Урин дулаан ирэхээр аялал зугаалга идэвхжиж, хөдөөг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг дагаад машины эрэлт, борлуулалт өсдөг. Гэвч, энэ жил Covid-19-ийн халдвартай холбоотойгоор хил хаагдсан. Тиймээс машины үнэ болон эрэлтэд өөрчлөлт орсон эсэхийг сурвалжиллаа. Жил бүрийн өдийд олны хөлд дарагдаж байдаг “Да хүрээ” зах амралтын өдөр гэхэд /2020.6.8/ эл хуль, машин сонирхож яваа хүн хаа нэг харагдав. Машины ченжүүд /худалдагч/ хэсэг, хэсгээрээ хөзөр тоглож, бөөгнөрч суух нь тус захын борлуулалт ямархуу байгааг олж мэдэхэд амархан байлаа. Ченжүүдээс машины үнэ, борлуулалтыг асуухад ихэнх нь “Зах хүнгүй, худалдан авагчгүй байгаа. Covid-19-өөс хойш ийм байна. Машины үнийн хувьд харьцангуй хямдарсан. Ойролцоогоор 500-700 мянган төгрөгөөр хямдраад байгаа” гэв.
PRIUS-20, PRIUS-30-ЫН ҮНЭ БАРАГ АДИЛ БОЛСОН
Ингээд тэдний нэг худалдагч Ч.Цолмонгоос энэ жилийн хувьд машины эрэлт, борлуулалт, үнэ ямар байгааг тодрууллаа.
-Жил бүрийн өдийд машины эрэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд машины үнэ болон эрэлтэд өөрчлөлт орсон уу?
-Covid-19-ийн халдвараас хойш иргэд машин худалдан авах нь эрс багассан. Өдийд наадмын, аялал зугаалгын улирал эхэлж, машины борлуулалт эрс нэмэгддэг. Covid-19-ийн халдвараас өмнөх үетэй харьцуулахад үнэ нь арай хямдарсан. Энэ нь Японд хэсэг хугацаанд машины үнэ хямдарсантай холбоотой. Тухайн үед хямд авсан машин бусдаас арай хямд үнэтэй зарагдаж байгаа. Харин одоо Японд халдвар багасч, машины үнэ өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор удахгүй, магадгүй сарын дараа машины үнэ өсөх байх. Тиймээс машин сонирхож байгаа хүмүүс яг одоо л машин худалдаж авбал зохимжтой байна.
-Иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг машин яг хэдэн төгрөгөөр хямдраад байна вэ?
-Валютын ханш, тэр дундаа ам.долларын төгрөгтэй харьцах үнэ машины үнэд хэрхэн нөлөөлдөг вэ гэж иргэд их асуудаг. Бид татвар, тээврийг ам.доллароор төлдөг болохоор ам.долларын ханш машины үнэд нөлөөлдөг. Харин ам.долларын ханш өссөн ч энэ удаад Covid-19-ийн халдвартай холбоотойгоор машины үнэ буурч байгаа. Тухайлбал, Prius-20 машин 12-14.5 сая төгрөгийн хооронд байна. Мөн Prius-20, Prius-30-ын үнэ бараг адил болсон. Үүнтэй холбоотойгоор Prius-30 болон hybrid машин сонирхож байна.
–Prius-20, 30-аас өөр ямар машин эрэлттэй байна вэ. Мөн иргэд санхүүгийн чадвар муу байгаатай холбоотойгоор зээл сонирхож байх шиг байна?
-Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор дунд гарын жип буюу Harrier, Kluger сонирхож байгаа боловч эдийн засгийн боломжгүйгээс худалдан авч чадахгүй байна. Иргэд бэлэн мөнгөөр машин авахаа больсон. Бүгд урьдчилгаа 20, 30 хувиа төлөөд банк болон банк бусын лизинг хийх боломжтой юу гэж асууж байна. Дунд гарын жип 20 саяар төгрөгөөс дээш байгаа. Harrier-ийн хувьд 24-36 сая, Kluger 23-28 сая төгрөг гэж байгаа.
БАРАГ ҮНЭ НЬ ӨССӨН БАЙНА
Худалдагчид машины үнийг буурсан гэж байгаа бол машин худалдан авагчид, сонирхогчид “машины үнэ буураагүй байна” гэж байлаа. Харин зарим нь 200-700 мянган төгрөгөөр буурсан байна” гэж байсан юм.
-Hybrid машин сонирхож явна. Үнэ нь Covid-19-ийн халдвар гарахаас өмнөх үетэй яг адил, зарим нь өссөн байна. Одоогоос гурван сарын өмнө Aqua 10 сая гэж байсан бол одоо 11-13 сая төгрөгийн хооронд байна. Гэхдээ энэ машин үйлдвэрлэсэн он болон доторх ангиллаасаа шалтгаалаад үнэ нь өөр байна. Үнэ нь буурч магадгүй болохоор ажиглаж л байя даа.
200-500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРСАН БАЙНА
-Машины үнэ 200-500 мянган төгрөгөөр буурсан байна. Үнэ буурсан байгаа дээр нь гээд Vanette худалдаж авлаа. Үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалаад машины үнэ харилцан адилгүй байгаа ч Covid-19 гарах үеэс харьцангуй буурсан байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ