Мэргэжлийн холимог тулааны шилдэг тамирчдын нэг Ирланд залуу Конор МакГрегор өчигдөр/2020.06.08/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан албан ёсоор гурав дахь удаагаа зодог тайлж буйгаа зарлав. Тэгвэл өнөөдөр/2020.06.08/ тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа “Зодог тайлсанд баяр хүргье аав аа” гэсэн бичигтэй амтат бялууны зураг оруулжээ. Харин энэхүү зурагных нь доор мэргэжлийн боксын амьд домог Флойд Мейведер хэдэн үг бичээд амжжээ.
Флойд Мейведер “Хэрэв би буруу санаагүй бол чи Майк Тайсонд надтай хоёр дахь удаагаа тулалдвал ялна гэж хэлсэн байх аа. Гэхдээ чи одоо гарч байна. Би чамайг хамгийн шилдгийг нь ялахыг хүссэн гэж бодож байсан юм. Одоо яая гэхэв, хэрвээ эргэн ирэхийг хүсвэл би чамайг дахин шийтгэх гээд хүлээж байх болно” хэмээн бичжээ.
Флойд Мейведер болон Конор МакГрегор нар 2017 онд боксын рингэн дээр учраа тааран тулалдаж, 10 үе үргэлжилсэн тулаанд Флойд Мейведер ялалт байгуулсан. Сүүлийн жилүүдэд дээрхи хоёр тулаанчийн хоёр дахь удаагийн хариу тулаан зохион байгуулагдана гэж яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй. Харин холимог тулааны спортын үзэгч, хөгжөөн дэмжигчид Конор МакГрегорыг тун удахгүй октагондоо эргэн ирнэ гэж үзэж байна.
UFC холбооны хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Конор МакГрегор анх 2016 оны дөрөвдүгээр сард UFC 196 өдөрлөг дээр Нэйт Диазад ялагдсаныхаа дараа зодог тайлж буйгаа зарласан бол дараа нь 2019 оны гуравдугаар сард UFC 229 өдөрлөг дээр Хабиб Нурмагомедовт ялагдсаныхаа дараа мөн зодог тайлах шийдвэр гаргаж байжээ.
Холбоотой мэдээ