Антонио Гвинн төрөлх хот Нью-Йоркын Буффалог нь жагсаал, эмх замбараагүй байдал хэрхэн сүйтгэснийг зүгээр хараад суусангүй. Тэрбээр гэрээсээ шүүр, хогны уут барин гарч гудамжуудыг өөрөө цэвэрлэж эхэлсэн байна.
Антонио шөнийн 02.00 цагт цэвэрлэгээгээ эхлүүлж, арван цагийн турш нэг ч амраагүй аж. Харин өглөө нь түүний зөв үйлдлээс жишээ авсан хөршүүд, зохион байгуулалттай бүлгүүд цэвэрлэгээнд туслахаар ирцгээсэн ч Антонио аль хэдийн ихэнх талбайг цэвэрлээд дуусч байжээ.
Антонио Гвинн бол 18 настай, ахлах сургуулийн сурагч гэнэ. Тэрбээр хэвлэлд “Би зурагтаар гудамж талбай хэрхэн шилний хэлтэрхий, хогоор дүүрсэн байхыг хараад, маргааш өглөө хүмүүс ажилдаа явахын тулд энэ гудамжууд цэвэрхэн байх ёстой гэж бодсон” хэмээн ярьжээ.
Сайхан сэтгэлт хүүгийн зоримог үйлдэлд талархсан хүмүүс түүний гарыг хоосон буцаасангүй.
Антониог мэдээнээс харсан 27 настай Мэтт Блок түүнд хувиасаа 2004 оны улаан Мустанг машин бэлэглэсэн байна. Блокын хэлснээр тэрбээр бага наснаасаа тус машиныг мөрөөдөн байж авсан ч өдгөө өдөр тутамдаа унахгүй байгаа аж. Мөн тэрбээр Антониог Facebook дээрээ машин авахаар төлөвлөж байгаагаа бичсэн байсныг хараад, өөрийн хайртай машинаа илүүчлэхээр шийдсэн байна. Харин нутгийн даатгалын бизнесмэн Боб Брайслэнд дээрх бэлгээс санаа авч, хүүгийн шинэ машины даатгалыг нэг жилээр үнэгүй сунгаж өгсөн байна.
Антонио сургуулиа төгсөөд бизнесийн сургуульд сурахаар төлөвлөж, мөнгөө цуглуулж байсныг мэдээд Буффалогийн Медайлле коллеж түүнд 100 хувийн тэтгэлэг санал болгожээ. Хүүгийн мөрөөдлүүдийн нэг нь өөрийн гэсэн цэвэрлэгээний компанитай болох гэнэ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ