин саяхан дахин хүсэлт явуулахдаа Монголын хөлбөмбөгийн холбоо шиг хүнд байдалтай байгаа Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо болон Монголын волейболын холбоотой хамтарсан.
-Улсын онцгой комиссын эргэж, буцсан шийдвэрээс болж багууд хэдий хэмжээний санхүүгийн хохирол амсав. Шинэ улиралд бэлдээд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэж дуулсан.?
-Жишээ дурдвал, "Улаанбаатар Сити" баг гэхэд УОК-ыг зөвшөөрсөн гэж дуулаад Төв аймаг руу багаараа бэлтгэлд гарсан. Багаар бодоход 23 тоглогч үүн дээр 6-7 албаны хүн гээд бодохоор нийт 30 хүний зардал яригдана. Лиг маань зургадугаар сарын 5 гэхэд эхлэх байсан учир багууд хувцас, хэрэглэл, бэлтгэлийн материалуудаа худалдан авахад доод тал нь 25 сая гаруй төгрөг гаргасан гэж байгаа.
Үүнийг нэг лигийн 10 баг, гурван лигийн 30 баг гэж тооцвол 750 сая гаруй төгрөгөөр "шатсан" байна.
-Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино Монголд айлчлах үеэрээ Монголын хөлбөмбөгийн холбоонд жил 1.5 сая ам.долларын санхүүжилт олгодог гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ үнэн үү, Жанни Инфантиногийн мэдээлэлд тайлбар өгөөч?
-Монголын хөлбөмбөгийн холбоо жил болгон FIFA-аас төсөвлөгдсөн хэмжэээгээрээ бол 500 мянган ам.долларын үйл ажиллагааны санхүүжилт авах ёстой. Үүн дээр нэмээд тодорхой нөхцлүүдтэйгээр 500.000 ам.долларын санхүүжилт төсөвлөгддөг. Гэхдээ энэ 500 мянган ам.долларын санхүүжилтийг 10 нөхцөлтэйгөөр авдаг. Жишээлбэл, үндэсний шигшээ багтаа тодорхой хувийг, эмэгтэй шигшээ багтаа тэдэн хувийг нь, хүүхдийн хөлбөмбөгт мөн тэдэн хувийг гэх мэтчилэн 10 хэсэгт хуваагддаг. Энэ 10 нөхцөл нь бүгд өөр өөрийн гэсэн тавигдах шаардлагатай. Эмэгтэй хөлбөмбөгийн лигийн хувьд гурван сар үргэлжилж, 10 баг оролцсон байх ёстой гэх мэт болзол тавигдана. Энэхүү болзлыг нь хангаж байж дээрх санхүүжилтийнхээ тодорхой хувийг авна. 2019 онд эмэгтэйчүүдийн лигт ердөө зургаан баг оролцсон учир болзлоо хангаж чадалгүй 500 мянган ам.долларын санхүүжилтийнхээ тодорхой хувийг тануулсан.
Энэ жил цар тахалтай холбогдуулан FIFA-ийн зүгээс 2020 оны 500 мянган ам.долларын ямар нэгэн шалгуур болзолгүйгээр олгохоор шийдвэрлэсэн.
-Дан ганц FIFA-гийн санхүүжилтээр Монголын хөлбөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж чаддаг уу?
-Хэцүү шүү. Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж буй арын албаныхны цалин хөлс, тэмцээн уралдааны шагнал, зохион байгуулах комисс гэх мэт олон төрлийн зардал гардаг. Жишээлбэл, ДАШТ-ий нэг урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулахад л асар их хэмжээний зардал гарна. Зочлон ирж буй багаа хүлээн авах, байрлуулах тэдэнд үйлчлэх туслахууд гээд Монголын хөлбөмбөгийн холбооны 40 ажилтнаас гадна дахиад 100-150 гаруй хүн ажилладаг гэж бодохоор санхүүнийн зардал их гарах нь гарцаагүй. Тиймээс манай холбооны маркетингийн хэлтэс аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдон ивээн тэтгэгчийн хүсэлт явуулдаг.
2019 онд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ивээн тэтгэгчээр Худалдаа хөгжлийн банк ажиллахаар болж тодорхой хугацаатайгаар нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан.
Энэхүү мөнгөний 30 хувь нь шигшээ баг дээр, 70 хувь нь манай Яармагт шинээр баригдаж буй талбайн бүтээн байгуулалтад зарцуулагдах төлөвлөгөөтэй байна. Мөн Боргио, Жи-Мобайл зэрэг ивээн тэтгэгчид байна. Хамгийн сүүлд BSB компани манай холбооны зохион байгуулсан онлайн хөлбөмбөгийн тэмцээн дээр ивээн тэтгэгчээр ажиллалаа.
-Хүмүүс Монголын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулж асар их мөнгө эргэлддэг гэж ярьдаг, боддог. Үүнийгээ дагаад ч янз бүрийн хардлага, яриа гардаг. Ер нь танай холбоо хэр шилэн, нээлттэй байж чаддаг вэ?
-Манай холбоо авсан санхүүжилтээ FIFA-д эргээд тайлагнадаг. Тэгж байж дараагийн санхүүжилт нь орж ирдэг. Холбооны зүгээс жил болгон сайн дураараа аудитын шалгалт оруулдаг. FIFA ч манай санхүү дээр хяналттай тавина. Жил болгоны санхүүгийн тайлангаа Монголын хөлбөмбөгийн холбоо албан ёсны сайт дээрээ ил гаргадаг. Хүмүүст 500 мянган ам.доллар гэхээр их өндөр тоо шиг санагдаж магадгүй. Гэвч яг хөрсөн дээрээ буухаар зарим болзлуудаа хангаж чадаагүйн улмаас тодорхой хэмжээгээр хасуулдаг. 2018-2019 оны улиралд Монголын үндэсний шигшээ баг маш олон олон улсын тоглолт хийлээ. Үүний тулд холбооны нийт төсвийн 70-80 хувь цэвэр шигшээ багт л зориулагдсан. Үлдсэн хувийг нь бусад зүйлст зарцуулсан тооцоо байна.
Монголын хөлбөмбөгийн холбоонд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй.
-Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн хэдэн сар их дуулиан шуугиантай байлаа. Шигшээ баг тоглолт наймаалцсан хэрэгт холбогдсон. Энэ хэрэг яаж шийдэгдсэн бэ?
-Монголын хэд хэдэн веб сайтууд дээрээ тавигдсан байсан. FIFA-ийн зүгээс ч шигшээ багийн хэд хэдэн тамирчин дээр мөрдлөг явуулсан гэх юм уу, албан цахим шуудан явуулсан байсан. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тоглолтын шударга байдлын алба гэж бий. Энэ алба нь 2022 оны Катар улсад зохион байгуулагдах ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тоглолтуудаас эхлэн ДАШТ-ий шигшээ тоглолт хүртэлх бүх тоглолуудад тодорхой хэмжээний мөрдлөг явуулдаг. Киргиз болон Мьянмарын тоглолт 7:0 гэсэн харьцаатайгаар өндөрлөсөн учир ийм олон тооны зөрүүтэй тоглолт тухайн албаны сонирхлыг их татсан байгаа юм. Ийм учраас манай шигшээ багийн багтсан хэсгийн бүх багуудыг сайтар шалгасан. Ялангуяа Монголын шигшээ багт голлох үүрэг рольтой н.Даваа, Н.Цэдэнбал зэрэг тоглогчдын санхүү, бусад зүйлсийг өнгөрсөн онд шалгасан. Өнгөрсөн жилийн аравдугаар сард явагдсан тоглолтыг маш урт хугацаанд нарийн шалгасан байгаа юм. Дан ганц манайх бус бүхий л шигшээ багуудын тоглолтыг ийм маягаар шалгадаг гэхээр хэр том байгууллага гэдэг нь харагдаж байна.
-Бас нэг дуулаин бол эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэр бүхий тамирчинд дасгалжуулагчдын зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал. Энэ хэрэг дээр Монголын хөлбөмбөгийн холбоо ямар арга хэмжээ авсан бэ?
-Миний сонссоноор Монголын хөлбөмбөгийн холбоо спортын талаас ч гэх юм уу тухайн алдаа гаргасан албан тушаал хашиж байсан хүндээ бүх арга хэмжээнүүдээ авчихсан. Арван жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн холбооны хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан. Хэрвээ Монголын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооны шийдвэртэй санал нэг бус байвал маргаан таслах хороо мөн Монголын спортын арбитрын шүүхэд хандах боломжтой.
-Хөлбөмбөг сонирхчдын анхаарлыг татсан Н.Цэдэнбал болон "Улаанбаатар Сити" багийн хоорондын гэрээ юу болсон бэ. Танай холбооны зүгээс тэдний асуудлыг шийдэхэд яаж оролцов?
-Тоглогчийн шилжилт хөдөлгөөний журам гэж бий. Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны шууд удирдлаганд байдаггүй ёс зүйн хороо болон маргаан таслах хороо гэх мэтчилэн хороод бий. Холбооны зүгээс бүх хариуг нь гаргаад өгсөн байгаа.
-Монголын хөлбөмбөгийн холбоо үзэгчдийг татахын тулд юу хийж байна? Үндэсний шигшээ багийн тоглолт биш бол дотоодын лигийн тоглолт үзэгч муутай болдог.
-Лигийн талбайн үзэгчдийн тоо цөөхөн байгаа нь үнэн. Үүнийг Улаанбаатар хотод байгаа стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайн хүрэлцээ, ажлын цагтай холбож тайлбарлаж болно. Монголд стандарт хөлбөмбөгийн талбай дутмаг учир төв талбайдаа бүхий л шатны гадаа талбайн лигийн тоглолтуудаа авч байна. Нэг өдрийн дотор л үндэсний дээд лиг болон нэгдүгээр лигийн тоглолтуудаа ар араас нь зохион байгуулдаг. Харин ажлын цагийн хувьд тогтмол оройн цагаар тоглолтуудаа зохион байгуулвал үзэгчдэд таатай байна. Ихэнхдээ 12:00 болон 14:00 цагуудаас дээд лигийн тоглолт яваад дундуур нь нэгдүгээр лигийн тоглолт явагдаж байх жишээтэй. Гэхдээ хөлбөмбөгийн холбооны онлайн үзэлт өндөр байдаг. Бидний зүгээс Mycujoo, SPS, Ntv гээд сувгуудаар болон фэйсбүүкээр тоглолтуудаа шууд дамжуулдаг. Лигийн нэг тоглолтыг л гэхэд хамгийн багадаа 500 хүн онлайнаар үздэг. Харин олон улсын тоглолтуудыг дор хаяж 15-30 мянган хүн үздэг.
Лигийн сонирхолтой тоглолтуудыг 300 гаруй хүн цэнгэлдэхэд ирж үздэг
-Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна?
-Холбоо маань цаг үедээ тохируулан МҮОНРТ хамтран хичээл амраад гэртээ сууж буй хүүхдүүдэд зориулан гэрийн нөхцөлд болон байрны гадаах талбайд хөлбөмбөг сурах анхан шатны видео хичээлүүдийг хүргэж байна. Нийтдээ 30 минутын 30 дугаар хүргэхээр төлөвлөсөн байгаа. Видео хичээлүүд телевизээр цацагдаад дуусахаар нь 21 аймагт биет хэлбэрээр заахаар шийдсэн. Мөн олон улсын тоглолтуудаа хүлээж байна. Япон улсын шигшээ багийг өнгөрөгч гуравдугаар сард талбайдаа хүлээн авах байсан ч цар тахлын улмаас хойшлогдож ирэх аравдугаар сард хүлээн авахаар боллоо. Энэ тоглолтыг зохион байгуулах ажил биднийг хүлээж байна. Дотоодын явагдах боломжтой гурван лигээс гадна насанд хүрэгчдийн гадаа талбайн болон футзалны 7-9 тэмцээн зохион байгуулагдана. Календарь хумигдах тусам зохион байгуулах тоглолтууд их болж байна. Тоглолтууд дээр ажиллах шүүгчдийг хэрхэн хуваарилах, шүүгчдээ энэ хумигдсан цаг хугацаанд хэрхэн тоглолтуудад нь хүргэх вэ гэсэн олон асуудлууд байна л даа.
-Ерөнхийдөө бол Монголын хөлбөмбөгийн бүх шатны гадаа талбайн тэмцээнүүд холбооны төв цэнгэлдэхэд явагддаг. Цаашдаа олон улсын стандартыг хангасан хэдэн цэнгэлдэх баригдах төлөвтэй байна вэ?
-Монголын хөлбөмбөгийн холбооны харьяанд холбооны төв цэнгэлдэхээс гадна шинэ Яармагт баригдаж буй цэнгэлдэх, Төв аймгийн Зуунмод хотоос холгүй үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз байна. Энэ бааз бол 70-80 хүн хүлээн авах чадалтай зочид буудал, зоогийн газартай иж бүрэн бүтээн байгуулалт. Одоогийн байдлаар ийм л гурван цэнгэлдэх, талбай байна. Жижиг талбайнууд бол аймгуудаар баригдаад эхнээсээ нээлтээ хийгээд эхэлсэн байгаа. Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр саяхан гэхэд л Завхан, Увс, Булган аймгуудад цоо шинэ талбайн нээлтээ хийлээ.
-Шинэ Яармагт баригдаж буй цэнгэлдэх нь юугаараа онцлог билээ?
-Шинэ Яармагийн цэнгэлдэх суудлынхаа тоогоор илүү, хотын зүүн зах руугаа илүү чиглэсэн. FIFA-ийн ерөнхийлөгч Ж.Инфантино Монгол Улсад айлчлах үеэрээ гурван талбайг битүү дээвэртэй болгоно гэсэн амлалтыг өгсөн. Үүнд шинэ Яармагийн цэнгэлдэх багтаж байгаа. Тоглогчид өмнө нь 6-7 сар л хөлбөмбөгөө тоглодог байсан бол тун удахгүй бүтэн жилийн турш дуртай спортоороо хичээллэх боломж бүрдэнэ.
-FIFA-ийн зүгээс улс орнуудын чансааг хэрхэн гаргадаг юм бэ?
-Тусгай томьёогоор тодорхойлно. Их төвөгтэй томьёо. Өмнө нь доогуур чансаатай багууд өндөр чансаатай багуудтай тэнцэх ч юм уу эсвэл хожвол чансааны оноо сайн авдаг байсан бол одоо аль баг нь ч хожсон, тэнцсэн яг л адилхан оноо авдаг болсон. Үндэсний шигшээ багийн олон улсын тоглолтуудын үр дүнгээс гадна дотоодын клубуудынх нь олон улсын амжилт энэ чансаа ахихад их нөлөө үзүүлдэг. Өмнө нь Эрчим баг олон улсын клубуудын тэмцээнд оролцдог байсан бол энэ жил "Улаанбаатар Сити" оролцохоор болсон. Холбооны зүгээс ч "Эрчим" клубыг дэмжиж ажилладаг байсны адил "Улаанбаатар Сити" клубыг ч дэмжинэ. Гэвч "Улаанбаатар Сити" клубын олон улсын тоглолтууд хойшлогдчихлоо.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ