АНУ-ын иргэн Жорж Флойдын хэргээс үүдсэн арьс өнгөний үзлийн эсрэг жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнүүд зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхийн олон улс оронд өрнөж байгаа билээ. Тухайлбал, Их Британийн хэд хэдэн хотод олон арван мянган хүн оролцсон жагсаал болсон ба Бристол хотод жагссан иргэд тус хотын бэлгэдэл болсон боолын худалдаачин Эдвард Колстоны хөшөөг нурааж, голын усанд живүүлжээ.
Эрх баригчид энэхүү үйлдлийг түүхэн дурсгалыг эвдэлж сүйтгэсэн хэмээн буруутгаж байгаа бол зарим түүхчид үүнийг Иракт Саддам Хусейны хөшөөг буулгасан үйл явдалтай харьцуулсан байна.
Эдвард Колстоны хөшөөг анх 1895 онд босгосон бөгөөд энэ нь Бристол хот боолын худалдаанд чухал үүрэгтэй газар байсан гэдгийг тодотгох тус хотын бэлгэдэл байсан юм. Түүхээс үзвэл Колстоны компани Баруун Африкаас Карибын тэнгисийн сав, Америк тивд 1672 оноос 1689 оны хооронд 100 мянга гаруй боол тээвэрлэн хүргэж, зарсан байдаг ба боолын наймаанаас олсон энэ их ашиг нь Бристол хотын хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Харамсалтай нь боолуудыг тээвэрлэх явцад ариун цэвэр муу, хоол ундны дутагдлаас болж 20 мянга гаруй боол нас барж, цогцсыг нь далайд хаяж байсан ажээ.
Гэвч энэхүү хөшөө нь сүүлийн жилүүдэд маргаан дагуулж байжээ. Нийт 11 мянга гаруй иргэн энэ хөшөө байх ёсгүй гэж үзэн буулгахыг шаардан гарын үсэг зурсан байна. Мөн хотын захиргаа иргэдийн эсэргүүцлээс болж 2018 онд албан байрны хананаас Колстоны хөргийг буулгаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ