Завхан аймгийн Алдархаан суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд цас оржээ. Харин өнөөдрөөс /2020.06.08/ Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт нойтон цас орж байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, уулархаг газраараа нойтон цас орж байгааг цаг уурчид хэлж байв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулахад “Завхан аймгийн Алдархаан суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орлоо. Харин өнөөдрөөс Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт нойтон цас орж байна. Энэ нь ердийн үзэгдэл. Өнгөрсөн жил долдугаар сард орон нутгаар цас орсон шүү дээ. Тухайн бүс нутагт хур тунадас орох нөхцөл бүрдсэн бол цас орох нь ердийн үзэгдэл” гэв.
Зургадугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 12,13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ