ОХУ нь ирэх долдугаар сарын 15-аас олон улсын нислэгээ сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орохоор төлөвлөж байна. ОХУ-д коронавирусийн халдварт өвчний цар тахал гарснаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс эхлэн олон улсын бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон юм. Хэдийгээр ОХУ-д 476 мянга гаруй хүн “COVID-19” өвчнөөр өвчилж, нийт халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ч оргил үеэ давсан гэж үзжээ.
Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагаас олон улсын нислэгээ сэргээх хүсэлтийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор байгууллагад гаргасан аж. Тус агентлагаас эхний ээлжид Хятад, Өмнөд Солонгос, Европын холбооны орнууд, Турк зэрэг 15 орон руу олон улсын нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Гэхдээ тухайн орнууд ОХУ-аас ирэх нислэгийг хүлээн авч, зөвшөөрсөн нөхцөлд долдугаар сарын 15-аас эхлэн олон улсын нислэг үйлдэх гэнэ.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ