Иргэд “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа хүлээсээр зургадугаар сарын эхний долоо хоног шувтрав. Хоёр долоо хоног өнгөрөхөд УИХ-ын сонгуулийн дүн гарч, ирэх дөрвөн жилд аль нам, эвсэл нь Засгийн эрх барих вэ гэдэг нь тодорхой болно.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал хураалт болохоос өмнө ногдол ашиг тараагдахгүй бол хувьцаа амь орж, иргэд үр шимийг нь хүртэнэ гэдэг лөөлөө болно. Иймээс иргэд Засгийн газраас ногдол ашгаа нэхэх шаардлага байна.
“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “1072 ширхэг хувьцаатай 1,080000 хувьцаа эзэмшигч 96480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 750 ширхэг хувьцаатай 667898 иргэн 67500 төгрөгийн ногдол ашиг авна. 741 хувьцаатай 334500 хувьцаа эзэмшигч 66690 төгрөгийн ногдол ашиг авна. Нэг ширхэг хувьцаа 90 төгрөгийн үнэтэй. Нийтдээ 2,080000 иргэнд 200 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээнэ” хэмээн мэдэгдсэн.
Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сараас эхлэн иргэдэд олгохоо мэдэгдсэн ч сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад иргэдийн хэтэвчинд орсонгүй. Нэхэхгүй болохоор өгөхгүй байна уу, эсвэл ногдол ашиг олгох боломжгүй байсан атлаа өгнө гэж худал амлаад ацан шалаанд оров уу. Эсвэл цар тахлаас болж, татварын орлого эрс буурснаас өгөх мөнгөгүй болов уу.
Өгөх мөнгө нь байсаар атал луу унжиж буй бол зөвхөн сонгууль бодож улс төр хийж байна гэж хардах үндэстэй. Харин өгөх мөнгөгүй бол эртхэн үнэнээ хэлээд 2 сая иргэнийхээ хүлээлтэд цэг тавих шаардлага байна. Ажилгүй, орлогогүй иргэд, ахмад настнууд өнөөдөр хувьцааны ногдол ашгаа л хүлээж сууна.
Уг нь иргэд ногдол ашиг авах шаардлага тавиагүй. Засгийн газар л “Гучин гэр бүл биш 3 сая иргэн уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртдэг байх ёстой. Анх удаа “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгоно” хэмээн амлалт өгсөн. Гэтэл амлалт хэрэгждэггүй, эцэс сүүлдээ энэ асуултад хариулдаг албан тушаалтан ч үгүй боллоо. Засгийн газрын гишүүд нь тэр чигээрээ сонгуульд мордож, мориноосоо буух завгүй болсон бол төрийн алба ч ялгаагүй сонгуулиар амьсгалж байна.
Одоо тэгэхээр ганц арга байгаа нь тойргийнх нь сонгогчид УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй Засгийн газрын гишүүдээсээ ногдол ашгаа нэхэх. Өгч чадах бол сонгуулиас өмнө өг, чадахгүй бол боломжгүйг нь хэлүүлж ав.
Төрийн шийдвэр гарсан бол хэрэгждэг байх ёстой. Хэрэгжихгүй бол ямар шалтгаан гарснаас хэрэгжих боломжгүй болов гэдэгт хариулт өгдөг байх нь шударга төр засаглаж байгаагийн нэг хэлбэр юм.
Тэр тусмаа сонгууль болж буй энэ үед сонгогчид сонголтоо хийхэд ч тустай.
Уг нь улс орнууд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, хүү багатай, урт хугацаатай зээл босгодог. Хөгжилд хүрсэн улс орнуудын дийлэнх нь эл жишгээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, үйлдвэрлэлээ хөгжүүлсэн байдаг. Монгол Улс 2009 онд буюу С.Батболд Ерөнхий сайдын алба авсныхаа дараа олон улсын хөрөнгийн зах зээлд тоглолт хийж, бага хүүтэй, урт хугацаатай зээл босгох амлалт өгсөн ч эцэст сүүлдээ Тавантолгойн нүүрсийг "Хятадын "Чалько" компанид урьдчилан зарж, түүнээс орж ирсэн мөнгийг иргэдэд бэлнээр тарааж, өрөнд оруулсан. Өрийн хэмжээ 350 сая ам.доллараар яригдаж байв. Харин тэр их өрийг "Эрдэнэс тавантолгой" компани барагдуулахын тулд их л олон жил махийж, өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байсны хүчинд 2019 онд бүрэн барагдуулсан. Хэдийгээр өнөөгийн Засгийн газар дэлхийн зах зээлд IPO гаргаж чадаагүй ч иргэдэд ногдол ашиг тараахад бэлэн гэсэн амлалтдаа хүрчихмээр л байх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ