Америкчуудын тэмцэл үр дүнгээ өгч эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Америкчуудын тэмцэл үр дүнгээ өгч эхлэв

Америкчуудын тэмцэл үр дүнгээ өгч эхлэв

Африк гаралтай Жорж Флойдыг баривчлах үеэрээ цагдаагийн ажилчин хүзүүн дээр нь найман минут гаран өвдөглөж, амьсгалах боломж өгөлгүй байсаар амь насыг нь хөнөөсөн юм. Энэ хэрэг тавдугаар сарын 25-нд гарч, бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсанаар тэр даруй олон нийтийн эсэргүүцлийг дагуулж, орон даяар бослого тэмцэл болон хувирсан. Жагсагчдын зүгээс цагдаагийн алба хаагчдын хүчирхийлэл, дээрэнгүй байдал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн жагсан тэмцэж, АНУ төдийгүй олон оронд жагсаал болсон юм. Хэрэг гарсан Миннеаполис хотын зөвлөлийн гишүүдийн олонхын дэмжлэгээр өчигдөр /2020.6.7/ хотын цагдаагийн газрыг тарааж, Жорж Флойдын үхэлд хүний эрхийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар шийдвэрлэжээ. Жагсагчид Бямба гаригт хотын дарга Жакоб Фрейн гэрийн гадна цагдаагийн газрыг тараахыг шаардан жагссан байв. Өмнө нь 2012 онд Нью-Жерси хотын Камден дахь цагдаагийн газрыг тарааж, бүрэн бүрэлдэхүүнээр нь сэлгэжээ.

АНУ-ын Ардчилсан намаас цагдааг хамгаалах, хүч хэрэглэсэн тохиолдлын үндэсний мэдээллийн сан байгуулах, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг боохыг хориглох зэргийг багтаасан Цагдаагийн ёс зүйн хуулийн төслийг өнөөдөр (2020.6.8) өргөн барьжээ.Шинэ хуулийн төслийг Африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойд цагдаагийн баривчилгааны үеэр нас барснаас орон даяар эсэргүүцлийн жагсаал, бослого гарсантай холбогдуулан боловсруулсан аж.

Хуулийн төслийг санаачлагчдын зүгээс шинэ зохицуулалт нь цагдаагийн албанд бичигдээгүй мөрдөгдөж ирсэн соёлыг өөрчилнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн шинэ хуулиар цагдааг хамгаалахын зэрэгцээ, алба хаагчдаас болж үндсэн хуулийн эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хохирлоо барагдуулахад туслах зорилготой гэнэ.

Улмаар цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд ил тод байдлыг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Үүний тулд “Цагдаагийн хууль бус ажиллагааны үндэсний бүртгэл”-ийн санг бий болгосноор зөрчил гаргасан алба хаагчдыг нэг газраас нөгөөд шилжин шийтгэлээс мултрах, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс сэргийлэх гэнэ. Гэвч Ардчилсан намын энэ хуулийн төслийг Конгресст олонхын суудлыг эзэмшдэг Бүгд найрамдах намынхан дэмжих эсэх нь эргэлзээтэй байна.

Жорж Флойдын үхлийн дараах бослого тэмцэл, улс орны нөхцөл байдал Ардчилсан намд давуу тал олгохыг ажиглагчид дүгнэж байна. Ялангуяа, цагдаагийн байгууллагыг үндсээр нь шинэчилснээр алба хаагчдын хүчирхийлэл, дээрэнгүй үйлдлийг таслан зогсоож чадна гэж мэдэгдсэн Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены талд нөхцөл байдал ашигтайгаар эргэж байна.

Түүнчлэн Жо Байден хэдэн долоо хоногийн өмнө сонгуулийн кампанит ажлын хүрээнд “Хүн бүр үгээ хэл” хэмээн АНУ дахь өнгөт, хар арьстнуудыг үгээ хэлэх нь ямар чухал гэдгийг ухуулж, цагдаа, прокурорын хуулийн системийг өөрчлөх хэрэгтэйг ярьж байв. Улмаар Жо Байдены рейтинг Нэгдсэн улсын Африк гаралтай иргэдийн дунд огцом нэмэгдсэн байна. Гэхдээ Африк гаралтай залуучуудын хувьд Жо Байденаас илүү түүний өрсөлдөгч Берни Сандерсийг илүүтэй дэмжиж байна. АНУ-ын 17 мужид явуулсан судалгаагаар Африк гаралтай иргэдийн дунд Берни Сандерсийн рейтинг 44 хувь, Жо Байденых 38 хувьтай байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Жорж Флойдын үхлийн дараа олон нийтийн эсэргүүцлийн хүчээр дарахыг оролдож, Цагаан ордны гадна иргэдийн эсрэг нулимс асгаруулагч, резинэн сум ашигласан зэрэг нь шүүмжлэл дагуулжээ. Тэрбээр иргэдийнхээ үгийг сонсохын оронд иргэний бослогыг дарахад чиглэгдсэн “Бослогын 1807”-р хуулийг хэрэгжүүлэхээр заналхийлсэн юм. Улмаар ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөхөө зарласан Дональд Трампын рейтинг унав. Жагсагчид өчигдөр (2020.6.7) Манхаттен дахь Дональд Трампын эзэмшлийн Олон улсын зочид буудал, цамхгийн гадна цуглажээ. Тэдний эсрэг цагдаагийн хамгаалалт гарч, шөнө нь тус дүүрэгт хөл хорио тогтоосон байна. Энэ нь Нью-Йорк хотод сүүлийн хэдэн арван жилд шөнийн цагаар хөл хорио тогтоосон анхны тохиолдол болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж